Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хотуудын статусыг сэргээх, сумдын Засаг дарга нарыг иргэдээс сонгох зэрэг асуудал мэтгэлцээн дагуулсан бол Н.Батбаяр нарын гишүүдийн санаачилсан Нийтээр тэмдэглэх баяр ёслол, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төсөл бүр ч их маргаан дэгдээв. Төсөл Монгол Улс Манжийн 220 жилийн дарлалаас чөлөөлөгдөж тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойг бүх нийтийн амралтын өдөр болгох, цаашдаа арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээрээ амарч байх, тусгаар тогтнолын 100 жилийн ойг онцлон бөхчүүдэд улсын цол олгох зэрэг агуулгыг багтаажээ.
Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагддаг МАН-ын бүлгийн гишүүд уг асуудлыг хэлэлцэх үед гарч явсан нь бүр ч гал дээр тос нэмж, Монголын тусгаар тогтнолыг МАН-ын бүлгийнхэн дэмжихгүй байна уу гэх зэрэг үгийг АН-ын бүлгийнхэн чулуудлаа. 100 жилийн ойгоор бөхчүүдэд улсын цол олгох асуудлыг эрхэм гишүүн, үндэсний бөхийн дархан аварга Б.Бат-Эрдэнэ болон Бөхийн холбооныхон дэмжихгүй байсан юм. Гэвч Н.Батбаяр нарын гишүүд онцгой тохиолдол тул цол олгох ёстой хэмээн маргалдсаар санал хураасан ч дэмжлэг авсангүй. Гэвч ирц гүйцсэн хойно дахин хэлэлцэхээр болж байнгын хорооны хуралдааныг 16.00 цаг хүртэл завсарлууллаа.