”Шүүхийн шинэчлэл хуульчдын идэвх, санаачилгаас хамаарна”

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

”Шүүхийн шинэчлэл хуульчдын идэвх, санаачилгаас хамаарна”

“Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирмийн өмгөөлөгч Б.Мөнхбатыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Шүүхийн тогтолцоог шинэч­лэх тухай олон санал гарч, хүмүүс  өөр хоорондоо ярилцаж, санал солилцож байгаа. Чухам юунд анхаарах ёстой гэж та үзэж байна вэ?

-Ардчилсан парламенттай болс­ноос хойш Эрүүгийн болон Эрүү­гийн байцаан шийтгэх хууль, Ир­гэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль зэрэг хуулийн шинэчлэлийг хийсээр ирсэн. Миний бодлоор хууль тогтоомж, эрх зүйн хувьд харьцангуй шинэчлэгдсэн. Тиймээс “Хуулиа шинэчлэнэ” гэхээс илүүтэйгээр хуулийн байгууллага, түүний үйл ажиллагаа, хуульчдын шинэчлэлийг ярих хэрэгтэй. Энэ ч утгаараа үүнийг хэлэлцэж байна. Иргэд хуульчдыг шударга ёсны хэмжүүр гэж харж, ойлгох ёстой. Гэтэл манай улсад ингэж ойлгож байна уу гэдэг нь эргэлзээтэй. Энэ  хууль тогтоомжийг шинэчилж чадаагүйдээ бус тэнд ажиллаж байгаа хуульчидтай холбоотой болов уу. Мөн шударга ёсны хэмжүүрээ дээшлүүлэх тал дээр хуульчид бие, биедээ хяналт тавьж ажиллах цаг нь болжээ. Иймээс дээрх асуудал руу Шүүхийн багц хуулийн төслийн үзэл санаа, баримтлал чиглэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хараат бус, бие даасан байдлын тогтолцоог хангахын тулд хуульчид нэгдсэн зохион байгуулалтад орж, ийм байдлыг бий болгох нь чухал үзэл санаа. Шүүхийн шинэчлэлийн асуудлыг зөвхөн шүүгчидтэй холбон үзэж болохгүй. Хуулийг хэрэгжүүлж байгаа шүүх, прокурор, өмгөөлөгч, хуульчид бүгд багтана. УИХ-аар Хуульчийн эрх зүйн байдлын болон Өмгөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцээгүй, хойшлуулсан байгаа. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд хуульчдын танхимыг зохион байгуулахаар тусгасан. Хуульчид танхимын зохион байгуулалтад орсноор болохгүй, бүтэхгүй байгаа бүхнээ шийддэг болно. Ямарваа нэг асуудлыг шүүх дээр ярих бус хуульчдын танхим болох тогоон дотроо ярилцаж, шийдвэрлэдэг байх хэрэгтэй юм.

-Хуульчдын танхим гэдэгт сонирхсон хуульч, өмгөөлөгчид орох юм уу. Аль эсвэл бүгдийг нь албан ёсоор энэ зохион байгуулалтад оруулахаар байгаа юм уу?

-Энэхүү танхимд шүүгч, прокурор, өмгөөлөгч гэсэн гурван субъект орно гэж ойлгож болно. Хуульчийн сонгон шалгаруулалтаар гэрчилгээ авсан хүмүүс шүүхийн, прокурорын, өмгөөллийн сонгон шалгаруулалтад дахин орсны дараа мэргэжлээрээ ажиллах боломж бүрдэнэ. Харин хуульчдын танхим байгуулснаар сонгон шалгаруулалт болон цаашид ямар мэргэжлээр ажиллах зэрэг нь танхимын эрх мэдэлд шилжих юм. Мөн хууль зүйн боловсролын үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Учир нь хуульч мэргэжлээр бэлтгэдэг маш олон дээд сургууль байгаа болохоор үүнд анхаарах шаардлагатай байгаа юм. Бүр цаашилбал энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын магадлан итгэмжлэлийг шийддэг болох нь хуульч мэргэжлийн нэр хүндийг тогтвортой байлгахад ач холбогдолтой.

-Шүүхийн багц хуулийн төслийг баталж, хуулиа шинэчлэхээс өмнө уг салбарт ажиллаж буй хуульчдын ёс зүйг дээшлүүлэх, хараат бус байх нь чухал байх. Тийм үү?

-Шүүгч, прокурорын хувьд цалин хангамжийг нь төрөөс маш сайн өгөх ёстой. Яагаад гэвэл энэ нь тэднийг хараат бусаар ажиллахад нөлөөлнө. Өмгөөлөгч нарын тухайд төсвөөс цалин авна гэсэн ойлголт байхгүй. Ер нь хараат бус, мэргэжлийн ёс зүйгээ баримталдаг зарчмыг хуульч мэргэжлээр суралцахаас авахуулаад сургах ёстой юм. Цалин хангамж муутайгаас хараат бус байдлаа алдаж байна гэсэн ганцхан өнцгөөр асуудлыг харж болохгүй. Хамгийн гол нь хувь хүн өөрөө ёс зүйтэй, ухамсартай байх нь чухал. Ийм ёс суртахууныг бий болгох ч ёстой.

-Нөгөөтэйгүүр хэтэрхий олон чанартай, чанаргүй хуульчид “төрж” байгаатай холбож болох юм?

-Би нарийн статистик тоог хэлж мэдэхгүй юм. Ямартай ч эрх зүйч мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль маш олон. Их, дээд сургууль төгсчихөөд шууд хуульч боллоо гэж ойлгож болохгүй. Хуульч хэмээн нэрлэгдэж, мэргэжлийн үйл ажиллагаанд оролцохын тулд заавал хуульчийн сонгон шалгаруулалт өгөх шаардлагатай. Үүний дараа мэргэжлийн сонгон шалгаруулалтыг өгч байж төрийн албан хаагч, өмгөөлөгч болдог болохоор чанаргүй гэгдэх хуульчдад шүүлтүүр болж өгч байгаа гэсэн үг.

-Өмгөөлөгчид ядуу хүмүүст нэг өөрөөр, мөнгөтэй хүмүүст нэг өөрөөр ханддаг гэж шүүмжлэх иргэд олон бий. Үүнээс болж “Шүүх эрх мэдлийн байгууллагууд муу ажилладаг” гэх үнэлгээг олон нийтэд өгдөг юм шиг санагддаг. Та үүнд хэрхэн ханддаг вэ?

-Өмгөөллийн тухай хуулиар өмгөөлөгчид төлбөрийн чадваргүй хоёр иргэнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ёстой. Өмгөөлөгчийн ажлын зарчим бол үйлчлүүлэгчтэйгээ ажлын хөлсөө чөлөөтэй тохиролцох нь дэлхийн аль ч улс оронд байдаг. Харин өмгөөллийн туслалцаа авах төлбөрийн чадваргүй хүмүүст үнэ төлбөргүй хууль зүйн үйлчилгээ үзүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Мөн нөгөө талаас энэ асуудлыг өмгөөлөгчид өөрсдөө бодох хэрэгтэй л дээ.

-Шүүхийн шинэчлэлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байхад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруу­лахаас нааш шинэчлэл хийж чадахгүй гэж хэлэх хүмүүс байсан. Ийм ойлголтоор шүүхийн шинэчлэлийн тухай ярих нь хэр оновчтой юм бэ?

-Шүүх эрх мэдэлтэй холбоотой асуудал Үндсэн хуулийн агуулгатай зөрчилдөж байна гэж бодохгүй байгаа. Харин ч шүүх эрх мэдэлд хэрэглэх ёстой зарчмын шинж чанартай заалтууд Үндсэн хуульд тусгасан. Ингэж бодож байгаа бол өрөөсгөл ойлголт болов уу.

-Таныхаар Улсын дээд шүүхийг хараат бус ажиллаж чадаж байгаа гэж үздэг үү?

 -Миний итгэл үнэмшлээр бол хараат бусаар ажиллаж байгаа. Сүүлийн үед Улсын дээд шүүхийг шүүмжлэх болсон. Улс төрийн нөлөөнд автаж улстөржсөн шийдвэр гаргадаг гэж бодохгүй байна.  

-Тэгвэл шүүхийн шинэчлэлийг хийснээр “Шүүх хараат байдаг” гэх яриаг халж чадах уу?

-Энэ асуудал нь томилгоо, сонгон шалгаруулалттай холбоотой. Хэрэв ямар нэгэн байдлаар улс төрийн нөлөөлөл орох л юм бол хараат бус байдал нь алдагдана. Тэгэхээр шинэтгэл хийж, зохион байгуулалтын оновчтой гэсэн хэлбэрийг сонгочихвол шүүгчдийн томилгоо, сонгон шалгаруулалтын асуудлыг давхар шийдэх юм. Энэ ч үүднээс танхимын зохион байгуулалт хамгийн оновчтой хувилбар болов уу гэж үзэж байна.

-Улстөрчдөөс хараат бусаар буюу танхим дотроо Ерөнхий шүүгч болон шүүгчдийг томилоод явна гэсэн үг үү?

-Үндсэн хуулиар олгосон эрхийн дагуу Ерөнхийлөгч шүүгчдийг томилох учиртай. Харин танхимын тухайд шүүгчдийг сонгоход санал оруулна уу гэхээс биш шууд томилно гэж байхгүй. Нийт 2000 хуульчид хэн нь чадвартай болохоо танхим дотроосоо өөрсдөө гаргаад ирнэ шүү дээ.

-Шүүхийн эрх мэдлийн байгууллагад шинэчлэл хийх цаг нь ирсэн гэж боддог уу?

-Ер нь бол цаг ирсэн. Нийт 800 гаруй хууль баталсан гэх тоо бий. Тэгэхээр хангалттай олон хууль баталсан. Аль ч салбарт шинэчлэл хийгдээд байгаа. Гэтэл хууль эрх зүйн салбарынхан өөрсдөө шинэчлэл хийхдээ хойрго хандаад байна. Сүүлийн 20 жилд дорвитой шинэчлэгдсэнгүй. 

-Шүүхийн багц хуулийн тө­сөл батлагдсанаар шүүхийн ши­нэчлэлийг хийлээ гэж ойлгож болох уу?

-Хамгийн гол нь шүүхийн шинэчлэлээ хуульчид өөрсдөө хийе гэж байгаа юм. Түүнээс биш улстөрчдөөр шинэчлэлээ хийлгэнэ гэж байхгүй болов уу. Шүүхийн шинэчлэлийн арга хэмжээ нь ч өөрөө уг салбарт ажиллаж байгаа хуульчдын саналыг авч, өөрсдөөр нь шинэчлэл хийлгэхэд оршиж байна. Бид асуудлаа өөрсдөө л шийдэх ёстой шүү дээ.

-Таны хувьд жинхэнэ утгаараа шүүхийн шинэчлэлийг хийнэ гэдэгт итгэлтэй байгаа юу?

-Хуульч бидний идэвх, санаа­чилгаас л хамаарна. Хэрэв “Энэ хэвээрээ байж байя” гэж бодож буй хуульчид байвал шинэчлэлийн тухай ярих нь эрт байна гэсэн үг.

-Салбараа шинэчлэх их ажилд хуульчид хэр идэвхтэй оролцож байгаа вэ?

-Идэвхтэй оролцоно гэж найдаж байна. Шүүгч, прокуроруудын тухайд хэвлэлээр үзэл бодлоо илэрхийлээд яриад байх нь ховор байдаг. Хэлэлцүүлгийн үеэр уулзаж, ярилцаж байхад шинэчлэл хийх шаардлагатай гэдэг дээр санал нийлдэг.

-Ярилцсанд баярлалаа.  

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж