Хүнсний барааны үнэ хэлбэлзэл багатай байна

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

Хүнсний барааны үнэ хэлбэлзэл багатай байна

Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний дундаж үнийг өнгөрсөн сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.7 хувиар их байна. Статистик судалгаанууд ч гарчээ. Энэ сард махны дундаж үнэ өмнөх сарынхтай харьцуулахад хонины махны ханш 6.0-8.3 хувь, үхрийн махны үнэ 1.4-2.1 хувь, ямааны махных 2.8 хувь, адууны махных 0.9 хувиар тус тус өссөн гэсэн Монголын үндэсний статистикийн хорооны судалгаа гарсан байна. Харин “Нарантуул” олон улсын худалдааны төв болон бусад хүнсний захууд дээр иймэрхүү хэлбэлзэл төдийлөн ажиглагдсангүй. Энэ нь нөөцийн мах худалдаанд гарч байгаатай холбоотой байж болох юм. Зарим төрлийн мах харин ч хямдарсан аж. Өчигдөрийн байдлаар Нарантуул олон улсын худалдааны төв дээр нэг килограмм хонины мах дунджаар 4200 төгрөг, үхрийн мах 4550 төгрөг (ястай), үхрийн цул мах 5300 төгрөг, ямааны мах 3200 төгрөг, адууны мах 3300 төгрөгийн ханштай байлаа. Энэ нь шинэ оны баярын уур амьсгал орсонтой холбогдуулж мах болон өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ буурсан үзэгдэл байж болох юм. Уг нь баяр дөхөхөөр барааны үнэ өсдөг ч энэ удаад арай л өөр байв. Гэвч энэ нь түр зуурын үзэгдэл. Тиймээс 2012 онд энэ хэвээр үргэлжлэхгүй нь тодорхой юм. Харин гурил, элсэн чихэр, цагаан будааны үнэ Монголын үндэсний статистикийн хорооны судалгаагаар өмнөх сарын “Алтан тариа” ХК-ийн савласан дээдийн дээд гурилын үнэ 0.2 хувь, дээд гурилын үнэ 0.8 хувь, нэгдүгээр зэргийн гурилын үнэ 0.7 хувь, хоёрдугаар зэргийнх 1.3 хувиар буурсан гэсэн таатай үр дүн гарчээ. Энэ байдал хэсэг хугацаанд тогтвортой үргэлжлэх бололтой. Өчигдрийн байдлаар “Хүчит шонхор” хүнсний зах дээр Оросын 50 килограммын шуудайтай гурилын үнэ 500 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн мэдээлэл байна. Өмнөх сарынхтай харьцуулахад цагаан будааны үнэ 0.6 хувиар буурсан гэсэн боловч өчигдрийн байдлаар “Нарантуул” олон улсын худалдааны төв дээр 1600 төгрөгөөр борлогдож үнэ нь 100 төгрөгөөр нэмэгджээ. Элсэн чихэр болон шар будааны үнэд ямар нэгэн өөрчлөлт ороогүй тогтвортой байгаа юм байна. Хүнсний ногооны үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад ялимгүй өсчээ. Байцааны үнэ 0.7 хувь, сонгинын ханш 3.6 хувь, төмсний үнэ 0.2 хувиар өссөн бол, нэг кг манжин, луувангийн үнэ тус бүр 1.1 хувиар буурчээ. Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 1.5 хувь, луувангийн үнэ 3.7 хувь, байцааны үнэ 3.8 хувиар буурсан гэсэн судалгаа гарсан байна. “Нарантуул” олон улсын худалдааны төв дээр нэг килограмм сонгино 1000 төгрөг, Монгол лууван 900 төгрөг, монгол төмс 550, монгол шар төмс 900 төгрөг, Голланд үрийн монгол төмс 800 төгрөгийн ханштай байна. Энэ нь өмнөх сарын үнэтэй адил бөгөөд хэвийн тогтвортой байгаа юм байна. Харин сүү сүүн бүтээгдэхүүн болон ургамлын тос, өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад сүүний үнэ 12.5 хувь, өндөгний үнэ 1.1 хувь, ааруул болон цагаан идээний үнэ 3.8 хувиар өсчээ. Ургамлын тос, цөцгийн тосны үнэ тогтвортой байв. Сар шинийн баяр дөхөж байгаатай хобоотойгоор үнэ нь нэмэгдэж байгаа хэмээн худалдан авагч нар ярьж байлаа. Ямартай ч үнэ, ханшийн талаар Нарантуул олон улсын худалдааны төв дээр худалдаа эрхлэгч Ж.Сарангэрэлтэй ярилцлаа.

Ж.Сарангэрэл: ҮНИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ УДААН ҮРГЭЛЖЛЭХГҮЙ

-Ер нь Хүнсний бүтээгдэхүүний ханш цаашдаа яах төлөвтэй байна вэ?

-Энэ сар болон өмнөх сарын хувьд буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд ямар нэгэн үнийн өсөлт байхгүй байгаа. Энэ нь худалдан авагчдад ч нэлээд таатай байгаа. Харин энэ байдал удаан үргэлжлэхгүй байх. Учир нь он гараад бараа бүтээгдэхүүний үнэ өснө гэсэн цуу яриа гараад байна. Үүнээс шалтгаалан бид өөрсдийн авч болох хэмжээгээр бараа худалдан авч нөөцөлж байна. Үнийн тогтвортой байдал нь зүгээр л түр зуурын л зүйл юм. Удахгүй сар шинийн баяр болох гэж байгаа тул цагаан идээ, гурил, будаа зэрэг бараа бүтээгдэхүүн өсөх хандлага байна.
Тэрбээр ийн ярьсан юм. Харин орон нутагт өргөн хэрэглээний хүнс­ний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт өмнөх сартай харьцуулахад Айм­гийн төвүүдийн хүнсний зах, дэл­гүүрт эрэлт хэрэглээ ихтэй нэг­дүгээр зэргийн гурилын үнэ 520-900 төгрөгийн хооронд худалдаалагдсан байна. Гурилын үнэ өмнөх  сартай харьцуулахад Завхан, Сүхбаатар аймагт 30-100 төгрөгөөр өссөн бол, Сэлэнгэ аймагт 100 төгрөгөөр буур­чээ. Махны үнэ хөдөө орон нутагт Архангай, Дундговь, Өвөрхангай, Төв, Ховд, Хэнтий аймагт 100-300 төгрөгөөр өссөн бол, Булган, Дор­нод, Сэлэнгэ, Говьсүмбэр аймагт 100-700 төгрөгөөр буурсан байна. Нэг килограмм хонины махны үнэ Өмнөговь аймагт 4500 төгрөг байхад Говь-Алтай аймагт 3200 төгрөг байгаа нь харьцангуй хямд үнэ юм. Үхрийн махны үнэ өмнөх сарынхаас Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Увс, Ховд, Орхон аймагт 100-400 төгрөгөөр өссөн бол, Булган, Сэлэнгэ аймагт 300 төгрөгөөр буурчээ. Дундговь аймагт үхрийн мах худалдаалахгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Үхрийн махны үнэ Дорноговь аймагт 5500 төгрөг буюу хамгийн өндөр үнэтэй байхад, Сүхбаатар аймагт 3900 төгрөг байгаа нь хамгийн хямд үнэ болж байна. Цагаан будаа болон элсэн чихрийн үнэ Булган, Дорнод, Сэлэнгэ аймагт 100 төгрөгөөр өссөн бол Дундговь, Өмнөговь аймагт 50 төгрөгөөр буур­сан байна. Аймгуудад цагаан бу­даа нэг килограмм нь 1430-1700 төг­рөгөөр зарагдаж байна. Элсэн чих­рийн үнэ бүх аймагт тогтвортой байв. Аймгуудад элсэн чихэр нэг килограмм нь 1500-1800 төгрөгийн хоо­ронд худалдаалагдаж байна. Ха­рин сүү, цагаан идээний хувьд орон нутагт  малын сүү 1000-2000 төг­рөгийн хооронд худалдаалагдаж бай­на. Сүүний үнэ Завхан, Сүхбаатар, Сэ­лэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэн­тий, Говьсүмбэр аймагт 100-200 төг­рөгөөр өссөн бол, бусад аймагт тогтвортой байна.

Э.Баясгалан

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж