Ж.Сүхбаатар, Н.Энхболд нараас гадна олон гишүүн “Сонгуулийг шударга явуулахад анхаарсан” гэлцэж байгаа. Тэгвэл сонгуулийг шударга явуулахад нөлөөлөх хамгийн гол зүйл нь торгуулиас гадна цахим иргэний үнэмлэх болон сонгуулийн санал тоолох автомат машин аж. Ирэх онд сонгогчийн үнэмлэх тараахгүй. Иргэд цахим үнэмлэхээрээ саналаа өгөх юм. Санал тоолох машинаа одоо хүртэл аваагүй байгаа юм билээ. Сонгуулийн ерөнхий хороонд санал тоолох машин авахад зориулж 24 тэрбум өгсөн ч хаанаас авахаа шийдээгүй байгаа бололтой. Үүнээс гадна “УИХ, орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах уу” гэсэн асуулт байгаа. Учир нь орон нутгийн болон УИХ-ын сонгуулийг зэрэг явуулах тухай хууль хүчин төгөлдөр хэвээр, мөрдөгдөж байгаа юм. Гэсэн ч гишүүд болон орон нутгийн удирдлагуудын зүгээс “Хоёр сонгуулийг зэрэг явуулбал олон бэршээл тулгарах төлөвтэй байна” гээд энэ асуудлыг дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Н.Энхболд дарга ч “Энэ талаар тусгайлан ярилцана” гэсэн юм. Ийнхүү УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг тусад нь явуулж магадгүй болжээ. Үүнийг дэмжих саналтай байгаагаа цөөнгүй гишүүн илэрхийлсэн юм.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Хуулийг бүрэн эхээр нь нийтэд танилцуулаагүй байгаа. Батлаад хэдхэн хонож байгаа энэ үед уншиж судлаад, шүүмжлэл хэлэх зүйл ажиглагдаагүй” гэсэн. Нэг ёсондоо “Бүрэн эхээр нь танилцуулаагүй байхад дүгнэлт, шүүмжлэл хийх боломжгүй” гэх утгатай зүйл ярьж байсан. Тэгвэл судлаач, шүүмжлэгчид шинэчлэн баталсан Сонгуулийн тухай хуулийн талаарх дүгнэлтээ хэдийнэ гаргасан байна. Энэ талаарх хэлэлцүүлэг өчигдөр болсон юм. Хэлэлцүүлэгт судлаачид, иргэний нийгмийн болон парламентад суудалгүй намуудын төлөөлөл оролцож Сонгуулийн тухай хуулийн талаар хийсэн дүгнэлтээ танилцуулсан юм. Мөн Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж байсан УИХ-ын гишүүн З.Энхболд оролцов. Судлаачдын хувьд хуулийн эерэг ба сөрөг талыг ярьж байсан. Жишээлбэл, “Хувь тэнцүүлсэн тогтолцоог оруулсан. Эмэгтэйчүүдийн квотыг 20 хувиар тогтоосон. Намуудад таван хувийн босго тогтоож өгсөн нь сайшаалтай. Харин тогтолцооны хувьд сөрөг тал ажиглагдаж байна. Мажоритариар 48 суудлын төлөө өрсөлдөх хүмүүст илүү боломж олгосон. Энэ нь тэгш эрхийн зарчмыг зөрчиж байгааг харуулж байна. Бас тогтолцоог эрх барьж буй намууд сонгосон нь учир дутагдалтай” гэлцэж байлаа. Гэхдээ хуулийг АН, МАН-ынхан тохиролцсоны эцэст баталсан нь жам ёсны үзэгдэл гэдгийг хүлээн зөвшөөөрч байна билээ. Харин З.Энхболд гишүүн “Бүгдэд нь тэгш боломж олгож байгаа” гээд тогтолцооноос чухал асуудал олон байгаа хэмээн онцолж байсан. Түүнийхээр нэгэнт баталсан хуулийн тогтолцоог ярихаас илүүтэйгээр сонгууль явуулах процессийн талаар ярьсан нь дээр аж. Мөн зарим хүн “Сонгуульд өрсөлдөх эмэгтэйчүүдийн квотыг нэмсэн нь сайшаалтай. Гэхдээ шилжилт хийх, сонгуульд өрсөлдөх хүмүүсийн нэрсийн жагсаалт гаргахдаа энэ тал дээр анхаарч, эмэгтэйчүүдийг УИХ-д суулгах тал дээр дэмжих хэрэгтэй” гэсэн санал тавьж байв.
"Улс төрийн тойм" сонин