Энэ оны хувьд зээл олголтын эрхийг сум бүр эдэлсэн. Түүнчлэн, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, сум хөгжүүлэх сан бий болж, тус бүр 50-60 сая төгрөгийг сумынхан өөрсдөө хуваарилсан аж. Бөмбөгөр сум л гэхэд нийт 13 төслийг дэмжин, үр дүнд нь 47 хүн ажлын байртай болсон. Иргэд нь газар тариалан эрхлэх, эрчимжсэн мал аж ахуйтай болох, ахуйн үйлчилгээний газар байгуулах, гутал засварын ажил эрхлэх, талх нарийн боов хийх зэрэг төслүүд ирүүлснийг сумын зээл олгох ажлын хэсгээрээ хуралдаад дэмжжээ. “Дулаан цэнхэр” хоршоо талх, нарийн боов үйлдвэрлэх төслийн зээлийн санхүүжилтээр тоног төхөөрөмж худалдан авч үйдвэрлэл явуулж эхэлжээ. Мөн Хүрээмарал суманд хөгжлийн бэрхшээлтэй хүүтэйгээ хамтраад дугуй засвар ажиллуулж, амьжиргаанхаа орлогыг олчихдог айл ч байна. Сум хөгжүүлэх сангаас 1,1 сая төгрөгийн зээл аваад жижгэвтэр тохилог модон байшиндаа машины дугуй засах төхөөрөмжтэй болсон аав хүү хоёр ажлаа өргөжүүлж тос, тосолгооны материал, сэлбэг хэрэгсэл зардаг болохыг төлөвлөж байгаа ажээ.
Хэрчсэн гурилын цех тогтвортой ажиллаж удахгүй хөлдөөсөн бууз, банш хийн худалдаанд гаргах гэж байгааг, эгч дүү хоёр бүсгүй үндэсний хувцас захиалгаар сумынхаа хэрэгцээг хангахын зэрэгцээ гурван хүнийг оёдолчноор ажиллуулж байгааг зэргээр жижиг дунд үлйдвэр хүрээгээ тэлэн хөгжсөөр байна.