УИХ-ын дарга МҮОНРТ-ийн ажилтай танилцав

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга МҮОНРТ-ийн ажилтай танилцав

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нар өнөөдөр МҮОНРТВ-д  ажиллалаа. Монголын үндэсний олон нийтийн радио  телевиз 2005 оноос олон нийтийн статусаар ажиллаж байгаа бөгөөд хараат бус байж олон нийтийн эрх ашиг, үндэсний онцлогийг тусгасан, тэгш тэнцвэртэй мэдээллийг явуулахаар болсон билээ. УИХ-ын дарга Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлгийн их танхим буюу  600 студи, телевиз болон радиогийн дамжуулах эфир, “Хурд” агентлаг,  МҮОНТВ-ийн хоёрдугаар сувгуудын ажилтай танилцлаа.

МҮОНРТВ техникийн шинэчлэлүүд хийж тоног төхөөрөмжөө орчин үеийн тоон технологид шилжүүлэх ажлыг 2014 гэхэд бүрэн дуусах юм байна. Монголын үндэсний олон нийтийн радио дөрвөн сувгаар,  олон нийтийн телевиз хоёр сувгаар нэвтрүүлэг бэлтгэн цацдаг. Телевизийн хоёрдугаар суваг  нь казак, тува, буриадаар  тус бүр 10 минутийн мэдээлэл бэлтгэн өдөр бүр цацдаг аж.

Тус телевиз, радио санхүүгийнхээ 52 хувийг улсын төсвөөс авч, 48 хувийг өөрийн үйл ажиллагаанаас олдог. Төсвийн санхүүжилтын 87 хувь нь ажиллагсдын цалин хөлсөнд зарцуулагддаг байна. Техникийн шинэчлэл хийхийн зэрэгцээ  хөтөлбөрийн шинэчлэлийг хийж олон нийтийн оролцоог хангахаар “Нээлттэй хэлэлцүүлэг”, “Олон нийтийн цаг”, “Эзэнгүйдэл”, “Монголын нууц товчоонд нэвтрэхүй”, “Залуу зохион бүтээгч” зэрэг нэвтрүүлэг, баримтат болон олон ангит кино бүтээн үзэгчиддээ хүргэсэн байна. 

МҮОНРТВ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар, Үндэсний зөвлөлийн дарга Х.Чилаажав нар УИХ-ын дарга, гишүүдэд байгууллагынхаа ажлыг танилцуулж, эдийн засаг болон улс төрөөс  хараат бус байх эрх зүйн зарим зохицуулалтыг холбогдох хуулиудад тусгах талаар саналаа хэлсэн юм.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл дараа нь хэлэхдээ, санхүүжилтын талаар хэрхэн ажиллахаа тодорхойлж хураамжийг нэмэх эсэх талаар Засгийн газар,  олон нийтийн саналыг авсны үндсэн дээр өөрчилж болох юм. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-аар  хэлэлцэгдэхэд бэлэн болоод байгаа. Та бүхэн энэ хуульд тусгуулах саналаа илэрхийлэх боломж нээлттэй. Харин нэвтрүүлгийн чанар, уран бүтээлийн чансааны талаар үзэгч, сонсогчид хэлэх болно. УИХ-ын зүгээс үүнд  дүгнэлт хийх ёсгүй гэлээ. 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар санхүүжилтын хувьд оновчтой байхын тулд менежментийн бодлогоо зөв тодорхой болгох хэрэгтэй гэсэн бол УИХ гишүүн Э.Бат-Үүл “Одоо хэлэлцэж байгаа Төсвийн тухай хуульд  олон нийтийн радио, телевизийн санхүүжилтын талаар тодорхой заалтыг суулгаж өгөх, түүнчлэн төрийн зарим томоохон арга хэмжээг нэвтрүүлэхэд үндэсний олон нийтийн радио, телевиз давуу эрх боломжтой байж болох юм” гэлээ.

Үндэсний радио олон нэвтрүүлэг бэлтгэн цацаж байгаа ч сонсогчдод, тэр дундаа хөдөөгийн сонсогчдод найдвартай, авсаархан хүлээн авагч ховроос нэвтрүүлгийн хүртээмж муу байгаа тул энэ тал дээр анхаарал хандуулж дэмжлэг үзүүлэхийг тус байгууллагын удирдлагууд хүссэн. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ асуудлыг улсын төсвөөс  хөрөнгө гаргаж шийдвэрлэнэ хэмээн амлах боломжгүй, харин гадаадын зарим төслүүдийн санхүүжилтыг авахын тулд тодорхой төсөл боловсруулах хэрэгтэйг зөвлөлөө. 

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл дараа төвийн хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Мөн МҮОНТВ-ийн “Нээлттэй хэлэлцүүлэг” нэвтрүүлэгт оролцож улс орны улс төр, нийгэм, эдийн засгийн байдал, энэ талаар УИХ-аас баримталж буй бодлого, шийдвэрүүд, 2012 оны улсын төсөв, мөнгөний бодлого, сонгуулийн хуулийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өглөө гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж