АНУ-ын зээлжих зэрэглэл ахин буурч магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

АНУ-ын зээлжих зэрэглэл ахин буурч магадгүй

Улс орнуудын Засгийн газар, томоохон банкуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллагын нэг "Fitch" өчигдөр АНУ-ын зээлжих зэрэглэлийг ирэх оны эцэс гэхэд бууруулах магадлал 50-аас илүү хувьтай байгааг анхааруулжээ. "S&P" өнгөрсөн наймдугаар сарын 5-нд тус улсын зээлжих зэрэглэлийн нэг шатлалаар бууруулж (AAA) байсныг  (АА+) болгосон билээ. Хэрэв "Fitch" тус улсын зээлжих зэрэглэлийг бууруулбал дэлхийн эдийн засагт бас нэгэн асуудал үүсэх нь тодорхой байна.

Fitch-ийн мэдэгдэлд АНУ-ын төр засаг энэ жил төсвийн алдагдлаа 1.2 триллион доллараар бууруулах асуудлыг хэлэлцсэн боловч, нэгдсэн шийдэлд хүрч чадаагүйг дурджээ.

Энэ жил тус улсын  төсвийн нийт зарлага 3.818 триллион ам.доллар байсан бөгөөд төсвийн алдагдал нь 1.28 триллион ам.доллар байх тооцоо гараад байгаа юм. Тус улсын Засгийн газрын цахим хуудаст төсвийн алдагдлын хэмжээ ирэх жилүүдэд нэлээд буурах тооцооллуудыг ч тэмдэглэсэн байгаа юм. Гэхдээ Fitch-ийн зөвлөмжид тус улс 2015-2020 оны хооронд төсвийн алдагдлаа дор хаяж 3.5 триллион ам.доллараар бууруулах алхам хийх ёстойг сануулжээ. Тус улсын төсвийн алдагдал ирэх жил 1.1 триллион, цаашлаад 770-650 тэрбум ам.доллар болж буурах төлөвтэй байгаа ч тус улсын Засгийн газрын өрийн хэмжээ 2012-2016 онд 16.6 -20 триллион ам.доллар болж огцом өсөх тооцоо гарчээ.

Хэрэв АНУ "Fitch"-ийн уг зөвлөмжийг хэрэгжүүлбэл Засгийн газрын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хэмжээг 90 хувьд барих боломж бүрдэх ажээ.
Тус улсын ДНБ-ий хэмжээ 2010 оны байдлаар 14.5 триллион ам.долларт хүрээд байсан юм. Энэ жилийн байдлаар, тус улсын Засгийн газрын нийт өрийн хэмжээ 14.6 триллион ам.долларт хүрчээ.

АНУ нь эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд зориулах төсвийг нэмэх алхамаа орлогын татварын хувийг нэмэгдүүлэх эсвэл төсвийн зарлагыг багасгах замаар шийдвэрлэх ёстойг тус байгууллага тэмдэглэжээ.

Ирэх жил АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа төсвийн бодлогод ахиц гарахгүй тохиолдолд зээлжих зэрэглэлийг бууруулах болно гэдгийг "Fitch" мэдэгдэлдээ онцолжээ.

Санхүүгийн судалгааны байгууллагууд ирэх онд АНУ-ын эдийн засгийн өсөлт 2.5-2.6 хувьтай байна гэж тооцоолж байна.

АНУ-ын зээлжих зэрэглэл "Moody" болон "Fitch" бууруулах таамгийг хэвлэлүүд  сар гаруйн өмнө мэдээлж байсан нь ийнхүү зээлжих зэрэглэлийг тодорхойлдог дэлхийн гурван том байгууллагын нэг Fitch-ийн мэдэгдлээр баталгаажлаа.

Одоо АНУ-ын эдийн засгийн нэр хүнд, тогтвортой байдал нь тус улсын төр засаг, Европын холбооны удирдлага хэр зөв алхам хийхээс шалтгаална.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж