2011 онд гамшиг 350 тэрбум ам.долларыг залгив

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

2011 онд гамшиг 350 тэрбум ам.долларыг залгив

2011 онд нүүрлэсэн байгалийн гамшгийн ул­маас дэлхийн эдийн засаг 350 тэрбум ам.дол­ларын хохирол амссан  тооцоог  Swiss даат­галын  компани гаргасан байна. Япон, Тайланд, АНУ, Шинэ Зеландад болж өнгөрсөн байгалийн гамшгийн  үеэр хохирол амссан иргэд, албан газрын даатгалд дэлхийн даатгалын компаниудаас 108 тэрбум ам.долларыг төлсөн байна. Харин Орост байгалийн гамшиг ховорхон тохиолдсоны ачаар  даатгалын зах зээл нь өсөлттэй гарч буйг тус  салбарын шинжээчид өгүүлж байна. 

Байгалийн гамшиг  болон хүн төрөлхтөний буруу үйл ажиллагаанаас болж 2011 онд нийтдээ 350 тэрбум ам.долларын хохирол дэлхийн эдийн засагт учирсан  тооцоог Швейцарийн “Swiss Re” компани  гаргасан байна. Дэлхийн эдийн засгийн даатгалын хохирол 2010 онд дөнгөж 48 тэрбум ам.доллар байсан юм.

Улиран өнгөрч байгаа энэ оны хамгийн их хохиролтой таван үйл явдалд Япон, Шинэ Зеландын газар хөдлөлтүүд, АНУ-г дайрсан их газрын хоёр хуй салхи, Тайландын үер орж байна. Японы байгалийн гамшиг даатгалынханд 35 тэрбум ам.долларын зарлага авчирсан бол Тайландын үер 8-11 тэрбумын алдагдалд оруулж болзошгүй байна. АНУ-д нүүрлэсэн дөрөв, тавдугаар сарын халуун орны шуурга даатгалын салбарт 14 тэрбумын гарз учруулснаас зөвхөн “Ирэн” шуурганых 4,9 тэрбум болсон байна. Шинэ Зеландын Крайстчерч хотод хоёрдугаар сарын 22-нд 6,3 магнитуттай газар хөдөлсөн нь даатгалын компаниудаас 12 тэрбум ам.долларын төлбөр гаргахад хүргэсэн гэнэ.

Газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлын төлсөн даатгалын салбарын нийт гарз нь 47 тэрбум ам.доллар болсон нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Японы газар хөдлөлтөөс үүссэн цунамид нэрвэгдсэн Фүкүшимагийн олон байгууламжууд  хэрвээ даатгалд хамрагдсан байсан бол даатгалын компанийн зарлага асар өндөр гарах байлаа. Ийм гарз даатгалынхан өнгөрсөн 2005 онд мөн тохиож байсан юм. Тэр үеэр “Катрина”, “Вилма”, “Рита” гэх далайн хар шуурганы улмаас даатгалынхан даатгуулагч нартаа 123 тэрбум ам.доллар төлсөн байдаг.  Хамгийн хохиролтой нь давхар даатгалын тариф. Fitch Ratings компанийн мэдээгээр энэ жилийн зургаа, долдугаар сард даатгалын заавал хийгдэх хөтөлбөрийг сэргээхэд тариф нь Японд 30-70 хувиар, хоёр дахин Шинэ Зеландад нэмэгдсэн байна.

Газарзүйн байрлалын улмаас Орос орон байгалийн гамшигт нэрвэгдэх эрсдлээр бага бөгөөд энэ үзүүлэлтээр дэлхийн 172 дугаар байранд ордог байна. Тиймээс Оросын даатгалынхан гадаадынх шиг өндөр төлбөр төлөх шаардлага бараг гардаггүй. Мөн Оросын даатгалын салбар нь төлбөр бага эсвэл иргэд нь даатгалд тэр бүр хамрагддаггүй учраас хохирол багатайгаар гамшгаас гардаг. Өнгөрсөн оны ойн түймэрт хэдэн мянган байр байшин  өртөхөд тэдний дөнгөж таван хувь нь даатгалд хамрагдсан байжээ. Харин техникийн ослын даатгалд төлөх мөнгө Оросын даатгалын салбарынхны хувьд том гарз авчирдаг аж. Түүнчлэн 2011 оны хувьд агаарын тээвэр салбарын даатгал нь оросуудад нэлээдгүй хүнд тусч байна. Жишээлбэл, Экспресс-АМ4 гэх хиймэл дагуулын алдагдлын даатгал нь долоон тэрбум рубль болжээ. Гэсэн хэдий ч Оросын даатгалын салбарын өсөлт 16 орчим хувьтай байгаа гэнэ.

 Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж