Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

Ховд их сургуулийн Биологийн тэнхимийн эрхлэгч, амьтан судлаач докторант М.Отгонбаатар, амьтан судлаач докторант Б.Ганчимэг, Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн А.Нансалмаа, Булган сумын байгаль хамгаалагч Х.Хоржин, Эрдэнэбүрэн сумын байгаль хамгаалагч Н.Гантөмөр нар Булган, Ховд голын минж судалжээ.

Тэд минжний мөр, зам жим, мэрдэс, нүх, овоохой зэрэг ул мөрийг тэмдэглэж тоолох замаар үлдээсэн ул мөрний нягтшлыг гаргажээ. GPS ашиглан шинж тэмдгийн солбилцлол, хоорондох зай, мэрдэсийн шинэ хуучин зэргийг тогтоож бүртгэлийн хүснэгтэд бүртгэж авчээ. Судалгааны марш-рут, минжний тархалт болон эзэмшил нутгийн хэмжээ, голын урт зэргийг сансрын зураг ашиглан судалгааны үр дүнг зурагт буулгасан байна.

Булган голын минжний гол тархац нутаг нь Хятад, Монголын хилээс дээш Хар усны эх, Монгол дахь тархалт хил хүртэл байна. Булган сум орчмын болон түүнээс дээш минжний тархац нутгууд дахь ой бүхий голын сав газрыг малчид, иргэд хадлан ургуулах зорилгоор бага багаар таслан торлосон нь ой сэргэх, минжний амьдрах нөхцөл бүрдсэн нь ажиглагджээ. Булган голд дунджаар нийт 128 бүл минж байгаа тоо гарчээ. Харин Ховд голд нэг км-т 0.48 минжний овоохой тохиолдож байсан. Ховд гол судалсан хэсэгт дунджаар 52 бүл байна. Эдгээр бүлийн ихэнх нь Эрдэнэбүрэн сумын нутагт тохиолдох ба харин Онгоцны улаан уулнаас Мянгадын модон гүүр хүртэл нягтшил эрс бага байна. Булган, Ховд голын минжний тоо толгой, нягтшил амьдрах орчны доройтлоос шалтгаалан сүүлийн үед цөөрч байгаа нь судалгаанаас харагджээ. Эрдэнэбүрэн, Жаргалант, Мянгад, Буянт сумын айл өрх, малчид малын хашаа хороо барьж бургасыг их хэмжээгээр түлшинд хэрэглэсэн нь минжний тоо цөөрөхөд нөлөөлжээ. Бас Булган голын урсгалыг даган Хятадын нутаг руу нүүдэллэж буй минжний нүүдлийг зогсоон хилийн ойролцоо тор татах болон бусад шаардлагатай арга хэмжээг авах шаарлагатай гэж судлаачид үзэж байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж