Нүүрс, төмрийн хүдрийн экспортоос татвар авахыг дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

Нүүрс, төмрийн хүдрийн экспортоос татвар авахыг дэмжсэнгүй

Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл, Н.Ганбямба нар Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуулийн төсөл боловсруулсныг хэлэлцлээ. Хуралдаанаар уг төслийг дэмжих боломжгүй гэж үзлээ. Өргөн барьсан хуулийн төсөлд нүүрс, төмрийн хүдрийн борлуулалтын үнэлгээнээс нь тооцож экспортын гаалийн татварыг 5 хувиар ногдуулж байхаар тусгасан байна. Аж ахуйн нэгжүүд аж ахуйн нэгжийн орлогын, нэмэгдсэн өртгийн, ашигт малтмалын нөөц ашигласны, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр зэрэгт татвар төлдөг.

Нүүрсний компаниудын хувьд татварын хувь хэмжээ 37-40 хувь хүрч эдгээр татвар, төлбөр дээр экспортын татвар нэмж ногдуулах нь татварын ачаалал хэт өндөр болно гэж Засгийн газар үзэж байна. Мөн эдийн засгийн тэргүүлэх салбар болсон уул уурхайн салбарын татварын дарамтыг нэмэх нь хөгжлийг сааруулж, хөрөнгө оруулалтыг хязгаарлах сөрөг нөлөөтэй. Иймээс хуулийн төслийг Гаалийн тарифын зөвлөлөөр хэлэлцүүлж, холбогдох мэргэжлийн холбоодын санал, дүгнэлтийг авч эцэслэн боловсруулах шаардлагатай гэж үзлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж