Хятадын Засгийн газар 2015 он гэхэд нарны эрчим хүч үйлдвэрлэлийн хэмжээгээ 10 ГВт-д хүргэх зорилт тавиад байсан. Засгийн газар энэхүү зорилтыг саяхан 50 хувиар нэмэгдүүлж, 15 ГВт-д хүргэхээр шийдвэрлэсэн тухай тус улсын Үндэсний радио мэдээлжээ.
Хятад улс нь 2006 оны байдлаар цахилгаан эрчим хүчнийхээ 77 хувийг нүүрсээр бүрдүүлж байсан бөгөөд энэ үзүүлэлт энэ жилийн байдлаар төдийлөн буураагүй байгаа юм. Гэвч 2050 он гэхэд тус улс нүүрсний хамаарлаа бууруулж, цахилгааны хэрэглээнийхээ 30 хувийг нүүрст түшиглэсэн цахилгаан станцуудаас хангадаг болох зорилт тавьжээ.
Хятадын хамгийн ойрын ногоон зорилтын тоонд нүүрсний хэрэглээг хязгаарлах зорилт багтаж байна. Тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн тэргүүн Хан Вэнкэ “2014 он гэхэд манай улсын нүүрсний хэрэглээ 4 тэрбум тонноор хязгаарлагдах ёстой. Бид энэ зорилтыг биелүүлэхийн тулд нүүрсний хэрэглээгээ 600-800 сая тонноор хумих шаардлага гарна” гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.
Хятад улсын нүүрсний хэрэглээ энэ оны байдлаар 3.5 тэрбум тоннд хүрчээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 300 сая тонноор өссөн үзүүлэлт юм. Энэ хэмнэлээр хэрэглээ өсвөл, тус улсын нүүрсний хэрэглээ 2020 онд 5 тэрбум тонн, 2030 онд 5.5 тэрбум тоннд хүрэх төлөв гарчээ.
Хятад нүүрсний хэрэглээгээ хязгаарлахын тулд сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүчний станцуудын бүтээн байгуулалтыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх нь улам тодорхой болж байна.
Б.Төгс