Оросын хууль тогтоогчдын ”эв хамт” чуулган

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Оросын хууль тогтоогчдын ”эв хамт” чуулган

Оросын хууль тогтоох төрийн дээд байгууллага Төрийн Думын зургаа дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн шинэ танхим өчигдөр анхны чуулганаа хийв. Харин сонирхолтой нь Төрийн Думын анхны чуулган дээр Оросын “нэг ба хоёрдугаар” хүний аль аль нь хүрэлцэн очсонгүй. Интерфакс агентлагийн мэдээлснээр бол ерөнхийлөгч Дмитрий Медведев болон ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Владимир Путин нар Думын хуралдаанд очих боломжгүй гэдгээ Төрийн Думын чуулганы өмнө мэдэгдсэн байна.

Оросын ерөнхийлөгч Д.Медведев Төрийн Думын анхны чуулганаас хойш буюу Холбооны зөвлөлийн хуралд илгээх илгээмжээ зарласныхаа дараа л уулзах болно гэж Кремль дэх албан төлөөлөгч мэдээлжээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн зүгээс Холбооны хуралд илгээх илгээмжийг Төрийн Думын анхны хурлаас нэг өдрийн дараа буюу өнөөдөр нийтэд зарлах юм байна. Тэгэхээр ерөнхийлөгч Медведев өнөөдрөөс Оросын Төрийн Думын шинэ бүрэлдэхүүнтэй танилцаж уулзалдах юм байна.

Харин Оросын засгийн газрын тэргүүн Владимир Путиныг Төрийн Думын эхний хуралдаанд оролцоно гэж мэдээлэгдэж байсан ч түүний хэвлэлийн төлөөлөгч нь энэ мэдээллийг няцаа­сан ажээ. Түүний хэлснээр бол В.Путины ажлын төлөвлөгөөнд Төрийн Думын чуулганд оролцох тухай асуудал байгаагүй гэсэн байна. Төрийн Думын халаагаа өгсөн бүрэлдэхүүний сүүлийн хуралдаанд В.Путин оролцож байснаас үүдэж дараагийн шинэ бүрэлдэхүүн бүхий чуулганд оролцоно гэж таамаглаж байсан ч ийм зүйл болсонгүй.

Эндээс харахад Оросын төрийн тэргүүн болон Засгийн газрын тэргүүн нарт тус улсын парламентийн доод танхимын голлох албан тушаалын томилгоонууд хэрхэн шийдэгдэх нь төдий л сонирхлыг нь татахгүй байгаа бололтой. Энд онцолж хэлэхэд Төрийн Думын депутатууд буюу хууль тогтоох байгууллагын төлөөлөгчид өмнө нь дөрвөн жилээр сонгогддог байсан бол энэ удаа таван жилийн хугацаатайгаар бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр болж байгаа билээ.

Энэ шинэчлэлийн үр шимийг хүртэх Төрийн Думын одоогийн бүрэлдэхүүн Оросын хууль тогтоох дээд байгууллагын бүтэц зохион байгуулалтын асуудлыг шинэ оноос өмнө амжиж шийдвэрлэх чухал үүрэг хүлээгээд байгаа бөгөөд ингэснээр хууль боловсруулах ажлыг тасалдалгүй явуулах боломжийг бий болгох юм. Төрийн Думд олонхи болоод байгаа “Нэгдмэл Орос” фракцийн депутат Олег Морозов хэлэхдээ Төрийн Думын ерөнхий бүтцийг үндсэнд нь батлаад байгаа гэсэн бөгөөд түүний хэлж байгаагаар бол Думын дарга нь нэлээд олон орлогчтой байх аж. Мөн Оросын Төрийн Дум нь нийтдээ 29 хороотой байхаар тусгагдсан байна.

Манай УИХ-ын байнгын хорооны адил буюу хуулийг хэлэлцэж боловсруулах үүрэг хүлээдэг Оросын Төрийн Думын эдгээр хороодын 15-ыг нь олонхийн суудлыг авсан “Нэгдмэл Орос” фракцийн төлөөлөгчид толгой­лох юм байна. Мөн өөр бусад 6 хорооны даргаар Оросын Холбооны Коммунист намын төлөөлөл, 4-ийг нь Оросын Либерал Ардчилсан намын төлөөллүүд тус тус тэргүүлэхээр болж байгаа ажээ.

Шинэ бүрэлдэхүүнтэй Төрийн Думын дарга болоод бусад удирд­ла­гуудын томилгоог хийж дуустал анхны хуралдааныг удирдан явуулах үүргийг энэ удаагийн сонгуулиар амжилттай ажилласан “Нэгдмэл Орос” фракцийн Олег Морозов, Оросын Коммунист намын Сергей Решульский болон эртнээс олонд танигдсан улстөрч болох Владимир Жириновскийн тэргүүлдэг Либерал Ардчилсан намыг төлөөлж Игорь Лебедев нарын бүрэлдэхүүнтэй түр удирдлага даргалан явуулахаар үүрэг хүлээсэн байжээ.

Оросын Төрийн Думын даргын албан тушаалд өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрс ч Думын анхны чуулганаас өмнөхөн тодорсон байжээ. Олонхийн төлөөлөлтэй “Нэгдмэл Орос” фракцийн зүгээс Сергей Нарышкиныг нэр дэвшүүлж байгаа бол Оросын Либерал Ардчилсан намаас В.Жириновскийг, Оросын Коммунист намаас төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Иван Мельниковыг мөн “Шударга Орос” намаас өөрийн тэргүүн Сергей Мироновыг  тус тус Төрийн Думын даргад өрсөлдүүлэхээр болсон байжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж бай­гаагаар бол Төрийн Думын төлөөллийг бүр­д­үүлж байгаа Оросын улстөрийн фракцууд  Думын даргаар хэнийг сонгох талаар хэдийнээ тохирчихоод байсан бөгөөд чухам ийм учраас Оросын төр засгийн тэргүүн нар анхны хуралдаанд очих талаар төдий л санаа зовоогүй бололтой. Тэгээд ч Төрийн Думын дотоод дуу хоолойг сонсоход сонгуулийн болон бүтцийн асуудлаар санал хураалт явуулахад анхаарал татахуйц ээдрээ, зөрчилдөөн гарахгүй бололтой байсан аж.

Түүнээс гадна Төрийн Дум дэх улс­төрийн хүчнүүдийн урьдчилсан байдлаар тохирсон өөр нэг зүйл бол Думын дарга нь найман орлогчтой байх, түүнээс хоёр нь нэгдүгээр орлогч бай­хаар тогтсон явдал юм. Тэдэн дотроос Думын даргын нэгдүгээр орлогчоор өмнө нь Засгийн газрын тэр­гүүний орлогчоор ажиллаж байсан “Нэгдмэл Орос“ фракцийн Александр Жуков болон Оросын Коммунист намын Иван Мельников нарыг томи­­ло­хоор тохирсон байжээ.

Ер нь Оросын энэ удаагийн Төрийн Думын анхны хурал урьд өмнөхөөсөө анхаарал татахуйц нэлээд өөр өнгө төрх­тэй болж байгаа аж. Мэдээж юуны түрүүнд Төрийн Думын шинэ бүрэл­дэ­хүүн дэх улстөрийн хүчнүүдийн өмнө нь байгаагүй тохиролцооны ойртолт олон эх сурвалжийн анхаарлыг татаж байгаа юм. Тухайлбал Төрийн Думд төлөөлөлтэй Оросын улстөрийн хүчнүүд анхны хуралдаан дээрээ сонгуулийн ерөнхий хорооны дүнгийн албан мэдэгдлийг сонсох шаардлагагүй гэж тохирцгоосон байна. Энэ тохирол­цооны санаачилгыг олон жил Төрийн Думын Холбооны зөвлөл буюу Оросын парламентийн дээд танхимыг дар­галж байсан Мироновын тэргүүлж байгаа “Шударга Орос” намаас гарга­сан байна.Мэдээж энэ мэдээлэл Оросын парламентийн гадна тал дахь эсэр­гүүц­лийн хөдөлгөөнийхөнд таалаг­д­ахгүй байгаа нь ойлгомжтой. Харин Оросын сонгуулийн хорооны дарга уригдаагүй ч өмнөх Төрийн Думын бүх дарга нарыг энэ удаагийн чуулганд урьсан нь бас ч гэж бүх уламжлалаа эвдээгүй байгаагийн илэрхийлэл болж байна.

М.Наст



 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж