”Шинээр нэр дэвшигчид сонгуульд гарахад хэцүү болсон”

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

”Шинээр нэр дэвшигчид сонгуульд гарахад хэцүү болсон”

Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөх Б.Лхагважаваас Сонгуулийн хуулийн асуудлаар цөөн асуултад хариу авлаа.

-Шинээр батлагдсан сонгуулийн хууль зарим хүнд таалагдахгүй байгаа бололтой.  Үндсэн хуулийн цэцэд зөвхөн иргэн хүн л хандах эрхтэй гээд байгаа болохоор гишүүд баталсан хуулиа шүүмжилж чадахгүй л байх шиг байна?

-Сонгуулийн хууль зарим улстөрчдөд таалагдахгүй байгаа гэдэг тухайн хүний асуудал. Иргэн энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандлаа гэхэд цаг их авна. Тийм болохоор Сонгуулийн хуулийн талаар цэцэд хандаж болох өөр субьектүүд байгаа гэдгийг хэлмээр байна. Тухайлбал,  Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаж болно. Монгол Улсын төрийн гурван өндөрлөгийн нэг нь л хүсэлт гаргавал цэц шууд хүлээж аваад хуралдаг ёстой. Тиймээс энэ эрх бүхий хүмүүс нь гаргачихвал асуудал хурдан шийдэгдэж, сэтгэл дундуур байгаа гишүүдийн бухимдал арилах байх л даа.

-Та Цэцэд хандах уу?

-Тодорхой хугацаанд ажиллах хэрэгтэй. Энэ нь цаг хугацааны хувьд амжихгүй болчихлоо. Миний хувьд Үндсэн хуулийн хоёр институтыг сонгох гэж байгаа болохоор УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг тусдаа явбал зүгээр гэж бодож байна.

-Шинээр батлагдсан сонгуулийн хуулиар явагдах ирэх оны сонгууль шударга болно гэдэгт та хэр итгэлтэй байна?

-Аль ч улс орон төгс төгөлдөр хууль баталдаггүй. Төгс төгөлдөр хууль  гэж байдаггүй. Сайн хууль гэдэг юунаас хамаардаг юм бэ гэвэл хэрэгжилтээсээ хамаардаг юм. Хэрэгжилт нь сайн байвал хичнээн муу хуульбайлаа ч гэсэн сайн хууль болчихдог. Хичнээн сайн хууль батлаад хэрэгжилт нь шударга бус явагдвал муу хууль гарахгүй гэх баталгаагүй. Сонгуулийн хуулийг  улстөрчид өөрсдөө баталчихаад өөрсдөө будилаантуулдаг. Энэ хуулийг зөв шударга хэрэгжүүлбэл сайн хууль байж магадгүй. Харин дундуур нь будилаан булхай хийвэл муу хууль байж ч магадгүй.

-Сонгуулийн хуульд хариуцлагын тогтолцоог нэлээд оруулж өгсөн. Хариуцлагын тогтолцоо чангатай хуульбатлагдсан гэж зарим хүмүүс үзэж байгаа?

-2008 оны сонгуулийн дараа би энэ асуудлыг тавьж байсан л даа.  Сонгуульд нэр дэвшиж буй нь, саналаа өгч байгаа, сонгууль явуулж байгаа гурван субьектэд ногдуулах хариуцлагыг тодорхой зааж өгсөн байна лээ. Гэхдээ иргэний улс төрийн эрхээ эдлэх эрхэд халдаагүй байгаа гэж санаа зовж байна. Манайх чинь ардчилсан улс шүү дээ. Бас нэг асуудал байна. Тэр нь санхүүжилт, хөрөнгө мөнгө. 2008 онд л гэхэд эрх барьж буй хоёр нам тайлангаа маш худлаа гаргасан байдаг юм. Тэр нь нэг гишүүн есөн сая төгрөг сурталчилгаандаа зарцуулсан гэж бичсэн байсан. Тэр бол огт худлаа тоо. Тухайн үед би бие даан нэр дэвшиж байхад л 100-аад сая төгрөг зарцуулж байсан юм. Гэтэл ийм санхүүгийн луйвар хийж гарч ирчэхээд бандан тас гээд сууж байсан. Ер нь, энэ бол улстөрчдийн ёс зүйн л асуудал.

-Нэр дэвшигчид тэгш бус гараанаас сонгуульд оролцох нь гэж ярьж байгаа. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-Энэ бол үнэхээр хэцүү. Улсын төсөвт янз бүрийн байдлаар гурван тэрбум төгрөг суулгачихсан байгаа. Гэтэл ийм хүмүүстэй шинэ хүн өөрийгөө танилцуулаад сурталчилгаа явуулна гэдэг хүнд. Сонгуулийн хугацаа богинохон ийм үед нэр дэвшигч өөрийгөө танилцуулах, сонгогч танилцах цаг олдохгүй. Маш хэцүү сонгууль болно. Тиймээс сонгуулийн хуулийг энэ парламент бүрдсэнийхээ дараа л батлах ёстой байсан. Тэгсэн бол энэ хугацаанд нэр дэвшигчид өөрсдийгөө таниулах боломжтой байлаа. Шинэ хүн болон жижиг намд ч боломжгүй болж байна.

Ж.Гэгээ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж