ДНБ-ний 15-тэй тэнцэх мөнгийг утаанд зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

ДНБ-ний 15-тэй тэнцэх мөнгийг утаанд зарцуулжээ

Улаанбаатарчууд, тэр бүү хэл бүр хүн төрлөхтний өмнө нэгэн аймшигт “хар шуурга” дэгдээд олон жилийн нүүр үзжээ. Гэтэл энэ “шуурга” одоо бүр хүчээ аван таны, миний үр удмын амь насанд аюул учруулах хэмжээнд хүрчээ. Тэр шуургыг агаарын бохирдол гэнэ. Монгол-Япон төвд өчигдөр “Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахын тулд агаарын чанарыг сайжруулах нь” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Батбаяр, Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх Агаарын чанарын албаныхан, холбогдох яамд, их дээд сургуулийн багш нар, Олон улсын судалгаа, тусламжийн байгууллагийн төлөөгчид оролцсон. Тус хурлаар сонирхолтой судалгаа, баримт дэлгэсэн долоон илтгэл тавьсан юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар Улаанбаатар хотын утаа, тоосонцорын хэмжээ агаар мандалд байх ёстой олон улсын стандартаас 17-35 дахин их буюу Монгол Улсын стандартаас 7-14 дахин их байгааг тогтоожээ. Мөн утаа, тоосонцор хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, гэнэтийн үхэл, ургийн гажиг үүсгэн эдийн засагт асар их гарз учруулж байгаа нь гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг хүн бүр мэднэ. Дэлхийн банк, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран явуулсан судалгаагаар жилд нас барагсадын 1600, эмчлүүлэгчидийн 8500 гаруй нь агаарын найрлага дахь тоосонцороос болж өвчилдөг байна. Монгол Улсад жилд 400-2700 хүн нас бардаг. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо жилд дөрвөн мянгаас 14 мянгын хооронд байдаг гэсэн судалгаа бий. Тэгвэл агаарын бохирдолд зарцуулж байгаа нийт зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүнд шилжүүлбэл нэлээд хувь гарч байгаа. Тухайлбал, 2008 онд утаанаас болж зарцуулсан зардал ДНБ-ний тавны нэг хувьтай тэнцэх хэмжээтэй байсан аж.

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АЖИЛ 2010-2035 ОН ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

Цагтаа “Азийн цагаан дагина” хэмээж байсан Улаанбаатар хот маань яагаад ийм их утааны “үүр” болчихов оо. Үүний товч бөгөөд тодорхой хариулт нь тогтолцоо солигдох үед учирсан  ядуурлын шуурга юм. Улс орны эдийн засаг доройтож, түүнийг дагаад ард түмний амьдрал тартагтаа хүртэл ядуурсан. Чухамхүү үүний нөлөөгөөр хөдөөнөөс хот руу чиглэсэн их нүүдэл эхлэв. Энэхүү нүүдлийн эцсийн үр дүн нь сайн саар гээд олон талын асуудлыг араасаа дагуулсан. Нийслэл хотод орж ирэгсэдийн зарим нь хөлөө олж чадахгүй явсаар “шилтэй цэнхэр”-ийг өшиглөн гудамжинд гарч, сүйхээтэй нэг нь ганзгын наймаа хийж халаасаа зузаатгасан. Харин төрийн албанд ажиллагсад нь өмч хувьчлалыг далимдуулан овоо хөрөнгөжөөд авчээ. Одоо хүртэл Улаанбаатарыг чиглэх тэр их нүүдлийн цуваа тасраагүй байгаа. Хот руу орох цуваа нэмэгдэхийн хэрээр нийслэлийн агаарын бохирдлын эх үүсвэр төдий хэмжээгээр нэмэгдэнэ. Өчигдрийн хэлэлцүүлгээр Улаанбаатар хотын агаар бохирдуулагч гол үүсвэрүүд нь гэр хорооллын зуухнаас гарах утаа, салхинаас үүдэн боссон шороо тоос, үнс, тээврийн хэрэгслээс ялгарах утаа тортог, замын тоос, цахилгаан станцуудад зэрэг нөлөөлж өнөөдөр дэлхийн нэг номерын бохирдолтой хотоор шалгарахад хүргэжээ гэдгийг онцолсон. 1950-аад онд хийсэн олон улсын нэгэн байгууллагын судалгаагаар 1980-2000 он хүртэл  дэлхийн хотуудын агаарын бохирдол ямар байхыг урдчилан тооцоолсон байдаг. Манай улсын хувьд нийслэл хотод 1980-аад оноос агаарын бохирдол ихэсч эхэлсэн талаар хэлэлцүүлэгт оролцсон ШУТИС-ийн багш доктор, профессор Н.Түгжсүрэн хэлж байсан юм.  Хуралдаанд Дэлхийн банк, CICEKO Эрүүл мэндийн хүрээлэн, Барт остро Эрүүл мэндийн хүрээлэн, нийслэлийн Агаарын чанарын мэргэжилтнүүд, эмч нарын төлөөллөөс илтгэл тавьсан. Илтгэгчдээс нийслэлийн Чингэлтэй дүүргийн аравдугаар хорооны  “Мөнхбаясгалант” өрхийн эмнэлгийн ахлах эмч  н.Нарантуяа “Нийт өвчлөлийн 70 орчим хувийг агаарын бохирдлоос үүссэн өвчлөл эзэлж байна. Мөн урьд нь ханиад зэргийн өвчинд бараг эм тариа хэрэглэдэггүй байсан. Тэгтэл одоо тариа хийхээс нааш эдгэдэггүй болсон” хэмээн нэлээд сонирхолтой мэдээ хэлсэн. Мөн Дэлхийн банкнаас оролцож буй Эрчим хүчний ахлах мэргэжилтэн Галиус Драгилиус “Бохирдлыг бууруулах боломжууд ба тэдгээрийн өртөг” гэсэн илтгэлдээ “Бид утаа, тортог бууруулах тал дээр олон арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, цахилгаанаар халаах, коксжсон нүүрс, утаагүй зуух хэрэглэх, орон сууцжуулах гээд тал бүрийн хувилбарыг туршиж байна. Гэхдээ эдгээрийг цөмийг нь зэрэг ашиглах биш аль оновчтой, зарлага багатай, үр ашиг өндөртэйг нь сонгох хэрэгтэй. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод эрчим хүчний хангамж хүрэлцээ муутай байгаа. Гэр хорооллыг цахилгаанаар халаахын тулд станцуудааа нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Бидний энэхүү агаарын бохирдлыг бууруулах ажил 2010-2035 он хүртэл үргэлжилнэ. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах дунд хугацааны зорилтод хотыг орон сууцжуулах асуудал тусгасан. Гэвч энэ нь өтрөг өндөр учир үр ашгийн хувьд хасах үзүүлэлтэй гарч байна” хэмээсэн.

Энэ үеэр нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Д.Мөнхцогоос зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр “Энэ удаагийн хэлэлцүүлэг маш үр дүнтэй болж байна. Бид агаарын бохирдол бууруулах тал дээр нэлээд ажил хийж байгаа. Энэ жил гэхэд нийслэлийн Баянгол дүүргийн долоон мянган айл өрхийг утаагүй түлшээр хангасан. Одоогоор 10500 айл хагас кокосжсон нүүрс хэрэглэж байна. Ийм түлш боловсруулах үйлдвэрүүд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд зургаа, Дархан-Уул аймагт хоёр, Дорноговьд нэг, Булган аймгийн Хангал суманд хоёр байгаа. Нэг хэсэгтээ үйл ажиллагаа нь явахгүй байсан уг үйлдвэрүүд одоо хэвийн ажиллаж эхэлсэн. Цаашид энэ хурал дээр яригдаж байгаа судалгааны дагуу бид ажиллах болно” гэсэн юм.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж