Тухайлбал, 2009-2010 оны өвөл байгалийн бэрхшээлийн өмнө хүчин мөхөсдсөн Ховдын малчдын гэрт, сумын эмнэлэг, сургуулиудад нүүрс тээвэрлэн хүргэхээс гадна өргөн хэрэгцээний бараа бүхий 260 гаруй сая төгрөгийн тусламж өгч байсан байна. Мөн үүнээс гадна Ховд аймгийн эдийн засаг, хөгжилд болон ард иргэдийнх нь амьдралд хувь нэмэр болохуйц олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ховд аймагт хэрэгжүүлж байгаа зарим хөтөлбөрүүдээс товч дурьдахад 2008 оноос эхлэн Ховдын 170 гаруй оюутны их дээд сургуулийн сургалтын төлбөрийг 100 хувь МоЭнКо компани санхүүжүүлж байгаа бөгөөд түрүүчийн оюутнууд нь сургуулиа амжилттай дүүргээд байна. Мөн уурхайн нөлөөллийн сумуудад олон төрлийн бодит дэмжлэг туслалцааг үзүүлжээ. Үүний нэг тод жишээ гэвэл Хөшөөтийн уурхай нь Дарви сумын нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд тус сум өнгөрсөн жил “Улсын жишиг” сумаар шалгарсан байна. Дарви сумын энэхүү амжилтад тус уурхайн зүгээс үзүүлдэг тусламж, дэмжлэг ихээхэн нөлөөлсөн гэдгийг хүлээн зөвшөөрөх хүн олон байна. Булган, Үенч сумын төвд 2,5-3 км хар замыг тус компани өөрийн хөрөнгөөр барьж өгсөн байна. Үйлдвэрлэл нь эхэлж ашиг орлого олоогүй байгаа хэдий ч МоЭнКо компани энэ мэтчилэн маш олон үр бүтээлтэй хөрөнгө оруулалтыг үйл ажиллагаа явуулдаг орон нутагтаа зориулаад байна. Цаашид ч илүү үр өгөөжтэй бүтээлч хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж