Иргэний агаарын тээврийн салбар шинэ замаар явж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Иргэний агаарын тээврийн салбар шинэ замаар явж байна

-С.Мөнхсүх: Манай улсын иргэний агаарын тээврийн салбар
             цоо шинэ замаар явж байна-

Өдгөө орон нутгийн нислэгийн 70 хувийг бүрдүүлдэг “Изинис Эйрвэйз” компани  үүсэн байгуулагдаж, анхны хуваарьт нислэгээ хийсэн 2006 оны арванхоёрдугаар сарын 06-ны  өдрөөс хойш   таван жил өнгөрчээ. Энэ хугацаанд 15,450 гаруй удаагийн нислэг үйлдэж, 343 мянга орчим зорчигчийг зорьсон газарт нь тээвэрлээд байна.  Тус компанийн Ерөнхий захирал С.Мөнхсүхтэй ярилцлаа.

Та “Изинис Эйрвэйз” ХХК-ийн Ерөнхий захирлын албыг аваад жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд мэдээж танай компанид олон дэвшилттэй алхам хийгдсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ таны өөрийн дүгнэлтийг он солигдох энэ үед сонсоё?

Ерөнхий захирлаар томилогдохоос өмнө би “Изинис Эйрвэйз”-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. Энэ утгаараа компанийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Гэхдээ захирлын ажлыг аваад илүү тодорхой даалгавар хүлээж авсан. Тухайн үед ажилчдадаа хандаж үндсэн  гурван зүйл амласан юм.  Нэгдүгээрт, компанийн зах зээл дээрх байр суурийг улам бэхжүүлэн, нэмэгдүүлэхийг зорьж ажилласан. Зорчигч үйлчлүүлэгчид болон харилцагч компаниудын маань зүгээс том онгоц оруулж ирээч гэсэн хүсэлтийг бидэнд тавьж ирсэн.

Энэ асуудал багагүй хугацаанд яригдсаны эцэст бид энэ зун Англид үйлдвэрлэсэн, 93 хүний суудалтай, 4000 километрийн зайд буулт хийлгүйгээр алс нисэх боломжтой, дундын зайн тийрэлтэт хөдөлгүүр бүхий Авро Ар-Жэй-85 маягийн хоёр онгоц оруулж ирлээ.  Одоо эдгээр онгоцоор Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд болон Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу хуваарьт нислэг, Овоот толгой уурхай руу тогтмол захиалгат нислэг үйлдэж байна.

Хоёр дахь амлалт гэвэл, ангар буюу онгоцны засвар техникийн үйлчилгээний төв барьж байгуулах ажил юм. Одоогийн байдлаар ангарын байгууламжийн барилга угсралтын ажил явагдаж байгаа бөгөөд 2012 оны эхний улиралд багтан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бид энэ ажилд ихээхэн хүч хөдөлмөр зарцуулж байгаа. Иймдээ ч маш сайн ангар болно гэдэгт итгэлтэй байна.

Гурав дахь амлалтын тухайд  манай компани уул уурхайн захиалгат нислэгүүдийг баруун аймгууд болон стратегийн ач холбогдолтой хэд хэдэн чиглэлд хийснээр зах зээлийн байр сууриа бат бэх болгоно гэсэн зорилт тавьсан. Энэ ажил тодорхой хэмжээгээр эхэлсэн. Одоогийн байдлаар уул уурхайн агаарын тээврийн зах зээлийн 60-70 хувийг манай компани бүрдүүлж байна.

Компанийн ирээдүйн чиглэлийг тодорхойлохоос гадна ерөнхийдөө үйл ажиллагаатай холбоотой санаа оноог Ерөнхий захирлын хувьд гаргадаг. Энэ дашрамд дурьдахад, компанийн эрхэм зорилго, стратеги болон үнэт зүйлсийг шинэчлэн боловсруулж, бүтэц зохион байгуулалтаа шинээр тогтоож, удирдлагын багаа бүрдүүлээд байна. Миний удирдлагад ажиллаж байгаа зургаан дэд захирлын гурав нь сүүлийн нэг жилд орж ирсэн хүмүүс.

“Изинис”-ийн ажилчид маань шинэ зорилгодоо хүрэхийн тулд идэвхтэй ажиллаж байгааг онцлох хэрэгтэй. Агаарын тээврийн компани бол цэвэр багийн тоглолт шаарддаг. Багаараа системтэй, жигд хөдөлж байж амжилт гаргана. Би хамт олноороо бахархдаг. Нэг зүйлийг онцолж хэлэхэд “Изинис Эйрвэйз” компанид өөрийгөө түрүүлж тавьдаг хүн байхгүй. Компаниа яаж хөгжүүлэх вэ, үйлчлүүлэгчдэд хэрхэн сайн үйлчилгээ үзүүлэх вэ гэсэн сэтгэлээр ажилладаг хамт олон.

Орон нутгийн агаарын тээврийн компаниуд Монголд тун цөөхөн хэрнээ өрсөлдөөн ихтэй нь анзаарагддаг. Энэ нь салбарыг хөгжлийг түргэтгэх бодитой нөлөөлөл байж чадах уу?     

Иргэний агаарын тээврийн салбарт маш нарийн зохицуулалттай өрсөлдөөн байх хэрэгтэй.    Агаарын тээвэрлэгч нь хүний амь нас, аюулгүй байдалтай холбогддог учраас өөрөө маш өндөр хариуцлагатай үүрэг хүлээдэг.  Иймээс  компаниудын хоорондох өрсөлдөөнийг зөвөөр зохицуулах шаардлагатай. Зах зээл дээр гэнэт ширүүн өрсөлдөөн үүссэнээр компаниуд өндөр алдагдалтай ажиллах юм бол өөртөө хөрөнгө оруулалт хийх боломжгүй болж, энэ нь сүүлдээ дампууралд хүргэнэ. Дампууралд ойрхон байгаа авиакомпанийн аюулгүй байдал хамгийн түрүүнд муудаж эхэлнэ. Мэдээж өрсөлдөөнгүй салбар гэж юу байх вэ, монополь тогтоох нь ч бас буруу. Гэхдээ төрөөс энэ салбарын өрсөлдөөнд тодорхой хэмжээний хяналт тавихгүй бол хэт өрсөлдөөн салбараа мохоох аюултай.  Ийм мохсон салбарыг хөрөнгө оруулагчид сонирхохоо больдог. Иргэний агаарын тээвэр бол манай улсын хувьд маш чухал, стратегийн ач холбогдолтой салбар шүү дээ.

Дэлхийн жишигтэй харьцуулж үзэхэд манай иргэний агаарын тээврийн хөгжил хаахна яваа бол?  Мэдээж  танай компанийн хувьд ч олон улсын стандартыг хангаж ажиллахыг чухалчилдаг байх?

Дэлхийн дундажтай харьцуулбал манай агаарын тээврийн салбарын өсөлтийн хурд нь илүү өндөр байгаа. Гэхдээ барууны өндөр хөгжсөн орнуудын дэргэд хоцролттой. МИАТ компани 1980-аад оны сүүл хүртэл нэлээд хөгжиж байсан ч эдийн засгийн хямралд орж,  дотоодын агаарын тээврийн салбар бүхэлдээ унасан юм.  Орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээнд 80-аад онгоц ашиглагдаж, ойролцоогоор 800 мянган зорчигч тээвэрлэдэг байсан гэсэн тоо баримт бий. Харин 2010 оны байдлаар орон нутгийн нислэгийн үйлчилгээнд долоон онгоц нисч, 150 мянган зорчигч үйлчлүүлсэн байна.
 
МИАТ компани одоо л гайгүй болж байна. Дотоодын нислэгийн компаниуд ч хөл дээрээ дөнгөж босч байна. Иргэний агаарын тээврийн салбарыг хэдхэн сарын дотор хөгжүүлчихдэг юм биш. Хүний нөөц, боловсон хүчний бэлтгэл гэх зэргээр бүх системийн өөрчлөлт хийхэд маш их цаг хугацаа шаарддаг.

Манай улсын иргэний агаарын тээврийн салбар цоо шинэ замаар явж эхэлсэн. Хурдтай хөгжиж байгаа ч бидэнд хийх зүйл асар их байна.

Эдийн засгийн өсөлт, агаарын тээврийн хөгжил хоорондоо уялдаа холбоотой. Дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хувиар өсөхөд агаарын тээврийн урсгал хоёр хувиар өсдөг гэх статистик бий.  Тэгвэл ирэх таван жилд манай улсын ДНБ гурав дахин өсөх төлөвтэй. Энэ тоонд үндэслэн агаарын тээвэр энэ хугацаанд зургаа дахин нэмэгдэнэ гэсэн өөдрөг төсөөлөл байна.

Танай компани “Олон улсын нислэ¬гийн аюулгүй ажиллагааны стандартыг хангасан тээвэрлэгч болно. Төв болон Зүүн Азийн агаарын тээврийн томоохон оролцогч болно гэсэн том зорилтуудыг өмнөө тавьжээ. Үүнийг олон улс руу гарц нээх гэсэн эрмэлзэл гэж хэлж болох уу?

Төв болон Зүүн Азийн агаарын тээврийн оролцогч болох нь манай хамт олны ирэх таван жилийн гол зорилт.  Энэхүү зорилтыг бодит байдал болгон хэрэгжүүлэхийн тулд IATA буюу Олон улсын иргэний агаарын тээврийн холбооны гишүүн болох нь нэн чухал юм. ИАТА-гийн гишүүн болохын тулд тус байгууллагаас хийдэг IOSA буюу Аюулгүй ажиллагааны гэрчилгээжих аудит шалгалтыг амжилттай давсан байх ёстой. Энэ шалгалт аудит нь маш олон үе шат бүхий нарийн процесстой байдаг.  Бид ирэх оны эхний улиралд багтан IOSA шалгалтыг өгч гэрчилгээжих төлөвлөгөөтэй байгаа. Үндэсний агаарын тээврийн компани олон улсын чанарын шаардлагыг ийнхүү хангаснаар дотоодын зорчигч нартаа илүү их итгэл найдвар төрүүлнэ.

Манай  компани олон улсын нислэгүүд хийх бүрэн боломжтой, чадвартай. Дээр дурьдсанчлан төр засгийн зүгээс нислэгийн томилгоо олгож биднийг дэмжмээр байна.  Бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаагаа тэлэх ажлын төлөвлөгөөнд олон улсын томилгоо маш чухал байдаг.

Дотоодын агаарын тээврийн хөгжилд өнөөдөр бодитой саад бэрхшээл учруулж байгаа зүйл юу вэ?

Манай орны агаарын тээврийн салбарт газар зүй, хүн амын тархацын онцлогоос шалтгаалсан  хүндрэл бэрхшээл их байдаг.  Бидэнд тулгарч байгаа хамгийн хүнд асуудал  бол түлшний үнэ.  Нэг тонн түлшний үнэ Улаанбаатар хотод 1500 ам.доллар гарсан байхад баруун аймгуудад 1800 ам.доллар хүрсэн. Гэтэл Хятад, Орост нэг тонн түлш 1000 ам.долларын үнэтэй.

Өөр нэг бэрхшээл нь агаарын тээврийн газрын дэд бүтцийн хөгжил юм. Орон нутгийн онгоцны буудлууд сайжирч байгаа ч агаарын тээвэрлэгч компаниудаасаа түрүүлж хөгжихгүй байна.  Үүнээс гадна өөр нэг том асуудал нь хүний нөөцийн хомсдол. Тийм учраас бид хүмүүсээ сургах, дадлагажуулах зэрэгт асар их хөрөнгө оруулалт хийж байна. 1990-ээд оноос хойш агаарын тээврийн салбарын нисгэгч нарыг улсаас бодлогоор сургахаа больчихсон. 2007 оноос дахин сургалт эхэлсэн ч энэ хоёрын хооронд маш том вакум үүсчихсэн байгаа.  

Бэрхшээлийн тухайд ийм байна. Тэгвэл Та салбарын  нааштай, эерэг талуудаас онцолж дурдана уу?

Манай улс том  газар нутагтай хэрнээ газрын дэд бүтэц, төмөр зам, авто зам сул хөгжсөн. Энэ нь алс хол газар онгоцоор явахаас аргагүйд хүргэдэг. Баруун Европт бол агаарын тээврийн компаниуд галт тэрэг, автомашины тээвэртэй өрсөлддөг байна.

Харин Монголд уул уурхайн салбарын хөгжил агаарын тээвэрт боломж нээж өгч байгаа. “Изинис Эйрвэйз”-ийн орлогын 50 хувийг уул уурхайн тээвэрлэлт эзэлдэг. Чухамдаа энэ боломжид тулгуурлаад орон нутгийн хуваарьт нислэгүүд олноор бий болж эхэлж байна. Илүү олон суудлын багтаамжтай, тийрэлтэт хөдөлгүүртэй онгоц Монголд оруулж ирсэн нь  үүний нэг тод жишээ.

Түрүүн та агаарын тээврийн салбарт боловсон хүчний системтэйгээр бэлтгэхэд их цаг хугацаа зарцуулдаг гэж хэлж байсан. Танай компани үүнд хэр анхаарч ажиллаж байна вэ?

Японы АНА компаниас ажилтан авч ажиллуулах, монгол ажилтнуудаа АНА-гийн үндсэн ажилтнаар тодорхой хугацаанд сургах зэргээр ажиллаж байна. Мөн Германы Люфтанза Техник компанийн инженер манай компанид томилогдон ажиллаж байгаа.  Хамгийн гол нь монгол инженерүүдийг сургаж дадлагашуулах. Хүний нөөцийн капитал бий болгож байгаа хэлбэр юм даа.

Иргэний агаарын тээврийн салбар өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад манай нислэгийн тариф өндөр гэж ярьдаг. Энэ талаар Та ямар бодолтой байна вэ?

Хүн ам олонтой  орнуудын хувьд агаарын тээврийн зорчигчдын урсгал их. Өөрөөр хэлбэл,   том онгоцоор нислэг үйлдэхэд нэг суудалд ногдох зардал доогуур байдаг. Энэ нь хямд зардлаар үйлчлэх боломж олгодог. Гэтэл манай улсад энэ жишиг эсрэгээрээ. Зорчигчид цөөхөн бөгөөд жижиг онгоцоор хол зайд нисдэгтэй холбоотой болов уу. 

Цаашдаа орон нутгийн нислэгийн зах зээл дээр олон хүний суудалтай онгоцуудыг ашиглалтад оруулах, өндөр давтамж бүхий нислэг үйлдэж байж тийзний үнэ буурна. Монгол алслагдсан орон учраас онгоцны сэлбэг хэрэгсэл оруулж ирэхэд нэмэгдэл зардал их гардаг. Түүнчлэн онгоцны түлшний өндөр үнэ нислэгийн зардалд нөлөөлнө. Энэ бүхэн нислэгийн тийзний үнэ өндөр байхад хүргэдэг. Тийзний үнийг бууруулах шиг амархан зүйл байхгүй. Тэглээ гэхэд бид өөрсдийгөө санхүүжүүлж чадахгүй. Бид аль болох чанартай үйлчилгээг хүмүүст хүргэхийг эрмэлздэг. Чанартай үйлчилгээ, нислэгийн аюулгүй байдлыг бид ямагт эн тэргүүнд тавьж ажилладаг.

Зорчигч нартаа хандсан ямар үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна вэ?

Агаарын тээвэрлэлтэд аль болох амар хялбар бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгохыг зорьж байна.  Булган-Улаанбаатарын хооронд 35-40 минут нисчихдэг байвал хичнээн амар вэ. Ийм болгохын тулд бид Онгоцны буудлуудын удирдлага, Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтарч алс хэтийн зорилгоо тодорхойлон ажиллаж байгаа.   

Изинис интернэтээр борлуулалтаа хийгээд жил хагас болж байна. Удахгүй бид Мобикомын салбаруудад тулгуурлаад сум, аймаг болгонд тийз борлуулах боломжийг судалж байна. Ирээдүйд олон улсын нислэгийн чиглэлүүдээ нэмэгдүүлж, олон улс болон орон нутгийн нислэгүүдийн хооронд холбогдох боломжийг маш сайн хангаж өгөх болно. Тухайлбал, Токиогоос Улаанбаатарт нисч ирэнгүүтээ, 30-хан минутын дараа Даланзадгад руу нисдэг байх хэрэгтэй.   

Энэ дашрамд дурьдахад, Авро Ар-Жэй-85 онгоцыг орон нутгийн үйлчилгээнд ашиглаж эхэлснээр нислэгийн үеэр зорчигч үйлчлүүлэгч нартаа халуун хоолоор үйлчлэх боломжтой болсон. Өвлийн хүйтэн цагт хуваарьт болон уул уурхайн захиалгат нислэгт халуун хоолоор үйлчилж байгаад зорчигчид маань ихээхэн таашааж хүлээж авч байгаа. Уул уурхайн захиалгат нислэгүүд ихэвчлэн өглөө эрт нисдэг бөгөөд уурхайн ажилтан нислэгээс шууд ажилдаа гардаг. Ажилдаа явж байгаа зорчигч халуун хоол, сэндвич идчихээд   ажилдаа явахдаа сэтгэл хангалуун байдаг.

“Изинис Эйрвэйз” компанийн хувьд 2011 он амжилтаар дүүрэн байлаа. 2012 онд хүрэх үр дүнгээ хэдийнэ тодорхойлсон биз ээ?

Эн тэргүүнд Олон улсын иргэний агаарын тээврийн холбоонд гишүүнээр элсэх ажилд анхаарч ажиллана. Мөн ангараа ашиглалтад оруулах, хоёроос гурван онгоц нэмж оруулж ирэх, шинэ чиглэлд нислэг эхлүүлэх болон одоо нисч буй чиглэлүүддээ нислэгийн давтамжаа нэмэх зэрэг олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа.  Тухайлбал, Хятад, Казахстан улсууд руу нислэг хийх сонирхолтой байна.  

Таныг АНУ-ын  Citco Group компанийн Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гэж сонссон.  Нэр хүндтэй том байгууллагын менежмэнтээс суралцаж, туршлага хуримтлуулсан байх?

Миний өмнө хийж байсан ажил бол мөн маш өндөр хариуцлагатай, санхүүгийн ажил байсан. Өрсөлдөөн ихтэй тул багийн тоглолтыг сайн хийх зайлшгүй шаардлагатай. Ер нь аливаа ажлыг амжилттай хийе гэвэл багаа сайн бүрдүүлэх ёстой гэж ойлгодог. Зөв сэтгэлтэй хүмүүсийг таньж мэдээд, тэдэнд чөлөөтэй ажиллах боломж олгох нь удирдлагын том үүрэг.     

Ярилцсан Г.Идэрхангай              

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж