Нүүрсний үнэ өсч байна

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Нүүрсний үнэ өсч байна

Гурван настай хүүхдийн цамц, өмднөөс ч жижигхэн ногоон уут өглөө ажилдаа ирэхэд ширээн дээр угтав. Гайхсан ч нүднээ танил уутыг хэн тавьсан болохыг хэсэг харав. Хажууд нь хэд гурван хуудас захидал бичжээ.

Хэн хүнд гаргацгүй байх вий гэснээс ч тэр үү ерөөс бичье гэж бичсэнээс ч тэр юм уу нэлээд том том үсэгтэй өгүүлбэр тэрхэн хуудсуудад зурайна. Нүдээр гүйлгэн уншвал санаа нь тодорхой. Хажууд нь байх уутнаас захидалд юу гэж бичсэнийг ч тааж болохоор аж. Юутай ч манай сонины редакци болон эрхлэгч, сэтгүүлчдийн амар мэндийг мэдсэн өгүүлбэрээр захидлаа эхлүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн V хорооны иргэн өндөр настан А.Зундуйхүүгээс хэмээн захидал үргэлжилнэ. Тэрбээр Мянганы сорилтын сангийн "Цэвэр-Агаар" төсөлд дүүрэг нь хамрагдаж хүчээр шахуу гал голомтоо хураалгасан ч өнөөх шахмал түлш, утаагүй Зуух нь төслийн багийнхны Хэлсэнчлэн гоц гойд үр дүн үзүүлэхгүй байгааг шүүмжилжээ.

Мөн "Өлзий", "Хас", "Дөл" зуухууд утаа гаргаж байгаагаас гадна түлээ нүүрсний хэмнэлтийн хувьд өмнөх зуухтай адил хэмжээнд байгааг өөрийн өдрийн нүүрс, модны хэрэглээн дээр жишээлэн ирүүлжээ. Зундуйхүү гуайнх төсөлд хамрагдаагүй байхдаа ч 1200-1500 төгрөгийн үнэтэй жижиг ногоон ууттай нүүрснээс хоёр уутыг түлдэг байжээ. Модондоо 1000 төгрөг зарцуулдаг байж. Харин төсөлд хамрагдсанаас хойш энэ төсөвт ерөөс хэмнэлт, өөрчлөлт гараагүй байна.

Мөн л ижил хэмжээний зардал гарч байгааг дамжуулжээ. Аливаа зүйл цаг хугацаа элээх тусам улам чанаржиж, сайжирч байдаг бол нүүрсний ногоон уут улам бүр жижгэрч, дээр хэлсэнчлэн гурван настай хүүхдийн өмд, цамцны хэмжээнээс ч жижиг болж байгаад жаахан бухимдангүй байх. Тиймээс төр засаг нэгэнт өнөөдөр маргаашдаа гэр хорооллынхныг орон сууцанд оруулж чадахгүйгээс хойш үнэ, өртөг багатай түлээ нүүрс хэрэглүүлэх тухайд анхаарлаа хандуулахыг хүсчээ.

Ахмад уншигчийн ийнхүү бухимдах нь гэр хорооллын орчин дахь хог хаягдал, гудамж талбайд асгах бохир ус, үнс нурам. Энэ бүхнээс салахын хамгийн хялбар зам гэр хорооллыг барилгажуулах гэдэгтэй тэрбээр санал нэг байгаагаа ч дурьджээ. Энэ бүхнээс үүдэлтэй эмч, эмнэлгийн эмийн жор, эмчилгээний зөвлөмж ч хүртэл нэлээд өөр болж байгааг тэрбээр гайхан, амьсгал давхцаж, хар цэр үргэлж гардаг боллоо. Энэ мэт эрүүл эд эрхтэн, элэг уушигтай хүн үгүй болж байгаагийн гол буруутан нь өнөөх л утаа гэдгийг хэлсэн нь нийслэлд амьдрал гуйсан бяцхан үрс бүү хэл настайчууд хүртэл амьдрахад хэцүү болжээ гэсэн бодлыг эрхгүй төрүүлэв.

Ийнхүү утаа, түлээ нүүрстэй холбоотой түүний санал гомдол дууссангүй. Тэрбээр мөд нийгэм архин далайд живж байгааг нүдээр харах аргагүй болсноо нуусангүй. Архи, тамхигүй аяны хугацааг сунгах, ЕБС болон их дээд сургуулийн оюутнуудын дунд архи, тамхигүй орчинг сурталчилсан үйл ажиллагааг дэлгэрүүлэх дэмжихийг уриалжээ.

Төрийн эрхмүүдэд манай сониноор дамжуулан үг дайсан Зундуйхүү гуайн шүүмж хорооны хамгийн бага нэгж болох хэсгийн ахлагчаас эхлээд хороо, дүүргийн Засаг дарга, салбарынхны ажилдаа анхаарлаа хандуулахыг сануулсан аавын "алганы амт" болох биз ээ. Юутай ч зөөврийн нүүрсээр хөхөө өвлийг үддэг гэр хорооллынхны эрх ашиг, эдийн засгийг хохиролгүй болгож ядаж ченжүүд нь нүүрснийхээ ногоон уутны хэмжээг томруулаач ээ.

М.Мөнхтунгалаг


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж