Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

Загасчны хүүхэд загасчин, удир­дагчийн хүүхэд удир­дагч байдаг. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирийн бага хүү Ким Чен Ун эцгийнхээ үйл хэргийг залгамжлахаар. Мэдээж эдгээр үг албан ёсны биш ч гэлээ удахгүй биеллээ олох нь тодорхой. Таалал төгссөн удирдагчийн цогцсыг Пхеньяны Кум­сусаны дурсгалын ор­дон буюу Ким Ир Сений бун­ханд хадгалж байгаа аж. Хойд солонгосчууд энэ сарын 17-29-нийг дуустал улс даяар гашуудал зарлав. Энэ хугацаанд гадаадын ямар нэг төлөөлөгч, зочдыг хүлээж авахгүй талаар анхааруулсан билээ. Ким Чен Ирийн оршуулгын ёслолд гадаадынхныг орол­цуулахгүй. Ёслол нь энэ сарын 28-ны өдөр болох талаар эх сурвалжууд мэ­дээл­сэн. Талийгаачийг “Хайрт удир­­дагч” хэмээн нэр­лэдэг байсан бол түүний бага хүүг “Аугаа залгамжлагч” хэмээн тодорхойлжээ. Ким Чен Ун 1984 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр БНАСАУ-ын нийслэл Пхеньянд төржээ. Гэхдээ түүнийг 1983, 1984 онд төрсөн эсэх дээр мөн л баттай баримт байдаггүй гэлцдэг. Тэрбээр 1998 он хүртэл Швейцарийн Бэрнд дунд сургуулиа дүүргэсэн байдаг. Хүүхдүүд түү­нийг Хойд Солонгосоос ирсэн гэдгийг мэддэг байсан ч энгийн нэг жолоочийн хүү гэж боддог байжээ. Тухайн үед Кимийн найз өөр нэг найздаа “Энэ чинь Хойд Солонгосын удирдагчийн хүү шүү дээ” гэхэд ер итгэдэггүй байсан талаар хожим дурссан удаатай. Ким бага байхын л ичимхий жаал байсан талаар ангийн багш нь хэлдэг байв.

Тэрбээр багаасаа л Майкл Жорданыг шүтэж, тэр ч бүү хэл Үндэсний сагбанбөмбөгийн /NBA/ аль нэг багт тоглохыг мөрөөддөг нэгэн байжээ. Дунд сургуулиа төгсдөг жил Швейцарь дахь Хойд Солонгосын Элчин сайд Ким Чен Унтай ирж уулзаад явахад сайн найз нь харилцаагаа шууд зогсоосон гэдэг. Энэ нь түүнийг найз нөхөдгүй нэгэн болж төлөвшихөд чухал ач холбогдол үзүүлжээ. Ким их сургуульд байхдаа англи, герман, франц хэлийг чөлөөтэй эзэмшжээ. Улмаар компьютерийн инженер мэргэжлийг түлхүү сонирхож бай­­сан ба Хойд Солонгосын хэв­лэл мэдээллийн хэрэгслүүд Ким Чен Уныг Ким Чен Ирийн гурван хүүгээс хамгийн чадварлаг нь хэмээн то­дорхойлсон байдаг.

Түүний талаарх хувийн  мэ­дээлэл тун ховор. Хойд Солонгосын удирдагчийн хувийн тогоочоор олон жил ажилласан нэгэн эр өөрийн   дурсамж номдоо “Ким Чен Ун нь эцгийнхээ хамгийн хайртай, итгэлийг нь авсан хүү нь байсан” хэмээн тэмдэглэсэн байдаг. Үүний нэг нотолгоо нь Ким Чен Ир агсан бага хүүгээ “Өглөөний нарны хаан” хэмээн дуудаж байхыг туслах болон гэрийн vйлчлэгч нартаа “зарлигдсан” байдаг. Улмаар одоог хүртэл энэхүү нэрээр нь харьцдаг туслахууд бай­даг аж. Хачирхалтай байгаа биз. “Ким Чен Ун нь чөлөөт цагаараа сагсанбөмбөгөөр хичээллэдэг, үл­­гэр жишээч, тэргүүний оюутны нэг” хэмээн  дунд сургуулийн хувийн хэрэгт нь то­дорхойлжээ.

Ким Чен Ун 2006-2008 онд БНАСАУ-ын парламентын гишүүн болсноор улс төрд анх хөл тавьсан юм. Хөдөлмөрийн намын 65 жи­лийн ойг тохиолдуулан ерөнхий командлагчийн хувиар Ким Чен Ир зарлиг гарган, Хойд Солонгосын ар­дын армийн 39 офицерийг тушаал дэвшүүлж, зургаан хүнийг армийн генерал болгосны нэг нь түүний бага хүү Ким Чен Ун байсан аж. Тухайн үед тэрбээр гурав дахь Кимээр тодрох хам­гийн өндөр магадлалтай болсон юм.

Ким Чен Ир нь 1994 онд эцэг Ким Ир Сенийг нас барахад төрийн дээд удирдлагыг гартаа авсан ч Ерөнхийлөгч гэдэг нэрийг хэзээ ч хэрэглэж байгаагүй нэгэн. Учир нь эцэг Кимийг Солонгосын ард түмний “Мөнхийн Ерөнхийлөгч” гэж үздэг учраас тэр. Барууны хэвлэлийнхэн түү­нийг эх орноосоо хамрынхаа үзүүрийг ч цухуйлгахгүй байж байснаа үе үе гайхалтай гэнэтийн үйлдлүүдээрээ дэлхий дахинд “бэлэг” барьдаг нэгэн хэмээн тодорхойлдог.

Нууцлаг хөшигний цаана далд­лагдсан түүний амьдралын ту­хай мэдээлэл таамаглал төдийгөөс хэт­рэхгүй. Таагүй мэдээ, хачирхалтай яриа цуурхал олон байвч цөмийн зэвсэг бүхий нэг улсын бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн нь шаггүй чадварлаг, гүйлгээ ухаантайг нь илэрхийлэх биз.

Ким Чен Ирийн гурав дахь эхнэр Ко Юн Хи нь түүнд хоёр хүү төрүүлж өгсний бага нь өдгөө түүний орыг залгамжлах гэж байна. Түүний ах Ким Чен Чул нь аавынхаа адил бие муутай нэгэн байдаг бөгөөд “лидер болох чадваргүй” хэмээн эцэгтээ гологдсон удаатай гэлцдэг.

Харин Ким Чен Уны амьдрал эцгээсээ дутахгүй учир битүүлэг, туйлын төвөгтэй, үл ойлгогдом түүхээр дүүрэн мэт. Ирээдүйн дарангуйлагчдын дундаас хамгийн нууцлаг нь хэмээн түүнийг Аме­рикийн нэгэн нэртэй улстөрч хэлсэн байдаг.

Ким Чен Уны хувийн амьдралын талаар мэдээллүүд маш хаалттай байдаг. Энэ нь түү­нийг өмнөх Кимүүдтэй төстэй болгож байгаа ч юм шиг. Арга ч үгүй биз. Хүн төрөлхтнөөс үзэл бодлын төмөр хөшигний ард тусгаарлагдан үлдэж буй улсын ирээдүй түүнтэй шууд холбоотой. Ким Чен Ир агсан эцгийнхээ байгуулсан коммунист улсыг цэрэг зэвсгийн хүчинд өдий зэрэгт хүргэсэн бол түүний зал­гамжлагч ойрын 30-40 жилд Хойд Солонгосыг хэрхэн  өөрчлөх нь сонирхол татам. Тиймдээ ч нууц­лаг удирдагчийн нууцлаг зал­гамжлагч  “Хувь хүнийхээ хувьд хэн бэ” гэдэг асуултын хариуг олох гэж олон хүн хичээж буй. ОХУ-ын зарим улс төр судлаачид түүний талаар “РиаНовости” агентлагт “Аугаа гэр бүлийн халаа сэлгээ явагдаж байна. Түүний эцэг Ким Чен Ир агсан 34-35 настайдаа анх төрийн эрхийг залгамжлан авч байсан. Харин одоо түүний бага хүү Ким Чен Ун 27-28 настайдаа ийнхүү хязгааргүй эрх мэдлийг гартаа атгалаа. Одоо бурхан ч түүнийг зогсоож дийлэхээргүй боллоо” хэмээн дурсчээ.

Хэвлэлийнхэнд хаалттай, илүү дутуу мэдээлэл байдаггүй “нууц­лагдмал” залуу өнөөдөр эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэх гэж байгаа нь барууныхны анхаарлын төвд байна. Түүний өвөө, эцэг насаараа эх орныхоо төлөө амь бие зориулсан. Одоо түүний ээлж ирлээ. БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын удирдлагууд, армийн томоохон генералууд, эц­гийнх нь туслахууд гээд олон хүн Ким Чен Унд зааварлаж, туслах нь тэдний үүрэг байх. БНАСАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ удирдагчаа “Үеийн үед дурсагдах, аугаа гэр бүлийн нэр алдар түүний нуруун дээр ийнхүү ирлээ” хэмээн ярьсан талаар BBC агентлаг уламж­лав. Дэлхий даяар түүнийг янз бүрээр л дүгнэж байгаа. Түүнийг дунд сургуульд байхаас нь зарим хүмүүс мэддэг байсан. Гэвч тэрбээр нэгэнт насанд хүрч, бүрэн төлөвшсөн хүн болжээ. Улс орноо удирдах цаг нь ирсэн талаар барууны хэвлэлүүд онцолсоор байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирийг нас барсантай холбогдуулж мэдэгдэл хийжээ. Тэрбээр юуны өмнө тус улсын ард түмэнд эмгэнэл илэрхийлээд үүсээд буй нөхцөл байдлын улмаас бүс нутагт тогтворгүй байдал үүсгэхгүйн тулд хичээх хэрэгтэйг умардын эрх баригчдад уриалсан юм. Мөн тус улсад тайван бөгөөд бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн нийгмийн шилжилт болно гэдэгт найдаж байгаагаа Ким Чен Унд илэрхийлжээ. Улмаар түүнийг Хятадын тал дэмжихээ мэдэгдсэн юм.

Хуучнаар ЗХУ бутарснаар Хойд Солонгосын үйлдвэрүүд хаагдаж, тус улсыг мөнхийн харанхуй нөмөрсөн атал Ким Чен Ир хүүгээ “Өглөөний нарны хаан“ хэмээн өргөмжилсөн нь сонирхол татах хэрэг биш гэж үү. Учир нь Ким Чен Ун бол үзэл суртлын зохиомол дүр төрх юм. Эцэг нь түүнийг залгамжлагчаараа тодруулж, тэр ч атугай гоо сайхны мэс засалд оруулан өвөөтэй нь яг адилхан царайтай болгосон. Нүүр дүүрэн төрх, сэтгэл хангалуун байдал, коммунист үс засалт… Эцэг Ким хүүгийнхээ имижийг ийн бүрдүүлж Хойд Солонгосын ард түмэн хангалуун сайхан амьдарч буй мэтээр дэлхий нийтэд ойлгуулахыг хичээж байв. Гэвч тус улс өнгөрсөн зун үерт автаж, 1990 оны дундуур нүүрлэсэн өлсгөлөн дахин давтагдлаа. Харин хаалттай улс орноо өрнөдөд боловсрол эзэмшсэн энэ залуу хэрхэн өөрчлөх бол. 

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж