Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

М.Энхсайханы скандал

Монгол үндэсний ард­чилсан намын дарга М.Энх­сайхан хэвлэлд өгсөн ярилц­лагадаа намынх нь гол зорилго УИХ-д суудал авах бус гэсэн утгыг илэрхийлжээ. Үнэхээр ч түүний төлөвлөсөн байсан бүхэн нь нурж байж болзошгүй учир иймэрхүү утга бүхий зүйл ярьсан ч байж болох талтай. Намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Уянга УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж сонгуульт ажлаа орхисноо мэдэгдэж байсан нь саяхан. Тэгвэл мөн л саяхан Г.Уянгыг УИХ-д нэр дэвших боломжийг нь хязгаарласан шийдвэр шүүхээс гаргасан. М.Энх­сайхан ганцаардаж эхэлжээ. Гэхдээ Г.Уянгаар дутах нь юу л бол гэх хүн цөөнгүй бий. Ингэхэд түүнд хэн байна вэ. МҮАН-ын дэд дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн асан Н.Батцэрэгээс өөр түүнд тулах хүн алга болж. Саяхан л эвссэнээ тэмдэглэн хундага харшуулж байсан Н.Энхбаяр андыгаа ч ойшоохоо больж. Уг нь тэрбээр ҮШН-ын их хурлын үеэр “МАХН-тай эвсэж сонгуульд өрсөлдөнө. Харин эвсэхдээ гэрээ байгуулна. Тэгээд МАНАН-гийн засаглалыг “нураана” гэж хэлж байсан удаатай. Харин одоо тэр үед нэг нэгэндээ харилцан түшиг болохоор тохиролцож эвссэн Н.Энхбаяр анд нь Ардын намынхантай эвсэх эсэх нь түүнд огт хамаагүй болсон гэнэ. Сүүлийн үед Н.Энхбаяр анд нь намынхаа асуудалд санаа зовоод “хамтарч” намууддаа анхаарал бага хандуулах болсон. Нэг үгээр хэлбэл асуудлынхаа араас тогой өндийх завгүй суугаа. Энэ нь угийн л гярхай М.Энхсайханд нэгийг бодогдуулаа биз. “Н.Энхбаяр үнэхээр асуудлаа зохицуулах гэж гүйгээд байна уу. Пиараа хийгээд гүйгээд байна уу” гээд л бодох нь зөв шүү дээ. Учир нь тэр хэрээр нь МАХН гэсэн нэр л ард түмний дунд түгэж байгаа болохоос МАХН, МҮАН-ын эвсэл, эсвэл МАХН ба бусад гэсэн нэрс эгзэгтэй үед мартагдаж эхлээд байна. Ядаж байхад “Ардын намын болон МАХН-ын батлахтай “хөгшчүүд” ирэх сонгуулиар МАХН-ын бат­лахаа сэргээж МАХН-аас нэр дэвших тухай цуурхал гараад байгаа. Аягүй бол МАХН-д хандиваа өгөөд явж байгаа даа. Сонгуулийн да­раа МАХН-аас парламентад бү­лэг байгуулах хэмжээний хүн сон­гогдчихоод Н.Энхбаяр гэдийнэ” гэх яриа ч нэмэр, хачир болж байгаа нь лавтай. Тиймээс М.Энхсайхан ганцаараа зүтгэхээр шийджээ. Ган­цаараа даа яаж гээч. Сонгуулийн тухай хуульд ч захирагдахгүй. Сонгогчдын саналыг худалдаж ава­хыг хориглоно гэсэн зүйл заалтыг нь “Ардчиллыг булшилж байна. Ард түмэн ядахдаа сонгуулийн үеэр ч гэсэн “гэдсээ хагартал” идэг л дээ. Харин би ардчилалтайгаа, Монголтойгоо хамт үлдэнэ” гэсэн шиг зүйл ярьж суух болж. Улс төр түүнээр даажигнаж байна. Улстөрчид түүнийг ганцаардуулж байна. Тэр­бээр одоо зөвхөн Монголоороо үлдэх замыг л хайж эхэлжээ.  

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж