Морьт хороонд байлдааны туг гардуулав

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Морьт хороонд байлдааны туг гардуулав

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100
жилийн ойг тэмдэглэж буй эл цаг дор “Монгол минь, дээд тэнгэрээс заяат
хувь төгөлдөр ард түмэн юм” гэх омогорхог бодол хэн хүнд төрж байгаа биз
ээ. Эрх чөлөөний үр жимсийг монгол даяараа амтлаад үндсэндээ 20
гаруйхан жил болж байна. Алив нэгэн улс гүрнээс хамааралгүй аж төрнө
гэдэг Монголын ард түмэнд асар их золиос, түүхэн эмгэнэлээр олдсон хувь
тавилан юм. “Чингэс хаан” олон улсын нисэх буудлаас нисдэг тэрэгэнд суун
Улаанбаатарынхаа баагилтан сааралтах утаан гивлүүрээс сугарч, үүлсийн
дээр ургах нарны туяаг угтан Хан Хэнтийн уулсын оргил дээгүүр аялж
явахад ийн бодогдох аж. Модтой, цастай, уултай, сарьдагтай Монгол минь
уудам баян нутаг юм. Нисдэг тэрэгний бяцхан цонхоор ус нутгаа тольдон
яваа хэн бүхэнд ийм бодол төрсөн байх гэж таамаглаж байна. Моддын
завсраар үргэсэн тураг гөрөөснүүд туяхан хөлөө өндөрт өргөн харайлгах,
үнэг чоно сандран давхих, өвөлжөөний айлуудын суунаг утаа мөнгөн зүүнд
сүвлэсэн хөх учиг шиг харагдах нь Монголын өвлийн нэгэн сайхан өглөөний
чимэг гэлтэй. Ийм сайхан орныг бидэнд үлдээх гэж амь насаараа дэнчин
тавьж, амьдрал тэмцлээрээ гайхамшигт агшныг бэлэглэсэн өвөг дээдэстээ
залбирмуу.

“Чингэс хаан” нисэх буудлаас үүр хяраалахуй хөөрсөн бидний унаа хоёр цаг
гаруй нисээд Чингэс хааны мэндэлсэн Дэлүүн болдгийн саахалт, Хэнтий
аймгийн Дадал сумын төвд газардав. Сумын төвийн зүүн урд гуравхан км-ын
цаахна Гурван нуурын амралтын газар бий бөгөөд энд Их Монгол Улсын
загалмайлсан эцэг Тэмүжиний цагаан гантиган гэрэлт хөшөө даруухан
сүндэрлэн байдаг бүлгээ. Эл хөшөөг их хааны мэндэлсний 800 жилийн ойгоор
1962 онд босгосон түүхтэй. Хоёр зуун илүүтэй Манжийн талхинд зүдсэн
монгол түмэн 1911 онд үндэсний эрх чөлөөгөө олж авсан ч харамсалтай нь
хойд их хөршийнхөө улс төрийн дарамт шахалтанд орж, удам угсаагаараа
бахархах нь байтугай өндөр өвгөдийнхөө нэрийг ч дурдах оюун санааны эрх
чөлөө хаагдмал байсан нь гашуун үнэн. Эзэн Чингэс хааны 800 жилийн ойг
тэмдэглэх комиссын дарга Төмөр-Очирыг МАХН-аас “эсэргүүн” хэмээн
цээрлүүлж, нутаг заан цөлж, эрх чөлөөг нь боогдуулсаар хожим улс төрийн
аллагаар үгүй хийсэн байдаг. Хэцүү бэрх цагт босгосон Чингэс хааны
даруухан эл хөшөөг устгах тухай ЗХУКН-ын тогтоол гарч, удаа дараа
шаардаж байсан боловч нутгийн зон олон “хөшөөг нураасан” хэмээн мэдэн
будилж, бүрэн бүтэн авч үлдсэн байдаг. Харь засаглалын цаазанд өртсөн ч
элгэн түмнийхээ сэтгэлийн дэмээр элтрэхийн зовлон үзээгүй их хааны
хөшөөг цагийн салхи элээх болсон тул Батлан хамгаалах яам 100 жилийн
ажлынхаа хүрээнд их засвар хийжээ.

Хөшөөг засварласнаа Дадал сумынханд хүлээлгэж өгөхөөр УИХ, Засгийн
газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, УИХ-ын гишүүн, Монгол
Улсын баатар Э.Бат-Үүл, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав,
БХЯ-ны Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал
Д.Баярсайхан, ЗХЖШ-ын Цэргийн хангалт үйлчилгээний газрын дарга,
бригадын генерал Д.Даваа нарын төлөөлөгчид хүрэлцэн очсон юм. Дадал
суманд байдаг Хилийн цэргийн …дугаар ангийн бие бүрэлдэхүүн, үлээвэр
найрал хөгжмийн хэсэгтэйгээ төрийн төлөөлөгчдийг их хааны хөшөөний
дэргэд угтаж авч байна. Хөшөө энд тэндээсээ элтэрч эмтэрсэн байсныг
Зэвсэгт хүчний 017 дугаар ангиас томилогдсон хурандаа Т.Ренчиндэндэв
тэргүүтэй албан хаагчид дотоод төсөв хөрөнгөөрөө боломжийн сайхан
янзалж. Хойшид эл түүхэн хөшөөгөө түшиглэн хойч үеийнхэнд эх оронч
сэтгэлгээ төрүүлж байх түүхэн цогцолбор болговол зохилтой талаар
албаныхан ярьж байна. Төр засагт ч энэ санаагаа уламжлах юм байх. Ийм л
шийдэлд хүрэхгүй бол эзэн богд Чингэс хааны дурсгалд зориулсан эл хөшөө
цаанаа л нэг эзгүйдэх шинжтэй. Учир юун гэвэл Дадал сумын нутгийн
удирдлагууд хөшөөг зүгээр л нэг чулуу гэж үздэг улс бололтой. Орон
нутагт нь байгаа түүхийн дурсгалыг засаж янзлаад өгч байхад сумын Засаг
ноён тоосон ч шинжгүй сууж байгаа нь намын харъяаллаар ажил боодог
“манкурт” даргын нэгэн жишээ болов. Их хааны төрсөн голомтыг “эх оронч
бус” сэтгэлгээтнүүд сахин суудаг нь юутай харамсалтай билээ.

БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд Дадалаас Өндөрхаан хотыг зорьсон юм. Модернист
найрагч Б.Галсансүхийн хувь заяагаар мэндэлсэн “Шарльвиль” болох
Өндөрхаанд Хэрлэн голын жавар тачигнаж байна. Аймгийн нутгийн удирдлагын
ордны өмнөх талбайд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн офицер, байлдагчид
болон орон нутгийн хүчний байгууллага, цагдаа, онцгойгийнон бүрэн
бүрэлдэхүүнээрээ жагссан сүрлэг харагдана. Батлан хамгаалахын сайд 2011
он дөнгөж гарахад Баян-Өлгий аймагт УИХ-ын гишүүдийн хамт зочилж шинээр
байгуулагдсан барила инженерийн ангийн байлдааны тугийг гардуулж байсан.
Тэгвэл энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар
байгуулсан төрийн торгон сүргийг адуулагч морьт хорооны байлдааны тугийг
гардуулахаар зорьж очсон нь энэ аж. Дэлгэрхаан суман дахь Зэвсэгт
хүчний 232 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Ганбаатар ангийнхаа тугийг
гардан аваад өвөг дээдсээс уламжит морьт тусгай дивизионыг байгуулж
буйд талархлаа дэвшүүлэв. Монгол цэрэг, монгол их гүрний байлдан
дагуулалт монгол морьтой салшгүй холбоотой болохоор Монгол Улсын зэвсэгт
хүчин морьт нэг хороотой байх нь бэлгэдэл талаасаа ч, бодит утгаараа ч
гайхамшигтай үйл явдал юм. Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Лхагвасүрэн,
Засаг дарга Ч.Эрдэнэбаатар нар их хааны уугуул нутагт морьт хороо
байгуулж, ангийн тугийг гардуулж өгч байгаад талархаж тус хороонд 17
сум, хоёр хотынхоо тоогоор 19 морь бэлэглэх шийдвэрийг нутгийн зон
олныхоо өмнөөс гаргажээ. Ерөнхийлөгчийн шийдвэрээр морьт хороо байгуулах
тухай яриа гарахад Дэлгэрхаан сумын нэгэн эмээ өөрийн биеэр ангийн
удирдлагад хурдан угшлын сайхан морь авчирч өгчээ. Тус нутгаас ардын
журамт цэргийн домогт хороон дарга, партизан Б.Пунцаг, ардын хувьсгалын
анхны долоогийн Лосол, Догсом, Монгол Улсын ууган баатар Ш.Гонгор, отгон
баатар Эрдэнийн Бат-Үүл, бригадын генерал Л.Онцгойбаяр нарын эх орончид
төрсөнд сэтгэл омголон явдгаа “Хан Хэнтий” чуулгад болсон баярын хурлын
үеэр олон хүн илэрхийлж байсан. Засаг дарга Ч.Эрдэнэбаатар “Төрийн яам
агентлегийг улсын нийслэлээс ангид газар байршуулах тухай сүүлийн үед их
яригдах болсон. Төр засгийн бодлогын түвшинд ийм зүйл албан ёсоор
хэлэлцэгдэх бол Хэрлэнгийн Хөдөө аралд хоёр дахь нийслэлийг байгуулах
саналыг минь дэмжээрэй. Яагаад гэвэл энэ нутаг Монголын алтан ургийн
хаадын гал голомт, төв нийслэл байсан юм шүү” гэж итгэл төгс ярьж
байсан. Улсын баатар Э.Бат-Үүлийн хувьд Монгол Улсын тусгаар тогтнол,
Зэвсэгт хүчний шинэчлэлд хувь нэмрээ оруулж явааг нутгийн зон олон нь
талархалтай явдаг юм байна. Эрхэм гишүүний санаачилсан “Нийтээр
тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт
оруулах тухай” хууль батлагдаж, Монгол цэргийн өдрийг тэмдэглэх болсноор
эрэмгий дайчин уламжлалт монгол цэргийн яруу алдарт түүх наад зах нь
хоёр мянганаар урагшлаад байгаа билээ.
Батлан хамгаалах салбарын удирдлагууд даваа гарагт Хэнтий аймагт
ажиллаад нийслэл хотноо хоноглоод 12 дугаар сарын 20-ны мягмар гарагт
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотыг зорьсон билээ. Баруун-Уртын нисэх
буудалд буухад 29 хэмийн хүйтэн угтан авав. Жанжин Д.Сүхбаатарын талбайд
жавар тачигнаж байсан ч Зэвсэгт хүчний 338 дугаар ангид байлдааны туг
гардуулах ёслолын жагсаалыг үзэж сонирхохоор нутгийнхан олноор хүрэлцэн
ирсэн байлаа. Модод цэцэглэх тавдугаар сард хэдэн майхантай Баруун-Уртыг
зорьсон барилгын инженерийн ангийнхан маань хэдийнэ өвөлжилтийн
бэлтгэлээ хангачихсан, ирэх жилээс улс орныхоо бүтээн байгуулалтад
оролцоно гэсэн өөдрөг эрмэлзлээр хүндэт зочдоо угтаж байна. Афганистаны
Кабул хот дахь олон үндэстний “Эггерс” баазын бүтээн байгуулалтад гар
бие оролцсон хурандаа Насанжаргал байлдааны тугаа хүлээн авч буй шинэ
тулгар эл ангийн захирагчаар ажиллаж байгаа нь сайшаалтай санагдав. Эх
орноо батлан хамгаалах үйл хэрэгт 338 дугаар ангийнхан хүчин зүтгэхээс
гадна хязгаар нутаг Сүхбаатар аймгийн хөгжил дэвшилд оруулах хувь нэмэр
бодитой гэдэг нь өнгөрсөн хагас жил хүрэхгүй хугацааны ажил үйлс нь
гэрчилж байна. Монголд минь гаднын хөрөнгө оруулалт, гадаадын ажиллах
хүчин орон зайгаа тэлэх ёсгүйг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр
байгуулагдсан барилга инженерийн энэ ангийн жишээн дээрээс харж болох
биз ээ.

Цэргийн хүний ёсоор эх орныхоо даалгаврыг хүлээсэн 338-ынхан зун, намрын
өдрүүдийг хий дэмий үрэлгүй, Баруун-Урт хотын захад эзэнгүй орхигдон
балгас болсон үйлдвэрийн обьектыг авч, эдүгээ цэргийн ангий товхийтол
төвхнүүлээд амжжээ. Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь “Манай
нутагт Барилгын цэргийн анги байгуулах болсон шийдвэрийг бид туйлын
баяртайгаар хүлээн авсан. Өнгөрөгч хавар хэдхэн майхантай улс ирэхэд нь
эд маань яаж төвхнөнө дөө л гэж бодож байсан. Цэргийн улс гэдэг үнэхээр
тэсвэр тэвчээртэй байдаг юм байна” гэж бахархан ярьж байсан. 338-ынхан
цэргийн албан хаагчийн 180 айлын орон сууцаа барьж эхлээд, 33 айл нь
байрандаа орчихсон, хугацаат цэргүүд нь казармынхаа шалыг нүүр харагдтал
өнгөлчихсөн, тохилог дулаан аж төрж байгаатай БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд
танилцав. Тус ангийн холбооны ахлагч С.Алтанзул л гэхэд албан тушаалын
нэг өрөө байрандаа ээжтэйгээ тохьтой амьдарч байна. Цэргийн байрны
гадаах хаалганы цан хүүрэг цохьсон ханан дээд зүрх зурчихсан, англиар
“хайртай” гэдэг үг биччихсэн ч байх шиг. Аргагүй л халуун залуу насны
ааг иртэй байдал тэнд ажиглагдаж байна. БХЯ, Сүхбаатар аймгийн Засаг
даргын тамгын газартай хамтран “Халхын голын цэцэрлэгт хүрээлэн” хөшөөт
цогцолбор байгуулж байгаа аж. Энэ цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьсан
нь хожмын өдөр сүхбаатарчуудын амралт чөлөөт цагаа өнгөрөөх сэлүүхэн
газрын нэг болох төлөв харагдав. Барилгын цэргийн анги орон нутагт
байгуулагдсанаар орон нутагт ажлын байр олноор бий болох, хөрөнгө
оруулалт нэмэгдэх олон талын үр ашгийг авчирдгийг Баян-Өлгий,
Баянхонгор, Сүхбаатар аймгуудад байгуулсан барилга-инженерийн ангиудын
үйл ажиллагаа илэрхийлнэ. Монгол Улсын батлан хамгаалах салбарын хөгжил
дэвшилд Батлан хамгаалахын сайд Л.Болдын зэвсэгт хүчний шинэчлэлийг
шийдвэрлэх, чадавхийг сайжруулах гэдэг “томъёолол”-ын гол мөн чанар
ихээхэн үүрэг гүйцэтгэх нь тодорхой юм. БХЯ, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн
Монгол цэргийн түүхэн уламжлалыг хадгалсан морьт хороо, бүтээн
байгуулагч барилга инженерийн ангид Монгол цэргийн сүлд хийморь болсон
байлдааны тугийг шинэ оны өмнөхөн хүлээлгэн өгсөн нь 100 жилийнхээ ойд
барьсан ажил амжилтын бэлэг буюу.

     Л.БАТЦЭНГЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж