Монгол жүдочид Лондонд хэдүүлээ зодоглох вэ?

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

Монгол жүдочид Лондонд хэдүүлээ зодоглох вэ?

Олимпийн наадмаас монголчуудын хагас зуун жил шахам хүлээсэн алтан медалийг эх орондоо анхлан авчирсан жүдочид маань ирэх жил Английн Лондон хотноо болох зуны спортын ХХХ наадамд хэдүүлээ оролцох бол гэж спорт сонирхогчид таамаглал дэвшүүлж байгаа биз. Урд хөршийн нийслэлд болсон өмнөх олимпийн амжилтыг давтах, цаашлаад ахиулахад энэ төрлийнхөн гол итгэл, найдварыг тээн оролцох учраас хүн бүр үүнийг сонирхож буй нь лавтай. 2004 оныг хүртэл олимпийн өмнөх жилийн ДАШТ, олимпийн жилийн тивийн АШТ-ий медальт болон шагналт байрын бөхчүүдэд олимпийн эрх олгодог байв. Ингэснээр нэг тэмцээнд од нь гүйсэн, эсвэл азтай сугалаа татсан жүдочдын олимпод оролцох магадлал, боломжийг нэмэгдүүлдэг байлаа. Харин Бээжингийн олимпийн сонгон шалгаруулалтыг тив бүрт цуврал тэмцээн явуулж, тэдгээрт оролцсон байдлаар нь эрэмбэлэх аргыг нэмж хэрэгжүүлсэн. Харин одоо бол дэлхийн бүх орны тамирчид тив тивдээ хуваагдалгүй, нэг л талбарт өрсөлдөж байгаа гэдгээрээ онцлогтой. Энэ нь жинхэнэ шилдгүүдийг шигших зөв арга болсон хэмээн мэргэжилтнүүд ярьж байгаа юм. Урьд нь баримталдаг байсан сонгон шалгаруулалтаар нэг тивээс орох тамирчдын тоо хязгаарлагдаг байлаа. Харин одоо тийм зүйл үгүй болов. IJF-ийн шинэ удирдлагууд жүдочдыг амжилтаар нь эрэмбэлэх одоогийн аргачлалыг нэвтрүүлсэн.

Олимпийн эрх олгох шинэ журмаар 2010 оны тавдугаар сараас 2012 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд үзүүлсэн амжилтаар эрэгтэйчүүдийн жин бүрийн эхний 22, эмэгтэйчүүдийн шилдэг 14 нь олимпийн эрх авна. Үүнийг “шууд эрх” хэмээн томъёолжээ. Үүнээс гадна тив бүрт нэмэлт квот тогтоосон ба Азид 20-ийг өгсөн. Энэ нь шууд эрхээр олимпийн болзол хангаж чадаагүй тамирчдад хамаарна. Ингэхдээ нэг улсад нэг эрх, нэг жинд хоёр хүртэлх эрх олгоно гэж заасан байгаа юм. Тиймээс олимпийн эрх авсан бөхчүүдийн нэр ирэх оны хавар л тодорхой болох нь. IJF-ийн чансааны одоогийн байдлаар есөн тамирчин Лондонд зодоглох боломжтой байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Төмөрхүлэг, Г.Болдбаатар, Ч.Болдбаатар, 66 кг-д Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа, 73 кг-д С.Ням-Очир, -100 кг-д Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа, 63 кг-д Ц.Мөнхзаяа, -78 кг-д П.Лхамдэгд нар олимпийн эрхийн бүст эрэмбэлэгдэж буй.

Энэ удаагийн сонгон шалгаруулалтын бас нэг онцлог нь тухайн бөх зөвхөн өөрийнхөө оноог цуглуулах явдал. Өмнө нь зөвхөн улсаар нь олимпийн эрх, түүнийг олгох оноог тооцдог байсан тул нэг жингийнхэн урьдчилсан тэмцээнүүдэд ээлжилж оролцсон ч амжилт, оноогоо нийлүүлж бодуулж болдог байсан. Тэгвэл одоо зөвхөн хувийн амжилтаар эрхийн оноог тооцож байгаа нь сайшаалтай. Олимпийн эрх олгох бүст нэг улсаас хоёр болон түүнээс дээш тооны тамирчин багтвал тухайн улсын үндэсний олимпийн хороо нь аль тамирчныг оролцуулахаа шийднэ хэмээн заажээ. Үүнээс үзвэл эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, -100 кг-д манай тамирчид олимпод оролцохын тулд дотооддоо бас ширүүн өрсөлдөөн өрнүүлэх нь.

Харин эрх авсан тамирчин нь гэмтэл болон бусад шалтгаанаар олимпод барилдах боломжгүй болвол түүнийг заавал тухайн улсын тамирчин нөхөн оролцохгүй. Үүнийг тайлбарлахдаа хөнгөн атлетикийн өндрийн харайлтын жишээг авсан байна. Олимпод оролцох болзол 209 см дээгүүр давах шалгуурыг нэг тамирчин нь биелүүлсэн ч гэмтчихвэл 180 см дээгүүр харайж чаддаггүй хэрнээ тэр улсдаа хоёрдугаарт эрэмбэтэй хүн нөхөн оролцвол нэгдүгээрт, улсынхаа нэр хүндэд, хоёрдугаарт, спортын нэр хүндэд, гуравдугаарт, олимпийн наадмын нэр хүндэд сөрөг нөлөөтэй гэжээ. Ингэснээр спортын сонирхолтой үзүүштэй байдал алдагдаж, үүнийг дагаад үзэгчийн тоо бууран, улмаар санхүүжилт багасах хор уршигтайг анхааруулсан байдаг. Олимпод оролцох “шууд эрх”-ийн бүст одоогоор хараахан багтаагүй буй бусад жингийнхний боломжийг авч үзье. Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Э.Энхбат Чиндаогийн гранприд хүрэл медаль авснаар олимпод оролцох боломжтой тамирчдын тоонд багтсан. Тэрээр хэрвээ ирэх тавдугаар сар хүртэл энэ байраа хадгалаж чадвал Лондонд барилдана.

Ирэх оны эхний хоёр сард болох тэмцээнүүд

I.14-15 Мастерс           Казахстаны Алмата
I.28-29 Дэлхийн цом   Болгарын Софи
                                     Гүржийн Тбилиси
II.4-5    Их дуулга        Франц Парис
II.11-12 Дэлхийн цом  Австрийн Оберварт
                                     Унгарын Будапешт
II.18-19 Гранпри          Германы Дюссельдорф
II.25-26  Дэлхийн цом Чехийн Праг
                                     Польшийн Варшав

IJF-ийн одоогийн чансаанд үндэслэн олимпийн эрх олговол Бразил, Франц, Япон, БНСУ-аас бүтэн баг буюу 14 бөх Лондонд барилдахаар байна. Зохион байгуулагч орны хувиар Их Британи мөн ийм тооны бөх оролцуулах билээ. ОХУ 13, Куба, Герман, Украин тус бүр 10, Монгол, Голланд тус бүр есөн тамирчинтай Лондонд очих төлөвтэй байгаа бөгөөд манай улс олимпийн жүдо бөхийн тэмцээний том багуудын тоонд зүй ёсоор багтахаар байна. Нийт 114 орны жүдочид олимпийн дэвжээнд хүч үзэх магадлалтай байгаа юм.

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж