“Бөмбөгөр арвай” компанид тус нутгийн 910 иргэн гишүүнээр нэгджээ. Эднийхэн гишүүдийн хурлаараа хэлэлцэж, чацаргана тариалах болон мах боловсруулах үйлдвэртэй болохыг чухалчилсан аж. Энэ дагуу 18 га газрыг хашиж, хөрсөнд суулгасан 6000 мянган чацарганы бутаа усалгаа хийн тордсон байх юм. Гурав дахь жилээсээ үр жимсээ өгөх бяцхан суулгац талбайгаар нэг жирийх аж. Харин сумын төвөөсөө холгүйхэн 10-аад км зайд мах боловсруулах үйлдвэрээ байгуулж байна. Эхний ээлжинд нэгдлийн хорин гишүүн үйлдвэртээ ажиллах боловсон хүчнээр бэлтгэгджээ. Тэд ажлын газрынхаа барилгын бүтээн байгуулалтад гар, бие оролцон завгүй байхтай таарав. “Үйлдвэрийн барилга 12 дугаар сард ашиглалтад орно, Бог, бодын мах ангилан боловсруулах шугам маань Герман Улсад ашиглагдаж байсан төхөөрөмж. Чанартай гэж үзээд сонгосон. Бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг Хятад Улсаас авч байгаа. Нийт 70 сая төгрөгийн өртөгтэй төхөөрөмж суурилуулна” гэж “Бөмбөгөр арвай” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Энхбаатар танилцуулав. Хэдийгээр хүчин чадлын хувьд жижигт тооцогдох боловч Бөмбөгөр сум дахь энэ үйлдвэр махаа ангилан, ялгаж тусгай савлагаатайгаар худалдаанд гаргаад зогсохгүй хагас боловсруулсан бүтээгдэхүүн буюу бууз, банш хийх гэнэ. Түүгээр ч үл барам лаазалсан махан бүтээгдэхүүн, хиам хийхээр төлөвлөжээ.
Хуучнаар бол нэгдэл гэж байх үеийг санагдуулах “Хүний хөгжил сан”-гаас сар бүр олгодог 21 мянган төгрөгөөр эх үүсвэрээ олж, байгуулагдсан хувьцаат компаниудыг өргөжүүлэх ажил далайцтай өрнөж байна.
Бүгдээрээ төрөөс бэлэн мөнгө аваад залхуугийн гадаа түлшгүйн үлгэрийг биелүүлэх хийрхлийн үед цэг тавьж, орон нутаг бие даан хөгжих боломжтойг харуулахын бодитой жишээ энэ байж болох юм.