Доктор Б.Баасансүрэн ОУ-ын шагнал хүртэв

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

Доктор Б.Баасансүрэн ОУ-ын шагнал хүртэв

ОХУ-ын Олон улсын “Амьдрал ба Мэргэжил” шагналыг гардуулах уламжлалт ёслолын ажиллагаа ОХУ-ын Москва хотын “Президент” зочид буудлын цогцолборт 2011 оны 12 дугаар сарын 17-ны өдөр  арав дахь удаагаа зохион байгуулагдав. Анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн салбарт онцгой амжилт гаргасан байгууллага, хамт олон, эрдэмтэн, судлаач, эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудад олгодог шагналын энэ жилийн “Уламжлалт анагаах  ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн”-ээр Монгол Улсын иргэн, Анагаах ухааны доктор, Биологийн шинжлэх ухааны доктор Буджавын Баасансүрэн шалгарчээ.

Э.Баасансүрэн нь сүүлийн 18 жилийн туршид ОХУ-ын Якут Улсад байнга оршин сууж эрдэм шинжилгээний ажил эрхлэхийн сацуу олон мянган иргэдийг уламжлалт анагаах ухааны арга барилаар эмчилж иржээ. Тэрбээр “Уламжлалт дорны анагаах ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн”-ний өргөмжлөл, цом, үнэмлэх, өмсгөлийг хүлээн аваад “миний бие олон жилийн туршид монгол, түвдийн анагаах ухааны эмчилгээний арга барил, эм бэлдмэлд цаа бугын гаралтай  эд, эсийг ашиглах талаар судалгаа хийж, үр дүнгээр нь олон мянган иргэдийг өвчин эмгэгээс нь  ангижруулсандаа, тухайлбал 166 гэр бүлд хүслийн дээд болсон үр хүүхэдтэй болоход нь тусалсандаа баяртай байна. Энэхүү нэр хүндтэй шагналыг Ази тивээс Монгол Улсын иргэн надад анхлан олгож байгаа нь манай уламжлалт анагаах ухааны хөгжлийн түвшинг үнэлж буй хэрэг юм. Энэ дашрамд надад эрдэм ухаанаа зааж өвлүүлсэн Монголын уламжлалт анагаах ухааны нэрт  эрдэмтэн, багш нартаа гүн хүндэтгэл үзүүлж талархалаа илэрхийлж байна”  хэмээн хэлжээ.

Монгол Улсын иргэн энэхүү шагналын эзэн болсон ёслолын ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Чимэг нарын дипломат ажилтнууд оролцов гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж