Тусгай сургуулийнханд тусдаа бодлого хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Тусгай сургуулийнханд тусдаа бодлого хэрэгтэй

Үе тэнгийн найзуудынхаа  тоглож наадахыг хараад дотроо битүүхэн атаархаж бас сэтгэлдээ нууцхан уйлж суудаг Б.Урнаа охин одоо 13 настай. Гурван жилийн өмнө Дарханы зам дэр болсон аймшигт ослын үеэр хүнд гэмтэж хоёр хөл нь мэдээгүй болжээ. Тулгуур эрхтэний бэрхшээлтэй гэх эмчийн оноштой  охин үлдсэн амьдралаа тахир дутуугийн тэргэнцэр дээр өнгөрүүлнэ гэдэг үнэхээр харамсалтай хувь заяа. Эцэг эх нь охиноо эмчлүүлж хөл дээр нь босгочих санаатай Дархан Уул аймгаас Улаанбаатар хотод нүүж ирээд хоёр жил  гаруй хугацааг өнгөрүүлж байгаа ч охины эмчилгээ төдийлөн үр дүнгээ өгсөнгүй. Хөдөөнөөс ирсэн айлууд нийслэлд суурьших гэж нэлээд бэрхшээлтэй учирдаг. Урнаагийнх ч энэ асуудлаас холуур өнгөрч чадсанүй. Арга барсандаа хамаатныхаа айлын хашаанд буусан байна. Бас болоогүй хашааны түрээс сарын 25 мянган төгрөг төлдөг гэнэ лээ. Хүний эцэг эх л болсон хойно охиноо эрдэм номд сургаж, боловсрол эзэмшүүлэх хүсэл хичнээн байвч хотын төвөөс зайдуу Бэлхийн уулын аманд амьдардаг болохоор ажил төрлийн хажуугаар охиноо сургуульд хүргэж өгч, авч чадахгүйн улмаас арга буюу гэртээ үлдээгээд явдаг аж. Гэрийнхээ ойролцоо ЕБС-д өгөхөөр хүсэлт гаргасан ч хүүхдийг нь авахаас татгалзжээ.

Монголд энэ охинтой адил хэцүүхэн амьдралыг туулж яваа 16800 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг аж. Харин тэднээс дөнгөж 1668 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуульд сурч боловсрол эзэмшиж байна. Саяхан Улсын мэргэжлийн хяналтын газраас тусгай сургуульд сурч байгаа хүүхдүүдийн боловсрол эзэмшиж байгаа байдалд хийсэн шалгалтаар, тусгай сургуулиудын боловсролын стандарт алдагдсан, сурч боловсрох сургалтын орчин нөхцөл тааруухан, боловсрол эзэмшихэд эрсдэлтэй, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд ажлаа хангалтгүй хийсэн гэсэн дүгнэлтийг гаргажээ. Хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч тэдгээр хүүхдүүд бусдын л адил сурч боловсрох эрх нь Үндсэн хууиар  хамгаалагдсан. БСШУЯ-ны харъяа Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хэрхэн боловсрол эзэмшиж байгааг сонирхохоор очлоо. Сургуулийн хаалгаар ороход анир чимээгүй байдал угтав. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сургууль болохоор ч тэр үү нэг л нам гүмхэн. Хэрвээ энгийн сургууль байсан бол бөөн шуугиан, бөөн үймээн байгаа л даа. Сургуулийн үүдэнд хэдэн хүүхэд дохио зангааны хэлээр хоорондоо ярилцах. Хүүхэд л юм хойно яриандаа хөгжиж буй нь илэрхий ч цаанаа л нэг чимээгүй бас уйтгартай.  Шатаар хоёр давхарт гарч тус сургуулийн сургалтын менежер, захирлын үүрэг гүйцэтгэгч  М.Ганцэцэгээс  сургалтын стандарт болон орчин, эл хүүхдүүдэд боловс­­рол олгоход гардаг хүндрэл бэрхшээлтэй асуудлуудын талаар сонирхов.

-Саяхан хийгдсэн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онц­логт таарсан сургалтын стан­дарт аладагдсан гэх дүгнэлтййг гаргасан байсан?

-Манай сургуулийн хувьд БСШУЯ-ны харъяа сургууль гэдэг утгаараа бусад тусгай сургуулиудыг бодвол сургалтын орчин сайтай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлогт таарсан сургалтын стандарт нэвтрүүлсэн. Гэхдээ бас хүндрэл бэрхшээтэй зүйлүүд олон байна. Сүүлийн жилүүдэд хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудал бол багшлах боловсон хүчний асуудал байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хичээл заах тусгай бэлтгэгдсэн согогзүйч багш сүүлийн жилүүдэд бэлтгэгдэхээ больсон. Дээхэн үед бол ОХУ, Унгар зэрэг улс орнуудад тусгай мэргэшсэн багш нар бэлтгэдэг байсан. Гэтэл сүүлийн арав гаруй жил ийм мэргэжлийн  багш огт бэлтгээгүй, байгаа хэдэн багш нарын маань ихэнх нь тэтгэвэртээ гараад явчихсан цөөн хэдэн тооны багш л үлдээд байна.Үүнд төр засгаас анхаарал хандуулах хэрэгтэй болжээ. Тэд маань ч бас удахгүй насандаа гарах дөхөж байгаа болохоор багшлах асуудал үнэхээр хүнд байгаа. Мөн хүнд хэлбэрийн давхар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч манайд сурдаг. Ийм хүхдүүдэд тусгай бэлтгэгдсэн согогзүйч мэрэгжилтэй багш зайлшгүй шаардлагатай байгаа. Багш бэлтгэдэг их дээд сургуулийг төгссөн хүүхдүүдийг л авч, сургаж ажиллуулж байна. Гадны өндөр хөгжилтэй орнуудын жишгийг харахад нэг багшид дөрөвөөс зургаан хүүхэд ноггдгог байх жишээтэй бас дээр нь туслах багштай. Харин манайд хамгийн багадаа 12 хүүхэд нэг багшид ноогдож байна. Туслах багшийн талаар бодоод хэрэггүй. Туслах багш ажиллуулах хөрөнгө мөнгөний бололцоо ч байхгүй. Сүүлийн жилүүдэд насанд хүрсэн хүмүүс манайх дээр нэлээд ирэх болсон. Хөдөө орон нутгаас, болон хотын алслагдсан дүүргүүдээс их ирэх болсон. Хүмүүс хүүдүүддээ боловсрол эзэмшүүлэхгүй гэрт нь байлгаж байгаад насанд хүрсэн хойно нь гэнэт л ухаарсан юм шиг манайх дээр аваад ирдэг. Эрдэм ном сургах гэсэн юм гээд ирж байгаа хүмүүсийг буцаагаад явуулалтай нь биш насанд хүрсэн хүмүүсийн тусгай анги нээгээд хичээллүүлж байгаа.

-Сурах бичгийн асуудал нэлээд хүндрэлтэй байгаа гэсэн. Танайх ямар сурах бичиг хэрэглэж байна. Хүүхдүүдийн хэрэгцээг хангаж чадаж байна уу?

-Өнгөрсөн жил БСШУЯ-наас тусгай хэрэгцээт сурах бичиг хоёрыг хэвлүүлж манайд өгсөн.  Харин бусад сурах бичгүүд ЕБС-д хэрэглэдэг ердийн хүүхдүүдэд зоориулсан ном сурах бичигүүдийг л хэрэглэж байна. Уг нь Монгол хэл дөрөв, Монгол хэл тав, сонсгол авиа дуудлага гэсэн гурван ном зохиогдчихоод хэвлэлтэндээ орохыг хүлээгээд хоёр жил гаруй болж байна. Хэвлэлтэнд өгөх гэхээр өнөөх хөрөнгө мөнгөний асуудлаас болдог. БСШУЯ-наас НҮБ-ын хөгжлийн сангийн санхүүжилтээр хэвлэхээр болсон гэх хариултыг өнгөрсөн жил өгсөн. Хүлээгээд л сууж байна. Ганцхан манайх ч биш бусад тусгай сургуулиудад бүгдэд ийм хүндрэл бэрхшээлүүд байгаа. Бусад сургуулиудыг бодвол  манайх хамгийн гайгүй сургалтын орчин, ном сурах бичгийн нөөтөй нь гэд бодохоор бусад нь ямар хэцүү байдалд байгаа нь ойлгомжтой шүү дээ. 

-Мэргэжлийн хяналтын газраас сонсголын бэрхшээлтэй хүүх­дийн тусгай сургуулийн хичээ­лийн эрхлэгч, захирлын үүрэг гүйцэтгэгч гэх албан тушаалыг давхар хашиж байгаа нь хууль зөрчсөн гэх дүгнэлтийг гаргаад байгаа. Яам­наас яагаад тушаал гаргахгүй байгаа юм бэ?

-Уг нь бол хууль журмынхаа дагуу тусгай сургуулийн захирлыг томилох асуудлыг БСШУЯ-наас тушаал гаргаж  шийдвэрлэх ёсой. Харин БСШУ-ны яамнаас манай сургуулийн захирал томилох эрхийг Нийслэлийн боловсролын газар руу шилжүүлчихээд байгаа гэж мэдэгдсэн. Харин Нийслэлийн боловсролын газраас хууль журмынхаа дагуу БСШУЯамнаас захирал томилох тушаал гаргах ёстой. Хуулийн дагуу энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэсэн хариултыг өгсөн. Тэрнээс биш ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил гараад энэ захирлын албан тушаалыг булаацалдаж хэл ам болсон юм байхгүй.

-Тусгай сургуулийн захиралыг томилоход сонгон шалгаруулалт хийдэг. Сонгон шал­га­руулалт хийсэн үү?

-Хийлгүй яах вэ. Сонгон шалгаруулалтыг зохих хууль журмын дагуу хийгээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Яагаад удаад байгааг нь сайн мэдэхгүй байгаа. Дээрээс ирэх тушаалыг л хүлээгээд сууж байна. Тэрнээс биш бүхэл бүтэн сургууль захирлаа томилж чадахгүй, ашиг сонирхолын зөрчил гараад хэл ам хийсэн юм байхгүй

-Танай сургуулийн үйл ажил­лагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан байхад сун­гуу­лаагүй гэж байсан. Яагад сунгуу­лаагүй юм бэ.

-Манай сургуулийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2010 онд дууссан. Тэр цагаас хойш БСШУЯ-нд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг сунгах талаар удаа дараа хүсэлт гаргасан. Харин БСШУЯ-наас манайхийг Нийслэлийн боловсролын газарт шилжүүлсэн учраас тэд шийднэ гээд байгаа. Хаанаас яаж шийдвэрлэхийг сайн мэдэхгүй байна. Манай сургуулийн сургалтын орчин болохгүй хүүхэд сурч боловсрол эзэмших боломжгүй болчихоод тусгай зөвшөөрөл сунгахгүй байгаа юм биш. Боловсролын тухай хуулинд өөрчлөлт оруулна гээд байгаа болохоор манй сургуулийн томилгооны асуудал болон тусгай зөвшөрлийн талаар асуудал гараад байгаа гэж би ойлгоод байгаа. Яг үнэндээ хаданд хавчуулагдсан халиуны зулзага гэдэг шиг л харж хандах эзэнгүй болчихоод байна гэсэн юм. Улс орон бүр нийгмийн цөөнх болох хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэр дундаа хүүхдийн асуудал дээр нухацтай хандаж шаардлагатай дэд бүтцийн асуудал болон нийгмийн хамгаалалийн асуудал дээр онцгой анхаарч харж халамжилдаг. Харин манайд бол шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр эцэг эх, зовлон жаргалыг нь сайн ойлгох багш сурган хүмүжүүлэгчидээс нь өөр анхаарч үзэх төрийн багууллага байгаа эсэх нь мэдэгдэхгүй нэг нэгэн рүүгээ эрхээ шилжүүлсэн гэх шалтгаанаар эзэнгүйдүүлэх бодлогыг барьж байгаа нь харамсалтай.

Х.НАРАНГЭРЭЛ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж