Өрийн хямралаас сэргийлэх “хана босгоно”

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

Өрийн хямралаас сэргийлэх “хана босгоно”

Европын сангийн сайд нар даваа гаригт удаан хуралдсаны эцэст ОУВС-д 150 тэрбум еврогийн хөрөнгө оруулах шийдвэр гаргажээ. Гол зорилго нь Грекийн араас орж, өрийн хямралд автсан Итали, Испаниас сэрэмжлэх санхүүгийн хамгаалалтын хана босгох ажээ. Европын холбооны лидерүүд ОУВС-д 200 тэрбум евро хандивлахаар ярилцаж байсан авч 150 тэрбум болгож бууруулжээ. Энэ хөрөнгө оруулалт ОУВС-ийн хэвийн үйл ажиллагааг хангаж, гишүүн орнуудад дэмжлэг үзүүлэхэд зориулагдах ажээ. Европын орнуудын энэ алхам үнэт цаасны зах зээлийг тогтворгүй болгох эрсдэлтэй гэх болгоомжлол байгаа ч Европын холбоог өрийн хямралаас гаргахад үүнээс их хөрөнгө шаардлагатай гэж эдийн засагчид үзэж байгаа юм. Уг хөрөнгийг ОУВС санхүүгийн яаралтай тусламж хэрэгтэй орнуудад зээл хэлбэрээр олгох ажээ. ОУВС-д хөрөнгө оруулах дээрх төлөвлөгөөг Европын холбооны орнууд Засгийн газрын төвшинд хэлэлцэж байгаа бөгөөд уг төлөвлөгөө зарим оронд улс төрийн зөрчил үүсгэж болзошгүй байгаа гэнэ. Өрийн хямралд орсон орнуудад санхүүгийн зээл олгохыг хамгийн ихээр эсэргүүцэж буй орнуудын нэг нь Герман. Тус улсын парламентын доод танхим буюу Бундестаг уг төлөвлөгөөний эсрэг байр суурьтай байгаа гэнэ. Европын холбооны орнуудын дунд ОУВС-д хөрөнгө оруулах квот байдаг ажээ. Евро бүсийн 17 орноос Герман, Франц ОУВС-д хандивлах 150 тэрбум еврогийн тал хувийг гаргах ажээ. Харин Европын холбооны том орон болох Итал ОУВС-д 23 тэрбум еврогхөрөнгө оруулах бололтой. Нэгдсэн мөнгөн тэмдэгт еврог хэрэглэдэггүй Их Британи тус санд оруулах хөрөнгө оруулалтыг бууруулах нь гарцаагүй болжээ. Евро бүсийн 17 орноос гадна Чех, Дани, Польш, Швед зэрэг Европын дөрвөн улс ОУВС-д хувь нэмрээ оруулах юм байна. Харин ОУВС-ийн том хөрөнгө оруулагч АНУ тус санг одоо тулгарч буй саад бэрхшээлийг давах бүрэн бололцоотой гэж үзэж байгаа ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж