Ус цаг уур, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан мэдээгээр цаашдаа өдөртөө хасах 24-30, шөнөдөө хасах 34-39 хэм хүртэл хүйтрэх төлөвтэй байгаа аж.
Гурван есийн хүйтний улирал дөнгөж эхэлж байгаа ч зүүн аймгуудын зарим газраар өвөлжилт хүндэрч байгаа тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж буй билээ.
Гадаах хүйтний эрч өдрөөс өдөрт чангарч, жавар тасхийж, цас хялмаална. Цаашдаа ч цасаар шуурч, хүйтний эрч улам л нэмэгдэх төлөвтэй. Ус цаг уурын хүрээлэнгээс баруун аймгийн зарим нутгаар шөнөдөө 45 хэм хүртэл хүйтэрч, энэ сарын өнөөдрөөс эхлэн цасаар шуурах талаар мэдээлж байна . Энэ өвөл олон жилийн дунджаас илүү хүйтэн, илүү их цас унахыг мэргэжилтнүүд онцолж байгаа. Тэр дундаа малчид, орон нутгийн нийтийн тээврийн жолооч нарт замд гарахдаа цаг агаарын мэдээгээ цаг алдалгүй авч байхыг ч анхааруулж байгаа. Тиймээс балчир гурван ес эхэлж байгаа энэ өдрүүдэд цаг агаар ямар байх талаар мэдээллийг хүргэж байна.
Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан арванхоёрдугаар сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр бол өнөөдөр зарим газраар, маргааш баруун зүгийн нутгийн зүүн болон төвийн нутгийн хойд хэсгээр, 24-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 22-27 хэм болж хүйтрэнэ. Увс нуурын хотгор, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 35-45 хэм, зарим газраа 50 хэм хүрч хүйтрэх юм байна. Харин өдөртөө 21-ээс дээш хэм байх аж. Харин Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун өмнөд хэсэгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм, байх бол бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байх төлөвтэй байна. Түүнчлэн манай орны ихэнх гол мөрөн, нууруудад мөсөн бүрхүүл тогтож, цаашид мөс зузаарах хандлагатай байгаа хэдий ч мөсний зузаан олон жилийн дунджаас 10-20 см нимгэн байгаа тул томоохон гол мөрөн, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүйн хэмжээнд хүрээгүй байгаа тул ард иргэдийг цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна. Монголын нийт нутгийн 70 хувь цастай байгаа юм байна. Баруун аймгийн нутгаар цасны зузаан 20-30 см хүрч, цасны нягт ихтэй буюу хатууралт ихтэй байгаа учраас мал бэлчихэд хүндрэлтэй байгаа юм байна. Хэрэв дахин цас орж, хүйтэрвэл өвөлжилт хүндрэх төлөвтэй байна гэв. Баруун аймгийн зарим нутгаар шөнөдөө 42 хэм хүртэл хүйтрэх бөгөөд малчид, иргэд сэрэмжлэхийг холбогдох албаныхан хэлж байлаа. Харин Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор, Дундговь зэрэг аймгийн нутгаар цас багатай, зарим сумдаар цас ороогүй байгаа гэв.