-Нийгмийн захиалга болсон ажиллах хүчний эрэлт барилга, авто зам, тээврийн салбарт хамгийн их байгаа. Энэ утгаараа танай яамны хувьд маш олон ажиллах хүчинг бэлтгэхийн зэрэгцээ шингээх бололцоо байна уу гэж харагддаг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд хэр олон ажлын байр бий болгож чадав. Анхаарах асуудал нь бас юу байв?
-Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн өсөлт өндөр хувьтай гарах болсон, энэ оны хувьд бараг 20-иод хувийн өсөлттэй гарах төлөвтэй. Эдийн засгийн энэхүү их өсөлтийг бий болгоход гол үүрэг гүйцэтгэж буй салбар бол уул уурхайгаас гадна барилга, авто зам, тээврийн салбар болж хувираад байна. Тийм учраас эдийн засгийн энэ их өсөлтийг хангахын тулд ажлын байр олноор бий болгох боломжтой барилга, авто замын салбарт шаардагдах хөрөнгө оруулалтыг шийдэх шаардлагатай нь харагдлаа нэгдүгээрт. Хоёрдугаарт, эрэлтийг дагуулаад мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд анхаарахын зэрэгцээ нэгэнтээ мэргэжил эзэмшчихсэн дадлага туршлагатай 40 гарсан хүмүүсийнхээ хүчийг бүрэн дүүрэн ашиглах нь чухал байна. Манай яамны хувьд салбарынхаа хэмжээнд мэргэжилтэй ажилтан бэлтгэх чиглэлээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтарч ажиллаж чадлаа. Барилгын салбарт 2000 гаруй мэргэжилтэй ажилтныг энэ оны төвшинд бэлтгэлээ. Тэдний 80 хувь нь ажил эрхлээд явж байна. Өмнө нь бид иргэдээ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сургалаа ч дөнгөн данган 50 хувийг л ажилтай болгож чаддаг байсан. Тэгвэл энэ оны төвшинд компаниудтайгаа урьдчилж яриад ямар мэргэжлээр хэдий хэмжээний ажилтан бэлтгэх шаардлагатай вэ гэдэг судалгааг гаргаад, суралцагчдынхаа сургалтын зардлыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гаргуулаад, ажлын байрыг компаниуд бэлтгээд ажиллах нөхцөлөөр хангасан нь үр дүнгээ өглөө. Мөн Засгийн газраас барилга, авто замын салбарт ажиллах мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэж буй сургуулиудын сургалтыг өргөжүүлэх чиглэлд нэлээд хөрөнгө тавьж өгсөн нь ч зорилт, зорилгоо хэрэгжүүлэхэд ахиц авчирлаа.
-Авто зам болоод тээврийн салбарт ажиллах хүчин нийлүүлж чадсан уу?
-Оны эхэнд манай яам авто замын салбарт 3200-гаад мэргэжилтэй ажилтан нийлүүлнэ гэсэн зорилт тавьж байсан, энэ маань давж биелж 4700-д хүрсэн. Тээврийн салбарт 3100 ажлын байр бий болгоно гэж байсан ч сүүлийн дүнгээр 6000 гарсан нь үндсэндээ хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт л дээ. Уул уурхайн эрчимтэй хөгжлийг дагаад тээврийн салбар өргөжиж байгаа. Гэхдээ Тавантолгой зэрэг томоохон ордуудаас олборлож байгаа нүүрсний гол тээвэрлэлтийг хятад ажилчид гүйцэтгэж байсныг монголчуудаар солих бодлогыг барьж ажилласны үр дүнд энэ салбарт ажиллах монгол ажилчдын тоог хоёр дахин өсгөж чадлаа. Гэхдээ бидний хувьд салбарынхаа төвшинд цаашид үргэлжлүүлж хийх ажил нэлээд байна.
-Үүнд Засгийн газрын томоохон хөтөлбөрийн нэг “Шинэ бүтээн байгуулалт”-ыг хамааруулж болох уу?
-Болно.
-“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийг нийгмийн захиалгаас бий болсон гэж боддог. Өнгөрсөн жил энэ ажлын эхлэл тавигдах байсан ч эрчтэй яваагүй. Шалтгаан нь юунд байна вэ?
-Санхүүжилттэй холбоотойгоор “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн ажил урагшлаагүй хэрэг л дээ. Тийм ч учраас барилгын салбарт төлөвлөж байсан ажлуудын 70 гаруй хувь л биелэсэн үзүүлэлттэй байгаа.
-“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ажиллах хүчин чухал. Хөдөлмөрийн яармаг дээр очоод залуучуудын санал бодлыг сонсохоор “Би наймдугаар анги л төгссөн, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаагүй. Гэхдээ барилгын туслах ажилчнаас эхэлж хийсээр бригад ахалдаг болсон. Цаашид сурч, мэргэжлээ дээшлүүлэн инженер болохыг хүсэх ч боломжгүй байна” гэх юм. Тэгэхээр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсан л бол цаашаа мэргэжлээ дээшлүүлэх боломж хязгаарлагдмал юм уу даа?
-Залуучуудын хувьд сураад мэргэжлээ ахиулаад явах бололцоо бий. Өнөөдөр манай салбарт барилгын инженер олдохгүй байна, тэр тусмаа замын инженер бүр ч ховор олддоггүй. Тийм учраас эрэлт хэрэгцээгээ хангах зорилгоор дээд сургуулиудын инженерийн ангиудыг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтраад. Тэгэхээр мэргэжлээ дээшлүүлэх хүсэл эрмэлзэлтэй залуусын хувьд нэгэнтээ практик нь байгаа хойно оройгоор сураад барилгын ч юм уу, авто замын ч юм уу инженерийн диплом аваад боловсролоо дээшлүүлэх бололцоо бүрэн бий гэж ойлгох хэрэгтэй.
-“100 мянган айл орон” сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэчнээн мэргэжилтэй ажилтан бэлтгэсэн байх шаардлага үүсч байгаа вэ?
-Одоогоор барилгын салбарт 16 мянган ажилтан байна, цаашид энэ хэмжээний ажилтан бэлтгэх шаардлага бий.
-Эл хөтөлбөрийг ирэх оноос хэрэгжүүлэх боломж бүрдэж байна уу?
-Хөтөлбөрт тусгаснаар 75 мянган айлын орон сууц Улаанбаатар хотод, 25 мянган айлын орон сууц нь аймгуудад баригдах ёстой. Салбар хариуцсан яамны хувьд Улаанбаатар хот болоод орон нутагт тавигдах инженерийн шугам сүлжээний бүх дэд бүтцийн жагсаалтыг Засгийн газраар оруулаад батлуулчихсан. Хөгжлийн банкнаас өнөө маргаашгүй, амждаггүй юм аа гэхэд энэ сард багтаагаад мөнгө олгох ёстой, түүнийг харж байна. Мөнгө ирэнгүүт шууд “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн ажилд зарцуулахаар хөрөнгүүдийг зоочихсон. Тухайлбал, орон сууцны инженерийн шугам сүлжээнд зориулж 400-гаад тэрбум төгрөг, авто зам барихад 680 -аад тэрбум төгрөг тусгасан байгаа. Хөрөнгөтэй болчихоор хавраас эдгээр ажлуудаа эхлүүлнэ. Тэгэхээр төлөвлөж байсан ажлуудын нэлээд нь ирэх онд хийгдээд явахаар зохицуулагдаж байгаа юм.
-Хөгжлийн банкнаас олгох 680-аад тэрбум төгрөгөөр хэдэн км авто зам тавих, мөн 400-гаад тэрбум төгрөг нь хэдэн айлын орон сууц барих хөрөнгө юм бэ. Инженерийн шугам сүлжээ барихад хөрөнгийг зарцуулна гэхээр баригдах орон сууцтай холбоогүй ч болоод явчих шиг?
-“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд нийт 5700 гаруй км авто зам тавих ёстой. Аймгуудыг Улаанбаатар хоттой, мөн аймгуудыг хилийн боомттой холбох чиглэлээр. Өнөөдрийн хувьд зураг төсөл нь бэлэн болсон хавраас газраа ухаад ажлаа эхлүүлэх бололцоотой нь 1370 км орчим авто зам байгаа юм. Энэ замыг тавихад 680-аад тэрбум төгрөг хэрэгтэй. Харин 400 –гаад тэрбум төгрөгийн тухайд Улаанбаатар хот болоод бусад аймгуудад барих цахилгаан шугам сүлжээ, бохир, цэвэр ус, дулааныг шийдэх шугам сүлжээний хөрөнгө юм.
“100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг манайхан буруу ойлгоод байх шиг. Учир нь уг хөтөлбөрийн хүрээнд төр газар аваад орон сууц бариад иргэдээ оруулаад байх асуудал биш юм. Энэ ажлыг хувийн хэвшлийнхэн гардаж хийнэ. Харин төр дэд бүтцийнх нь асуудлыг л шийдвэрлэж өгөх юм. Тийм болохоор нийслэлийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хувийн хэвшил дээр байгаа газруудад бид дэмжлэг үзүүлнэ. Жишээ нь, Баянголын ам, Яармагийн амуудыг нэрлэж болно. Одоогоор Яармагт дэд бүтцийн сүлжээнээс аль нь ч байхгүй. Төрөөс цахилгаан, дулааны шугам сүлжээг тавиад өгчихөөр тэрхүү газарт барилга барих зөвшөөрөл авсан компаниуд зээлийн асуудлаа шийдээд орон сууцаа бариад эхэлнэ. Орон сууц нь баригдсан хойно төр иргэдээ урт хугацаат бага хүүтэй моргейжийн зээлд хамруулаад худалдан авагч тал болон нийлүүлэлт дээр дэмжлэг үзүүлэхээр зорьж байна л даа.
-Бага, дунд орлоготой иргэдийн хувьд моргейжийн зээл хэзээ хэрэгжиж бид байртай болох боломж бүрдэх вэ гэдгийг маш их сонирхож байгаа. Гэтэл энэ ажил маань биеллээ олдоггүй. “100 мянган айлын орон сууц” хэзээ босох нь ч бүрхэг л байна?
-Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг оруулаад 75 мянган айлын орон сууцаа нийслэлийн аль дүүрэгт ямар хороолол нэртэйгээр барих вэ, гүйцэтгэгч компаниуд нь ямар газрууд байх вэ гэдгийг сонгон шалгаруулалтын хүрээнд нэрсийн жагсаалтаар гаргачихсан байгаа. Мөн “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг иргэдэд олгоно. Цаг хугацааны л асуудал байгаа.
-Тэгвэл зургаан хувийн зээл “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт тусгагдсан 100 мянган айл орон сууц эхнээсээ ашиглалтад орсон цагт хэрэгжих боломжтой гэсэн үг үү?
-Шууд тэгж ойлгож болохгүй. Зургаан хувийн зээлийг иргэдэд олгохын тулд эхлээд 300 тэрбум төгрөгийг гаргая гэдэг асуудлыг Засгийн газар дээр ярьж байна, албажаагүй л болохоос биш. Энэ хөрөнгө маань гарчихвал заавал ирэх хавар эхлэх орон сууцны хорооллуудыг ашиглалтад орохыг хүлээлгүйгээр иргэдэд олгох боломжтой. Учир нь Улаанбаатар хотод баригдах 75 мянган айлын орон сууцнаас зарим хэсэг нь одоо ид баригдаж байгаа хорооллууд бий. Ашиглалтад оруулангуут түүнээс сонголт хийсэн иргэдийг зургаан хувийн зээлд хамруулах бололцоотой. Ер нь өнгөрч буй жилүүдэд анзаарагдсан зүйл бол бүтээн байгуулалтын чиглэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал юм байна. Түүнийг дагаад ажлын байр олноор бий болгох эрэлт үүснэ. Эдгээр асуудлаа төр хооронд нь уяж зөв зохион байгуулж чадах юм бол иргэд нь ажилтай, амьдрал нь баталгаатай үр дүн илүү тусах дүр зураг харагдаж байгаа. “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийн хүрээнд тавьсан зорилт бол хоёр чиглэлийнх. Нэгдүгээрх нь иргэдээ ажлын байраар хангах, хоёрдугаарт иргэдээ тав тухтай орчинд амьдруулах юм шүү дээ. Цаашид гэр хороололд амьдарч байгаа хүмүүсийг ч уг хөтөлбөрт татан оролцуулна гэж ойлгох хэрэгтэй.
-Ямар хэлбэрээр оролцуулна гэж. Газраа чөлөөлөхөөс өөр харилцаа бас байгаа хэрэг үү, иргэдийн хувьд?
-Гэр хороололд амьдарч байгаа ажилгүй иргэдийг мэргэжилтэй болгоод, орон сууц барихад дайчлах юм. Хэрвээ тэд мэргэжилтэй ажилчин болчихвол зээл аваад тухайн компанийнхаа барьж буй орон сууцанд орох боломж бүрдэнэ. Ажилтай хүн тогтмол орлоготой болж, урт хугацааны зээл авах нөхцлийг нэг талаар хангаж байгаа юм л даа. Орон сууц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн гадаад орнууд тухайлбал, Сингапур зэрэг орны туршлагыг харахад иргэн нь тогтмол орлоготой л бол урт хугацааны зээлд хамрагдаад орон сууцаа өөрийн болгож өмч хөрөнгөтэй болсон байдаг. Засгийн газраас иргэддээ энэ боломжийг олгох зорилгоор жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгохоор шийдвэр гаргасан юм шүү дээ.
-Өнгөрсөн намар Яармагийн дэнжид “Шинэ яармаг” хорооллын шавыг тавьсан. Уг ажлыг Хятадаас авах зээлийн хүрээнд гэж шийдвэрлэх ёстой. Ажил ямар шатанд байна вэ?
-“Шинэ яармаг” хороололд 15000-16000 айлын орон сууц баригдана. Сургууль, цэцэрлэгтэй цогцоороо. Саяхан Улаанбаатар хотын хэмжээнд уг хорооллын асуудлыг хэлэлцэхэд яамны зүгээс саналаа өгсөн. Яармагийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэж байна, он гарангуут батлагдчих болов уу. Төлөвлөгөөнд тусгасан зургаар бол замын хойд талд байгаа гэр хорооллуудыг чөлөөлнө. Мөн замын урд талын сул чөлөөтэй газруудыг Тусгай хамгаалалтын бүсээс гаргаж хороолол байгуулъя. Гэхдээ ногоон хороолол байгуулъя гэж төлөвлөөд байна. Тус газарт орон сууцны хороолол байгуулах гүйцэтгэгч компанид энэ онд 300-гаад сая төгрөгийн Хөгжлийн банкны баталгаа гаргаж өгсөн. Эхний ээлжинд 3000 айлын орон сууц барихаар ажлаа эхлүүлээд байна. Цаашдаа мөн Яармагт тавих дэд бүтэцтэй холбоотой ажлууд зэрэгцээд хийгдэнэ. Түүний дараагаар борооны дараах мөөг шиг тал талд орон сууцны хороолол баригдаад эхэлнэ гэж ойлгож байгаа. Дэд бүтэц тавих сургаар их олон газрыг хашаалсан байна лээ, өнгөрсөн бямба, ням гаригуудад явж үзлээ. Нэг ёсны энэ нь бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна гэдгийн л дохио. Гол нь энэ ажил яагаад өдийг хүртэл хүлээгдсэн бэ гэхээр дэд бүтэцгүйгээс болж байсан. Наад зах нь цахилгааны шугам татаагүй болохоор барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй л байсан байхгүй юу. Нэгэнтээ Засгийн газраас дэд бүтцийнх нь асуудлыг шийдээд өгөхөөр орон сууцны хорооллууд нэгэн зэрэг баригдаж, ашиглалтад орно л гэж бодож байна. Үүний төлөө ч зорьж байна.
"Ардын эрх" сонин