Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат өөрийнхөө имижийг тун таагүй мэдээллээр бүрдүүлж байгаа гэж хэлж болно. Байсхийгээд л төсвийн мөнгө “идсэн”, албан тушаалаа урвуулан ашигласан, хэн нэгэнтэй зодолдсон гэх дуулиан гаргааг гэхэд хилсдэхгүй болов уу. Зарим нэгэн дуулианыг нь үнэн гэдгийг орхоныхон ярьдаг юм билээ. Саяхан өөрөөсөө үе мултарсан залуутай Д.Оюунбат зодолдсон гэх мэдээлэл цацагдсан. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал Д.Оюунбатыг хатуухан шүүмжилчихдэг байсан аж. Харин Засаг дарга шүүмжлэлийг хүлээж авч чадаагүй юу, ямартай ч тэр хоёрын хооронд маргаан үүсэж улмаар зодоон болоход хүрсэн гэх. Мөн Д.Оюунбатыг мэдэх зарим хүн “Өөрийг нь шүүмжилсэн хүнийг барьж аваад зодчих гээд байдаг. Аймгийн заан цолтой бөх болохоороо ийм зантай байдаг юм уу, бүү мэд” хэмээдэг гэнэ лээ. Тэрбээр 2008 оны сонгуулийн дараа Ардын намаас томилолт авч Орхоны Засаг дарга болсон. Энэ үүднээсээ Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар “Зодолдсон гэх Б.Мөнхжаргалд хариуцлага тооцох хэрэгтэй” гэж хэлж байв. Энэ бүхэн бол намынхан нь Д.Оюунбатыг өмгөөлж байгаагийн нэг хэлбэр гэж шүүмжлэх хүмүүс бий. Харин байнга хэл аманд өртөж буй түүнд Ардын намынхан дахин итгэл хүлээлгэх болов уу. Итгэл, дэмжлэг авахын тулд Орхон аймгийн Засаг дарга хийсэн бүтээснээ олон нийтэд тайлагнах ёстой. Харин түүнд ийн тайлагнах ажил бий эсэх нь хүмүүсийн анхаарлыг татах биз ээ. Ямартай ч Д.Оюунбат ноосоо тушаах цаг болсон бололтой.
Ц.Энхцэцэг
"Улс төрийн тойм" сонин