Энэ оны наймдугаар сараас хойш тэмцээн уралдаанд оролцоогүй байсан Америкийн нэрт теннисчин Венус Уилльямс ирэх оны нэгдүгээр сард болох ASB ангиллын Оаклэндийн тэмцээнийг өнжихөөр болжээ. Шинэ Зеландад болох WTA холбооны тэмцээн нийт 220 мянган ам.долларын шагналын сантай бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 2-7-нд болох юм. Өдгөө 31 настай алдарт теннисчин энэ жилийн Америкийн нээлттэй тэмцээнд өвчний улмаас оролцоогүй билээ. Түүний биеийн байдал сайжирч, үе мөчний өвчин бүрэн эдгэсэн ч теннисний талбайдаа эргэн ирэхэд 100 хувь бэлэн биш хэмээн үзжээ.
“Их дуулга”-ын тэмцээнд долоон удаа түрүүлсэн (2000, 2001, 2005, 2007, 2008 оны Уимбльдон, 2000, 2001 оны Америкийн нээлттэй тэмцээн) түүний хувьд энэ жилийн "Америкийн нээлттэй тэмцээн"-ий 2-р тойргоос тэмцээнийг орхиж чансаа буурсан билээ.
Харин 2012 оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээн нэгдүгээр сарын 16-нд эхлэх бөгөөд тэрбээр их дуулгад оролцохоор болсон нь тодорхой болоод байна.
Ч.Болор