Үндсэн хуульд гар хүрэх гишүүн олон байна

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

Үндсэн хуульд гар хүрэх гишүүн олон байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжив.

Засгийн газрын 50 гаруй агентлаг өнөөдөр ажилладаг юм байна. Эрхэм гишүүн Э.Бат-Үүл нар зарим агентлагийг орон нутагт байрлуулах талаар хуулийн төсөл санаачилсан юм. Гэвч зарим гишүүн агентлагуудыг нийслэлээс холдуулах нь үйл ажиллагааны хамрах хүрээг хумиж, төрийн алба цалгардах магадлалтай гэсэнбайр суурьтай байгаа юм. Иймээс агентлагуудыг үйлчилгээ үзүүлэхэд ойр газарт байршуулах эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэж байв.

Гишүүн З.Энхболд “Хуулийн өөрчлөлттэй холбогдуулж 2012 оны сонгуулийн дараа байгуулагдах шинэ Засгийн газарт агентлагуудын байршлыг тодорхой зааж, аль болох олон агентлагийг нийслэлээс гадна байгуулахыг үүрэг болгох хэрэгтэй” гэсэн горимын санал гаргасан юм.

Уг саналыг төсөл санаачлагч Э.Бат-Үүл гишүүн анх хуулийн төсөлд оруулсан ч Засгийн газраас уг саналыг хүлээж авахаас татгалзаж хассан ажээ. Р.Раш гишүүн дээрх саналыг бас дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Р.Раш гишүүн “Хотод бүгд шавж байснаас боломжтой газар нь төрийн үйлчилгээг байрлуулж, олон түмэнд үр өгөөжийг хүртээх нь зөв. Гэхдээ агентлаг нь тэнд, яам нь энд байдаг гээд хүнд суртал газар авах вий” гэж байлаа. Үүний дараа гишүүн Н.Батбаяр нарын 30 гаруй, Д.Энхбат нарын 15, Д.Дамба-Очир нарын таван гишүүний санаачилсан Монгол Улсын Үндсэн хуулийн хорин есдүгээр зүйлийн нэг дэх хэсэгт нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн жардугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зарим хотуудад улсын зэрэглэл тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаар хэлэлцэж гишүүдийн дунд багагүй маргаан, мэтгэлцээн өрнөв. Эндээс харвал Үндсэн хуульд гара хүрэх гэсэн гишүүн олон байгаа аж.

Д.Дамба-Очир, Д.Загджав нарын гишүүд хуучин хот байсан газруудыг сэргээж Үндсэн хуульд хот гэсэн статусыг оруулж өгөх хэрэгтэй гэж байлаа. Харин гишүүн Ц.Мөнх-Оргил “Үндсэн хуулийн заалтад буруу зүйл байхгүй. Хот гэсэн үг алга болсноос хотынхны байдал хохироогүй. Үүнийг хот, тосгоны эрх зүйн байдлын хуулиар зохицуулж байгаа. Хот гэдэг засаг захиргааны нэгжтэй улс орон бхйхгүй. АНУ-ын Лос-Анжелес  сум гэж байна. Тэр сум 87 хоттой. Засаг захигргааны нэгж нь сум байдаг. Үйлчилгээ нь хотуудаараа дамжиж хүрдэг” гэлээ.

Э.Бат-Үүл гишүүн санал гаргасан гишүүдийг Үндсэн хуулиа уншаагүй байна хэмээн зэмлээд Улс орны нутаг дэвсгэрийг засаг захиргааны нэгжээр хуваадаг. Хотыг энэ нэгжид оруулдаггүй. Хотыг сэргээнэ гэвэд засаг захиргааны нэгжийг дахин хуваарилалтад оруулах гэж байна. Монголын хил дээр гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэр бариад түүнийг дагуулж хот үүсгэвэл түүнд нутаг дэвсгэр дахин хувааж өгөх болчих гээд байна. Ингэж таарахгүй” хэмээж байв. Тэрбээр “Үндсэн хуульд ихэд бодож хийсэн сайн заалтууд бий. УИХ 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт хийгээд түүнийхээ учрыг одоо ч олохгүй сууна. Үндсэн хуулиа ойлгохгүй байж зэрэмдэглээд одоо дахиад нэмэлт оруулах гэдэг нь юу вэ. Монголд уул уурхай хөгжиж гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж хотжилт үүсэх гэж буй үед нутаг дэвсгэрээ дахин хуваарилж болохгүй. Хот нэрээр салан тусгаарлалт эхэлнэ шүү. Компанид үйлчилдэг засаг захиргааны нэгж болох гээд байна. Зарчмын хувьд эсэргүүцэж байна” гэлээ.

Дараа нь Н.Батбаяр нарын 30 гаруй гишүүний санаачилсан Үндсэн хуулийн хорин есдүгээр зүйлийн нэг дэх хэсэгт нэмэлт оруулах тухай асудлыг хэлэлцсэн юм. Тэд Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь л УИХ-ын гишүүн байх ёстой гэсэн нэмэлт оруулахаар санаачилжээ. Гишүүн Э.Бат-Үүл тэр гуравны нэг нь Батлан хамгаалах, Гадаад харилцаа, Сангийн зэрэг гол бодлогын яам байх уу, эсвэл Уул уурхай зэрэг улс төрийн ашиг сонирхол бүхий яам байх уу гэдэг эргэлзээтэй гээд хэрэв Ерөнхий сайд гуравны нэг гэдгээ өөрөө мэдэж байгуулбал утгаа алдана шүү гэдгийг анхааруулав. Н.Батбаяр нарын гишүүд мөн сумын Засаг даргыг иргэдийн саналаар сонгодог байя гэсэн нь ихээхэн маргаан мэтгэлцээн дагуулсан юм. Засаг даргыг ИТХ буюу намын гишүүд мэдэх нь буруу гэснээс болж нам хэрэгтэй, хэрэггүйдээ ч тулж үзэв.

Төгсгөлд нь Н.Батбаяр нарын гишүүдийн санаачилсан Нийтээр тэмдэглэх баяр ёслол, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төсөл бүр ч их маргаан дэгдээв. Төсөл Монгол Улс Манжийн 220 жилийн дарлалаас чөлөөлөгдөж тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойг бүх нийтийн амралтын өдөр болгох, цаашдаа арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээрээ амарч байх, тусгаар тогтнолын 100 жилийн ойг онцлон бөхчүүдэд улсын цол олгох зэрэг агуулгыг багтаажээ.

Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагддаг МАН-ын бүлгийн гишүүд уг асуудлыг хэлэлцэх үед гарч явсан нь маргааныг дэвэргэн гал дээр тос нэмсэн юм. Тэд баярыг дэмжих боловч бөхөд цол олгох хэрэггүй гэж үзжээ. Тусгаар тогтнолын 100 жилийн ойг онцгойлон үзэж бөхчүүдэд улсын цол олгох асуудлыг эрхэм гишүүн, үндэсний бөхийн дархан аварга Б.Бат-Эрдэнэ болон Бөхийн холбооныхон дэмжихгүй байсан юм. Гэвч Н.Батбаяр нарын гишүүд онцгой тохиолдол тул цол олгох ёстой хэмээн маргалдсаар санал хураасан ч дэмжлэг авсангүй. Үүнээс болж АН-ын бүлгийнхэн МАН-ынхан тусгаар тогтнолыг дэмжихгүй байж ордондоо Тусгаар тогтнолын гэсэн нэр өгсөн нь буруу гэцгээлээ. Б.Бат-Эрдэнэ аврагыг Моннолын нууц товчооны 750 жилийн ойгоор цол авсан нь буруу байсан уу гэх асуудлыг ч сөхөж, Б.Бат-Эрдэнэ аварга “Цолоо тэгвэл авахгүй юү” хэмээн бухимдав.

МАН-ын бүлгээс орж ирсэн Д.Очирбат гишүүнийг Н.Батбаяр гишүүн “Тусгаар тогтнолыг дэмжихгүй байгаа гишүүд УИХ-ын гишүүний мандатаа орхид танхимаас гар. Монголоос яв” гэхчлэн загнаж ч үзлээ. Эцэст нь байнгын хорооны хуралдааныг завсарлуулсан юм.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж