Өмнөд Солонгос эмгэнэл илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос эмгэнэл илэрхийлэв

Умард Солонгосын төв телевиз их удирдагчаа таалал төгссөнөөс хойш түүний залгамжлагч Ким Чен Унд үнэнч байхаа илэрхийлсээр байна. Нийслэл Пхеньяний гудамжинд эмгэнэн гашуудсан солонгос иргэд их удирдагчийнхаа цогцсыг үзэхээр дугаарлаж байгаа  гэнэ. Тус улсын төв телевизээр Ким Чен Ирын бага хүү 27 настай  Ким Чен Уныг “Манай нам, төрийн гарамгай удирдагч, ард түмний  баатар” хэмээн цоллож эхэлжээ. Дэлхий дээрх хамгийн хаалттай орны нэг Умард Солонгосын өв залгамжилсан удирдагч Ким Чен Ир нас барснаас хойш энэ орныг ямар хүн удирдах бол гэдгийг олон улс анхааралтай ажиглаж байна. Тус улсын хөрш Өмнөд Солонгос Ким Чен Ирыг  таалал төгссөнд Умард Солонгосын ард түмэнд эмгэнэл илэрхийлсэн ажээ. Учир нь 1994 онд Умард Солонгосын удирдагч агсан Ким Ир Сеныг нас барахад Өмнөд Солонгос эмгэнэл илэрхийлээгүйгээс хоёр улсын харилцаа хоёр жил тасарсан билээ. Пхеньяанд суугаа гадаадын дипломатуудыг Ким Чен Ун хүлээн авч уулзсан нь Умард Солонгосыг хэн удирдахыг нотоллоо гэж Их Британийн консул бичжээ. Гэвч Сталинист маягийн коммунист дэглэм үеэ өнгөрөөж байгаа энэ үед туршлагагүй  бага Кимд Умард Солонгосын удирдагчийн суудалд тогтох эсэх нь эргэлзээтэй байна гэж Өмнөд Солонгос дахь ажиглагчид бичиж байна. Ким Чен Ир өнгөрсөн бямба гаригт 69 настайдаа стресс, хэт их ажлын ачааллын улмаас таалал төгссөн гэж тус улсын төв телевизээр мэдээлсэн юм. Умард Солонгосын их удирдагчийг энэ сарын 28-нд оршуулах ажээ. Ким Чен Ирын гашуудлын ажиллагаа өнгөрсөн даваа гаригт эхэлсэн бөгөөд түүний цогцсыг Ким Ир Сены бунхан дахь шилэн хоргонд байрлуулсан байна. Умард Солонгосын төв телевизээр улс орон их удирдагчаа алдсанд гашуудаж, нулимсан далайд умбаж байгаа тухай мэдээлжээ. Гашуудлын хот болоод буй Пхеньянд Ким Чен Ирын асар том зурагны өмнө солонгосчууд эмгэнэл илэрхийлэн хэдэн зуугаар дугаарлан зогсч байгаа гэнэ. Зурагны өмнө хэдэн хором зогсч эмгэнэл илэрхийлж дуусахад дараагийн хүмүүс мөн л уг үйлдлийг давтаж байгаа ажээ. Ким Чен Ир нас барахаасаа өмнө бага хүүгээ залгамжлагчаар нэрлэсэн боловч ажиглагчид түүний гэнэтийн үхэл цөмийн зэвсэгтэй, хаагдмал энэ улс оронд улс төрийн тогтворгүй байдал үүсгэж болзошгүй гэж таамаглаж байгаа юм. Учир нь Кимийн гэр бүлийн гишүүд  болон цэргийн элитүүдийн дунд төрийн эрх мэдлийн төлөөх тэмцэл гарч болзошгүй гэнэ. Ким Чен Ирын үхэл тус бүс нутагт тогтворгүй байдал бий болгож магадгүй гэж эмээсэн улс орнууд энэ асуудлаар яаралтай хэлэлцээ байгуулж байгаа ажээ. Өмнөд Солонгос Ким Чен Ир нас барсан тухай мэдээ цацагдсан даруйд байлдааны бэлэн байдал зарласан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж