Монгол цагаачдын тоогоороо дээгүүрт оржээ

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Монгол цагаачдын тоогоороо дээгүүрт оржээ

“Дэлхийн халуун цэг” гэхээр манайхны толгойд Афганистан, Ирак, Ливи санаанд ордог. Тэгвэл Швед улсын иргэд халуун цэгийн тоонд манай улсыг оруулж тооцдог гэнэ. Иргэний дайн, аллага хядлага жинхэнэ утгаараа болж байгаа Сомалигаас 9000 орчим хүн Швед рүү дүрвэсэн байдаг. Тэгвэл цэцэглэн хөгжих гараан дээрээ дэгэж дэрвэж байгаа гэх Монгол Улсаас 7000 гаруй иргэн Скандинавын хойг руу дүрвэсэн байх юм. Гадаад улс оронд цагаачлахын тулд эх орондоо амьдрах аргагүй болсон гэдгээ тэндхийн хууль хяналтын байгууллагад батлах ёстой болдог.

Гэтэл Цагаачлалын албаны шаардаад байгаа тэр аллага хядлага дайн самуун нь Монголд байхгүй учир ёстой “эр хүний 13 мэх” гэгчийг хэрэглэдэг байжээ. Л.Гүндалай гишүүнийг онгоцны буудал дээр баривчилж байгаа видео бичлэг, тухайн үед гарсан өдөр тутмын сонинуудыг материалдаа хавсаргаад гишүүний “хамаатан”, “улс төрийн хамтрагч” болж олон хүн цагаачилсан явдал үүнийг гэрчилнэ.

Энэ үеэс Монголд улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, дарангуйллын эхний шинж тэмдэг илэрч байгаа юм байна гэсэн ойлголтыг барууны орнууд олж авсан. Гэтэл “Долдугаар сарын 1”-ний хар үйл явдал цагаачлах хүсэлтэй иргэдийн нарыг нь гаргасан гэж хэлж болно. Шведийн цагаачлалын албанд “Долдугаар сарын 1”-ний үйл явдлаас болж Монголд аллага, хүчирхийлэл одоо болтол үргэлжилсээр байгаа гэсэн ойлголт төрүүлэх материалууд очсоор байгаа. Энэ бүх худал хуурмаг мэдээллүүд хулгай хийж, худал хэлдэг цөөн тооны монголчуудаас болж эх орны маань нэр хүнд гадаад ертөнцөд унасаар байна. Сүүлийн 10 жилд Шведэд цагаачилсан иргэдийн өсөлтөөрөө манай улс эхний гуравт жагсчээ. Манай улсаас Шведэд цагаачилсан иргэдийн тоо 10 жилийн дотор 2028 хувиар нэмэгдсэн байна. Иргэний дайнтай Бурунди, үнэхээр хавчигдан зовж байгаа нь үнэн Газын зурвас л манайхаас илүү гарчээ. Энэ үзүүлэлтээр эхний 10-т жагссан улсыг дор харуулав /хаалтад сүүлийн 10 жилд өссөн хувь/. 
  
1. Бурунди (+3031%)
2. Газын зурвас (+2542%)
3. Монгол (+2028%)
4. Узбекистан (+1439%)
5. Камерун (+1165%)
6. Киргизстан (+1115%)
7. Мьянмар (+1022%)
8. Азербайжан (+1015%)
9. Литва (+758%)
10. Төв Африкийн БНУ (+627%)
Манай төр засгийн удирдлагууд гадны өндөр хөгжилтэй улс орнуудад айлчлахдаа эх орноо цэцэглэн хөгжиж байгаа гэж ойлгуулахыг хэрэндээ хичээж байгаа харагддаг. Гэвч өндөр хөгжилтэй орнуудын цагаачлалын албанд ирж байгаа мэдээлэл огт өөрийг хэлж байгаа юм. Дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд Монголын талаар хар бараан мэдээллүүдийг цацдаг байдал арилаагүй хэвээр, үүнд цагаачид нэрмээс болж байгаагийн гол шалтгаан нь улс оронд баялгийн хуваарилалт жигд бус байгаад оршиж байна. “Эдийн засгийн” гэж нэрлэгдсэн цагаачлалын давалгаа дэлхий даяар өрнөж байгаа, үүнийг хэн ч зогсоох аргагүй. Гэхдээ Монгол Улс энэ давалгаанд хэтэрхий их савлаад байна уу гэж санагдана. Албан бус тоогоор 200 шахам монголчууд харь оронд түр, бүр амьдрахаар явсан гэсэн тоо баримт байна. БНСУ-д 31, АНУ-д 20, Германд 7000, ОХУ-д 6000, БНЧУ-д 4500 орчим Монгол Улсын иргэд оршин сууж байгаа аж. Японд зорчихоор жилд 5000 монгол хүн виз мэдүүлдгээс 4000-ынх нь хэрэг бүтдэг аж. Манай улсын хилээр орж ирэх гадаад иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр саяас давсан бол байнга оршин суугч иргэдийн тоо 30 мянгад дөхжээ. Өөрөөр хэлбэл, эх орноо орхин гарах монгол хүний тоо орж ирж байгаа гадаад иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа гэсэн үг юм. Энэ графикаар  цааш 10 жил явахад л Монгол Улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэдийн тоо 100.000-аас давж, түр хугацаагаар зорчих гадаад иргэдийн тоо Монгол Улсын хүн амын тоотой дүйх байдал харагдаж байгаа юм. Уул уурхайн салбарыг түлхүү хөгжүүлэх зорилго тавьсан болохоор ийм байдал гарцаагүй болно. Харин эх орноо орхин цагаачлах иргэдийн тоо хүн амын өсөлтөөсөө давна. Том аюул шүү. Өндөр хөгжилтэй оронд очсон хүн гэр бүлийнхнийгээ татахыг хичээдэг. Энэ байдал тэдний эргэн ирэх баталгааг багасгаж байгаа юм. Байдал энэ хэвээр үргэлжилбэл Монгол Улсад хүн үлдэхгүй. Ийм нөхцөл байдал үүсэхээс сэргийлэхийн тулд баялгийн хуваарилалтыг шударга болгож, иргэдийн цагаачлах хүслийг багасгах, “Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль”-д буй Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхтэй гэсэн заалтад өөрчлөлт оруулах, цагаач монголчуудаа эргүүлэн татах ажлыг бодлогоор хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Гэхдээ энэ асуудалд хуульд гар хүрэхгүй талаас нь хандаж, үлдсэн хоёр ажлыг нэн даруй эхлүүлэхгүй бол оройтох гээд байна. УИХ “Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахдаа хяналтын талаар нэлээд дэвшил гаргаж чадсан. Харамсалтай нь гадаад улс орнуудыг чиглэх монголчуудын урсгалыг хязгаарлах талаар дорвитой ажил хийлгүй өнөөдрийг хүрлээ. Гишүүдийн санаачилга энэ тал дээр маш сул байна. Уг нь энэ асуудлыг дараагийн парламентад даатгаж үлдээмээргүй л байгаа юм даа.

Х.Батсайхан

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж