Эхлэл
Үй олноор хөнөөх зэвсэг бүтээх төслүүд хэрэгжүүлэхээ таслан зогсоох талаар НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан олон тооны сануулга, анхааруулгыг Иракийн захирагч Саддам Хусейн биелүүлээгүй нь уг дайныг эхлүүлэх үндэслэл байлаа. НҮБ-ын шинжээчид 1991 оны тавдугаар сараас 1998 оны наймдугаар сар хүртэл долоон жилийн турш Иракт ажилласан юм.
Хожим шинжээчид Ирак цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөрөө 1991 оноос зогсоож, химийн болон биологийн зэвсгийн нөөцөө устгасан талаар олж тогтоосон билээ. Саддам Хусейныг хамгийн харгис дарангуйлагч нарын нэг гэж дэлхийн ихэнх улс орон үздэг байв. Тэрээр Иран (350 мянга гаруй хохирогчтой) болон Кувейт-тай (60 мянга гаруй хохирогчтой) дайн хийсэн хүн. Албан бус мэдээгээр тэрбээр 20-30 мянган курдын болон шиитийн босогчдыг устгасан гэдэг. Түүний тусгай албаныхан эсэргүүцэгчдийг тамлан зовоох байцаалт явуулах, шүүхээс гадуур цаазын ялыг цөөнгүй гүйцэтгэж байжээ. Үүнээс гадна Хусейн өөрийн ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэж байв.
2001 оны есдүгээр сарын 11-ний террорын дараа Хусейн “Аль-Каидатай” холбоотой (дараа нь үгүйсгэгдсэн) хэмээн сэжиглэгдсэн. Энэ террорын дараа “неоконсерватив” гэж хэлэгдсэн улс төрийнхний дунд нэгэн онол алдарших болсон байна. Неоконсерваторууд нь “Иракт жинхэнэ ардчилсан улс байгуулах нь “гинжин урсгал” үүсгэх харгис дарангуйлагчид, омгийн толгойлогчдоор удирдуулсан Ойрхи Дорнодын бүс нутгийг өөрчилнө” гэж тунхаглаж байв.
Иракийн эсрэг цэргийн хүч хэрэглэх шийдвэрийг дэлхийн 45 орон дэмжсэн юм. Эхэндээ (НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан ч) АНУ ба тэдний холбоотнууд Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг хэтэрхий өргөнөөр ашиглан хууль бусаар дайныг явуулж байна гэсэн шүүмжлэлд өртөж байв.
АНУ-ын Конгресс олонхийн саналаар Иракт цэргээ оруулах зөвшөөрлийг ерөнхийлөгч бага Жорж Бушийн саналыг дэмжсэн юм. Иракт дайн эхлүүлэх саналыг 77 хүн дэмжиж, 23 хүн эсэргүүцсэн байна. Төлөөлөгчдийн танхимын 296 хүн уг дайныг дэмжиж, 133 нь эсрэг байлаа.
Тухайн үед америкчуудын дийлэнх нь дайн хийхийг дэмжсэн юм. Тухайлбал, ABC телекомпани ба The Washington Post сонинтой хамтран 2003 оны гуравдугаар сарын 27-нд явуулсан олон нийтийн санал асуулгаар америкчуудын 69 хувь нь уг дайныг дэмжиж, харин 23 хувь нь үүний эсрэг байв. Тэд дайныг Иракийн ард түмэнтэй биш дарангуйлагч Саддам Хусейнтай явуулж байна хэмээн үзэж байсан юм. Иракчууд өөрсдийг нь баяр хөөр болон угтана хэмээн америкчууд эхлээд бодож байсан боловч энэ нь буруу дүгнэлт байв. Ерөнхийлөгч Жорж Бушийн эдийн засгийн зөвлөх Лоренс Линзи уг дайн Америкийн төсвөөс 100-200 ам.тэрбум долларын зардал авна хэмээн тооцож байсан ч уг тооцоолол эндүүрэл байв. Учир нь Иракт хийсэн дайны улмаас АНУ өнөөдөр нэг их наяд ам.долларын алдагдал амсаад байгаа юм.
Дайн
Иракийн зэвсэгт хүчнийг Ойрхи Дорнодод хамгийн хүчирхэг нь хэмээн дэлхий нийт үзсээр багагүй хугацааг үдсэн. Олон улсын урт хугацааны хориг Иракт орчин үеийн зэр зэвсэг авах боломжийг өгөөгүй бөгөөд 1991 онтой харьцуулахад бүрэлдүүн нь бараг тал хувиар буурсан байжээ. Учир нь Саддам Хусейны 500 мянга орчим хүнтэй тогтмол армийг олон улсын эвслийн хүчин (гол төлөв АНУ, Их Британи, Австрали, Польшийн 265 мянган цэрэг) 26 хоногийн дотор ялсан юм.
Байлдааны ажиллагааны явцад эвслийн 172 цэргийн албан хаагч болон 45 мянган (албан бус мэдээгээр) ирак цэрэг амь үрэгдсэн байна. Дээрх 26 хоног нь дайны хамгийн их цус урссан үе байв. 2006 онд тус оронд иргэний дайны эхлэл тавигдаж суннит, шиитийн цагдаагийнхан, курдууд хоорондоо эсвэл энгийн иргэдийн болон эвслийнхний эсрэг тулалдаж байлаа.
АНУ-ын цэргийнхэн энэ бүхэнд бэлэн биш байснаас тэд стратеги, тактикаа өөрчлөх, явцын дунд шинээр зэвсэглэх болсон юм. АНУ Ирак дахь цэргийн хүчээ 2007 онд зузаатгаж, шаардлагатай арга хэмжээ авсан учраас Саддамын дэглэмийг үндэсээр нь хуу татаж хаясан юм.
Иракийн ажиллагаанд оролцсон АНУ-ын цэргүүдээс 4,5 мянган нь амь үрэгдэж, 30 мянга гаруй нь шархадсан байна. Энэ дайн эвслийн 21 орны хоёр зуу гаруй цэргийн амийг авчээ. Харин уг дайнд ойролцоогоор 60 мянга орчим иракчууд амь үрэгдсэн гэх мэдээлэл байдаг.
Иракийг 24 жил захирсан Саддам Хусейныг 2003 оны сүүлээр америкчууд баривчлан Иракийн шүүхээр шүүж, түүнд алах ял оноосныг гүйцэтгэсэн юм. Мөн түүний тойрон хүрээлэгч нар ч шүүхээс ял авсан бий. Энэ бүгдийн зэрэгцээ, 2005 онд Иракт харьцангуй шударга сонгууль явагдсан ч гэлээ ардчилсан улс орон байгуулах ажиллагаа маш хүнд нөхцөлд маш удаан явагдаж байна. Жорж Бушийг ерөнхийлөгч байсан 2008 оны сүүлчээр Америкийн цэргийг тус орноос гаргах гэрээг АНУ ба Ирак байгуулсан байна. Америкийн сүүлийн цэрэг тус улсаас 2012 оны нэгдүгээр сар гэхэд гарсан байхаар уг гэрээнд заагдсан ч яг үнэндээ энэ арванхоёрдугаар сарын 15-нд энэ асуудал бүрэн шийдвэрлэгдсэн байна.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард явуулагдсан санал асуулгаар Иракийн дайныг америкчуудын 29 хувь дэмжиж, түүний эсрэг 68 хувь нь байлаа (CNN телекомпанийн асуулгаар). CBS телекомпаний санал асуулгад оролцсон америкчуудын тал хувь нь Саддам Хусейныг засаглалаас нь зайлуулсан үйл ажиллагаа нь олон мянган иргэдийн амийг нөхөж чадахгүй гэж үзсэн байна.
Америкийн Foreign Policy сэтгүүл жил бүр “бүрэлдэн тогтоогүй орнуудын” гэж нэрлэгддэг чансааг нийтэлдэг. “Бүрэлдэн тогтоогүй орнууд” гэдэгт өөрийн иргэдэд улс төрийн хангалтай чанарын бүтээгдэхүүнийг хангалттай хэмжээгээр өгч чаддаггүй (нэг үгээр маш муу удирдагдаж байгаа), мөн хүч хэрэглэх монополиа алдсан (жишээлбэл, түүний нутаг дэвсгэрт нь төв засаглалд нь захирагддаггүй хүчирхэг зэвсэгт бүлэглэлтэй) улс орон багтдаг гэнэ. Ирак нь 2011 оны тэр чансаанд маш ээдрээтэй байдалтай орнуудаас есдүгээрт нь бичигдсэн байна. Тус улс өнгөрсөн жил долоод, 2009 онд зургаад, 2007 онд хоёрт нь орж байсан юм.
Transparency International байгууллагын 2011 оны илтгэлд Ирак авлигын төвшнөөр дэлхийд 175-д бичигдсэн байна. Уг судалгаагаар нийт 183 орныг үнэлсэн гэдэг. Иракт одоо 2,7 сая дүрвэгсэд ба шилжин суугчид (2010 оны мэдээгээр) байгаа бөгөөд хоёр сая орчим иракчууд хилийн чанадад зугтан гарчээ.
NBC телекомпани ба The Wall Street Journal сонины хамтарсан судалгаагаар америкчуудын таван хүний нэг нь Иракаас Америкийн цэрэг гарсаны дараа тэнд иргэний дайн эхэлнэ гэдэгт итгэлтэй байна. Харин судалгаанд оролцогчдын дөнгөж дөрвөн хувь нь Иракт бүрэн хэмжээний ардчилал тогтоно гэж үзжээ. Өөр долоон хувь нь Ирак энх тайвантай, тогтвортой улс орон болно гэдэгт итгэлтэй байна.
Америкийн ажил хэргийн институтын (American Enterprise Institute) эрдэм шинжилгээний ажилтан Майкл Рубин (Michael Rubin) АНУ-ын цэргийг Иракаас гаргах болоогүй байсан гэж хэлж байна. “Дайны шалтгаанаас үл хамааран Ирактай үр дүнтэй хамтын ажиллагааг явуулах нь манай сонирхолд нийцэнэ. Бидний гарч явж байгаа нь Ираныг барих ямар ч бодит боломжийг бууруулж, бүс нутгийн манай холбоотнуудад зовинол төрүүлж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Иранд хязгаарлалт тогтоосон ба тэдний бүс нутгийн цорын ганц түнш Сири ангалын эрмэгт дэнжигнэж байна. Америкийн цэргийг Иракаас татсанаар Иран Сирийг дэмжээд барахгүй Ливаны “Хезболлах” бүлгийн дэмжлэгийг хангаж чадна” хэмээн Рубин ярьж байна.
Америкийн дэвшлийн судалгааны төвийн (Center for American Progress) шинжээч Питер Жул (Peter Juul) энэ дайны цорын ганц ялагч нь Иракт нөлөөгөө ихэсгэсэн Иран боллоо гэж тооцож байна. “Иракийн ард түмэн яллаа бас ялагдлаа. АНУ тэднийг хамгийн муу дарангуйлагчаас чөлөөлсөн хэдий ч тэднийг ястан үндэстэн, шашин хоорондын мөргөлдөөний ирмэгт орхиж байна. АНУ-ын хувьд энэ дайн нь ялагдал болсон гэдэгт эргэлзэх зүйл алга” гэжээ. Жулын яриагаар бол Америкийн ялагдал амсан болсон шалтгаан нь АНУ-ын нэр хүндийг энэ дайн олон улсын төвшинд ихээхэн унагасан явдал гэнэ.
Дайнд хэн ялав гэсэн асуултад Дайны судалгааны Засгийн газрын бус институтын (Institute for the Study of War) шинжээч Рэмзи Мардини (Ramzy Mardini) хариулахдаа: “Иран ялж, АНУ богино хугацааны ирээдүйдээ ялагдлаа. Гэхдээ урт хугацааны ирээдүйд АНУ-ын байр суурь сайжирна” гэжээ. Ирак хөрш орнуудтайгаа харилцаагаа эрс сайжруулж чадсаныг мөн онцлоод (Саддам Хусейны үед харилцаа ихээхэн хурцатмал байлаа) харамсалтай нь тус орон өдрөөс өдөр ардчиллаа хумиж байна гэж ярьсан байна. Иракт Ираны нөлөө нэмэгдэнэ гэж дэвэргэх хэрэггүй. Учир нь хоёр орон хоёул нефть экспортлодог учир байнгын өрсөлдөөнтэй байна хэмээн Рэмзи Мардини дүгнэж байна.
АНУ-ын Зэвсэгт хүчний сүүлчийн анги нэгтгэл 2011 оны арванхоёрдугаар сарын 18-ны ням гаригийн өглөө Иракийг орхин гарсан билээ.
Одоо Иракт АНУ-ын Элчин сайдын яамыг хамгаалах 157 цэргийн албан хаагчид, дипломат албадын хамгаалалтад тэнгисийн явган цэргийн жижиг хэмжээний хүчин үлдсэн байна. Үүний зэрэгцээ Иракийн аюулгүйн албаныхныг бэлтгэх НАТО-гийн долоон жилийн ажиллагаа дуусч байна гэж Reuters дамжуулав. Эвслээс уг ажиллагааг сунгахаар Иракийн эрх баригчидтай хийсэн хэлэлцээр үр дүнд хүрсэнгүй. Иракийн дайнд наад зах нь 126 мянган энгийн иргэд, 20 мянган ирак цэрэг, 19 мянган босогчид болон 4,5 мянган америк цэрэг үрэгдсэн байна. Пентагон Иракийн дайнд 770 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд дайнд оролцсон ахмад дайчид, эрэмдэг болсон хүмүүст 2010 оны сүүлч гэхэд 32 тэрбум ам.долларын эмнэлгийн үйлчилгээний хөлс ба нөхвөр олгоод байгаа юм. Энэ зардал цаашид ч өснө.
"Ардын эрх" сонин