Сонгуулийг хамтад нь хийх нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Сонгуулийг хамтад нь хийх нь зөв үү?

Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь зохион байгуулах эсэх талаар гишүүдийн байр суурийг хүргэж байна.  

С.Бямбацогт:  Хүн хүчний боломжийг тооцох хэрэгтэй

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар УИХ-ын болоод Орон нутгийн сонгууль нэг өдөр зохиогдохоор байгаа.  Гэтэл орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулахад эдийн засгийн болоод цаг хугацаа, зохион явуулах хүн хүчний болом­жийг тооцох хэрэгтэй. Үүнийг нэлээд сайн тооцож байж хамт явуулах эсэхээ шийдэхгүйгээр нэгэнт хүчинтэй хуу­лиар хамт явуулна гэж зүтгэвэл олон хүндрэл гарч болох юм.

Р.РАШ: Хамтад нь хийвэл холион бантан болно

-УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг тусад нь хийх хэрэгтэй. Хамтад нь хийвэл холион бантан болно шүү дээ. Иргэдийг төөрөгдүүлсэн олон нэр орон нутаг юм уу, улсын хэмжээнийх юм уу гэдэг ойлгомжгүй болно. Иргэдийн улстөрийн боловсрол нэг үеэ бодвол дээрдсэн. Гэхдээ хуульд тодорхойгүй зүйл олон бий. Тиймээс сонгуулийг өмнөх шиг нь хавар, намарт нь зохион байгуулах шаардлагатай.

Д.Одхүү: Энэ байтугай системтэйгээр ч улс орнууд хийж байна

-Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуулийг хамтад нь хийнэ гэдэг зарчмын шийдэл нь 2008 оны хаврын чуулганаар батлагдсан. УИХ олонхиороо шийдээд, алхаа цохичихсон тохиолдолд сонгуулийг хамтад нь зохион байгуулах л ёстой. Хүндрэлтэй, хүндрэлгүй зохион байгуулах тухай асуудал бол ач холбогдолтой зүйл биш. Энэ байтугай хэцүү үед, энэ байтугай системтэй сонгуулийг дэлхийн улс орнууд хийж байна. Хамгийн гол нь иргэдийн саналыг зөв тусгадаг систем байх нь сонгуулийн ач холбогдол оршиж байгаа. Долдугаар сарын 1-ний үйл явдал иргэдийн бухимдалтай холбоотойгоор гарсан. Ийм зүйлийг давтуулахгүйн тулд иргэдийн санал сонгуулийн үр дүнд 100 хувь тусдаггүй юм аа гэхэд аль болох ойрхон тусах нь эргээд бухимдал үүсгэхгүй байх гол үндэс болно гэж би хувьдаа үзэж байгаа.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж