О.Насанбурмаа: Энэ шагнал надад урам хайрлалаа

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

О.Насанбурмаа: Энэ шагнал надад урам хайрлалаа

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслол болж өнгөрлөө. Уламжлал ёсоор Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, спортын сэдвээр дагнан ажилладаг сурвалжлагч, хэвлэл мэдээллийнхний саналаар оны шилдэг тамирчин, баг, дасгалжуулагчийн нэр тодорсон юм. Санал асуулгад энэ удаа 74 спортын сэтгүүлч оролцжээ. Тив, дэлхийн аварга шалгаруулах олон тэмцээн ар араасаа цуварч, медалийн ургац арвинтай 2011 оны хувьд шилдгүүдээс онцолж тодруулах амаргүй байсныг зохион байгуулагчид онцолсон юм. 2002 оноос хойш зохион байгуулагдсан уг арга хэмжээний хамгийн анхны “Бөртэ чоно”-ын эзэн нь Монгол Улсын Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар тодорч байв. Уламжлал болон зохиогддог уг наадмын шилдгүүдийг тодруулах торгон агшинг спортынхон сэтгэл догдлуулан хүлээж байсан нь мэдээж юм. “Бөртэ чоно”-ын эзэн болсон П.Сэрдамбын хувьд ийнхүү хошой шагналтай болж байна. Өмнө нь тэрбээр 2009 онд дэлхийн аварга болохдоо ийн шалгарч байв. Тэгвэл энэ жил дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн амжилтаараа хоёр дахь удаагаа “Бөртэ чоно”-оо авлаа. Гэхдээ эзэн нь эх орондоо байсангүй. Тиймээс боксын холбооноос уг шагналыг төлөөлж авсан юм. Энэ оны шилдэг ерөнхий нарийн бичгийн даргаар хөнгөний генсек  Ч.Зоригтбаатар тодорсон бол ерөнхийлөгчөөр буудлагын холбооны тэргүүн Э.Мөнх-Очир шалгарлаа. Харин шилдэг холбоогоор Монголын бүжгийн спортын холбоо, Монголын цанын холбоо, Монголын хөлбөмбөгийн холбоо шалгарав. Үүнээс гадна “Спортын ололт, амжилт”, “Спортын менежмент, хөрөнгө оруулалт” гэсэн номинаци шинээр нэмэгдэж жүдо болон чөлөөт бөхийн холбоо уг шагналын анхны эзэд болсон юм.

Санал асуулгын дүнг толилуулъя.

Тамирчин

1. П.Сэрдамба (бокс) 510 оноо
2. О.Насанбурмаа (эмэгтэй чөлөөт бөх) 363
3. Д.Отгонцэцэг (эмэгтэй чөлөөт бөх) 330
4. Б.Сэр-Од (хөнгөн атлетик) 302
5. Б.Гангаамаа (уулын спорт) 228
6. П.Лхамдэгд (жүдо) 203
7. М.Бундмаа (жүдо) 202
8. С.Мөнхбат (үндэсний бөх) 193
9. Б.Оюунсүрэн (эмэгтэй чөлөөт бөх) 184
10. У.Мөнх-Эрдэнэ (бокс) 176

11. Х.Цагаанбаатар (жүдо) 143
12. Эмэгтэй чөлөөт бөхийн ҮШБ 137
13. О.Гүндэгмаа (буудлага) 121
14. Б.Мөнгөнтуул (шатар) 111
15. Б.Урантунгалаг (байт харваа) 78
16. Ж.Чулуунбат (чөлөөт бөх) 63
17. Л.Отгонбаяр (хөнгөн атлетик) 44
18. Ж.Гантөгс (байт харваа) 41
19. Ч.Санжаадамба (үндэсний бөх) 36
20. Б.Гэрэлт-Од (цанын зүг чиг олох) 32
21. С.Билгүүн (шатар) 6
22. Ө.Төрбаяр (кикбокс) 4
23. Д.Отгондалай (бокс) 3
Э.Аззаяа, Б.Ану, Б.Дамланпүрэв, Н.Түвшинбаяр нар оноо авсангүй

Баг

1.    Бэндийн үндэсний шигшээ баг 15 санал

2.    Софт теннисний эрэгтэйчүүдийн баг 7
3.    Хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 6
4.    Урт бууны эрэгтэйчүүдийн баг 5
5.    Хоккейн үндэсний шигшээ баг 1

Дасгалжуулагч

1.    Т.Сүхбаатар (эмэгтэй чөлөөт бөх) 117 оноо
2.    Д.Ганзориг (бокс) 60
3.    Ц.Бадамхатан (байт харваа) 42

4.    Ц.Баярсайхан (чөлөөт бөх) 31
5.    О.Оюунтуяа (хөнгөн атлетик) 28
6.    Ч.Насантогтох (жүдо) 27
7.    Д.Эрдэнэсайхан (софт теннис) 22
8.    Л.Ундралбат (буудлага) 20
9.    А.Цэдэнсодном (чөлөөт бөх) 14
10. Ш.Цэвэлмаа (жүдо) 10
11. Б.Доржпалам (бэнди) 5
12. Ж.Дашдэлгэр (цана) 4
13. Ж.Баярсайхан (самбо) 3


Дарга нараар чимсэн “Бөртэ чоно”

Уг ёслолын ажиллагаа жилээс жилд тамирчдаараа чимэг хийж ирсэн. Тэгвэл энэ жилийн хувьд дарга, удирдлагууд “Бөртэ чоно”-ыг чимлээ. Яагаад гэвэл шилдэг аравт багтсан тамирчдын дөрөв нь гадаадад байв. Зочдын ширээнд сууж байгаа хүмүүсийг харвал шагнал авах гэж байгаа тамирчдаас гадна Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нар хүрэлцэн ирсэн байлаа. Ахмад тамирчдаас бас цөөн тооны төлөөлөл оролцсоныг дурдахгүй өнгөрч болохгүй. Бусад нь холбоодын ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгч, дасгалжуулагч болон албаны хүмүүс байсныг онцолъё.

“Бөртэ чоно”-ын зохион байгуулалт тааруухан байв

Арга хэмжээг сурвалжлахаар очсон спортын сэтгүүлчид болон зарим тамирчдаас ийм шүүмжлэл үе үе гарах аж. Энэ жилийн “Бөртэ чоно”-ын ёслолын зохион байгуулалт, дэглэлт үнэхээр тааруу байсан гэдэгтэй олон хүн санал нийлэх биз. Шагнал гардуулах орчин нэг л биш ээ. Энгийн жишээ хэлэхэд микрофон нь бараг сонсогдохгүй, их л төвөгтэй байсан даа. Нэг л тийм хөндий, хөшүүн сэтгэгдэлийг энэ удаагийн ёслолын ажиллагаа үлдээснийг арга хэмжээний дараа зочид хоорондоо ярилцаж байсан. Гэрэл муутай харанхуй орчинд шагнал авахыг хэн хүсэх билээ. Хэдэн жилийн өмнө Дуурийн театр, соёлын төв өргөөнд ёслол төгөлдөр болдог байсан арга хэмжээнүүдийг тамирчид өөрийн эрхгүй эргэн дурсаж байлаа. Арга ч үгүй биз.

Ерөнхий сайд С.Батболд: Монголчууд 222 медаль авчээ

-Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороог ахлаж байгаагийн хувьд энэ ёслолын талаар юу хэлэх вэ?

-Спорт гэдэг нь өөрөө нэг төрлийн баяр юм. Спортын онцгой баяр болж байна. Энэ жил Монголын тамирчид тив, дэлхий, олон улсын тэмцээнээс 222 медаль авчээ. Энэ бол Бээжингийн олимпийн амжилтын буухиа үргэлжилж байгаагийн нэг илрэл юм. Жил бүр манай тамирчид амжилтаа ахиулж байгаад монгол хүний хувьд, олимпод бэлтгэх үндэсний хорооны ахлагчийн хувьд баяртай байна. Олимпийн эрхээ нэмэгдүүлж байгаад төр, засгийн дэмжлэг, оролцоо бас байгааг хэлэх хэрэгтэй. Цаашид ч гэсэн тамирчид, дасгалжуулачид маань бэлтгэлээ сайжруулж, Монголын шигшээ багийнхан тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө хамтдаа ажиллая.

О.Насанбурмаа: Энэ шагнал надад урам хайрлалаа


-Шилдэг тамирчин боллоо. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Намайг шилдэг тамирчдын тоонд багтааж, санал өгсөн спортын сэтгүүлч нартаа баярлалаа. Надад энэ шагнал маш том урам хайрлалаа. Олимпийн эрхээ авсан болохоор үүнийг медаль болгон хувиргахын төлөө шаргуу бэлтгэл хийж байна.

-Багш тань “Бөртэ чоно”-ын эзэн болсон. Тэр үед юу бодогдож байв?

-Сэтгэл маш их хөдөлсөн шүү. Багшийг “Бөртэ чоно”-ын эзэн болно гэж ёстой бодож байгаагүй. Болоосой л гэж бодож байсан. Гэтэл шилдгийн шилдэг дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар гээд зарлахад нь маш их баярласан. Зарлахын өмнө маш их догдолж байсан. Миний найз бас шилдэг 10 тамирчны нэг болсон. Мөн холбоо маань шилдэг боллоо. Мартагдахааргүй “Бөртэ чоно” болж өнгөрч байна.

П.Лхамдэгд:

-“Бөртэ чоно” болон өнгөрсөн сарын шилдэг тамирчин болсонд баяр хүргэе?

-Баярлалаа. Шилдэг тамирчин болсондоо баяртай байна. Энэ бол бидний хамтын амжилт гэдгийг хэлье. Олон хүний дэмжлэгээр миний амжилт гарсан шүү.

-2011 оны амжилтаа дүгнэвэл?

-Гранпри, дэлхийн цомын хошой аварга, мөн Азийн аварга болсон.

Х.Цагаанбаатар: Хойшид зохион байгуулалтаа сайжруулна гэдэгт итгэлтэй байна

-Энэ наадмын зохион байгуулалтын талаар сэтгэгдэлээ хуваалцана уу?

-Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бөртэ чоно” ёслол төгөлдөр болж байна. Гэхдээ жилээс жилд зохион байгуулалт нь муудаж байгаад тамирчин хүнийн хувьд сэтгэл дундуур байгаа. Энэ арга хэмжээ ч гэсэн зохион байгуулалт муутай байгаа нь харагдлаа. Тиймээс хойшид энэ тал дээр анхаараасай гэж хүсч байна. Жилд нэг удаа болж байгаа арга хэмжээг сайжруулах хэрэгтэй. Дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргаж байгаа тамирчдыг улам их алдаршуулаасай гэж хүсч байна.

Б.Гангаамаа: Баярлалаа гэдэг үгийг олон хүнд хэлмээр байна

-Маш сайхан арга хэмжээ болж байна. Миний хувьд “Бөртэ чоно”-д анх удаа оролцож байгаа. Шилдэг тамирчин болно гэж бодож байсангүй. Тамирчдын хөдөлмөрийг үнэллээ гэж ойлгож байна. Ирэх ондоо амжилтаа улам ахиулахын төлөө л зүтгэнэ дээ. Маш их хөдөлмөрлөж байж дэлхийн дээврийн зулайд мөрөө гаргасан. Бүх уулчдадаа баярлалаа. Бас шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Б.Мөнхзул

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж