Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

Монголын сонгууль юуны талаар болж өнгөрдөг вэ? Би Америкийн сонгуулийн процесс , тэр дундаа сонгуульд өрсөлдөж буй өрсөлдөгчийн арга барил, тэдний сонгож буй стратеги зэргийг сониучирхан ажиж байдаг юм. Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй хүмүүс гадаад бодлого, эдийн засаг, шашин, миграци гэсэн үндсэн хэдэн сэдэв дээр эргэлддэг. Тэгвэл дараа жилийн 11 сард болох сонгуульд ерөөсөө л эдийн засаг буюу тэр дундаа ажилгүйдэл, төсвийн алдагдалын талаар яригдах бололтой. Харин Монголд өмнө нь болж байсан сонгуулиуд юун дээр тулгуурладаг байсан бэ?

Бодож үзлээ. Ерөөсөө л бүгд л попилист арга барилыг ашиглаж байсан юм шиг санагдлаа. Учир нь шашин, гадаад бодлого, миграци гээд баруунд тулгарч буй асуудлуудыг ер авч хэлэлцээгүй. ТДБ Андууын өмнө баригдаж байгаа лалын сүмийг бариулах бариулахгүй дээр л лав маргалдаагүй. Хятад болон Оростой ийм тийм бодлого барина, гуравдах хөршийн асуудлыг энэ тэр төвшинд аваачина гэж огт дуулдаагүй. Монголоос Казакстан эсвэл Солонгос руу гарч байгаа иргэдээ, Хятадаас орж ирж байгаа барилгачдыг ингэнэ тэгнэ гэж бол бүр дуулаагүй. Хммм.
Юу л чихэнд хоногшиж үлдсэн бэ гэвэл хэн нь хүмүүст илүү мөнгө өгөх вэ, хэн илүү тоглоомын талбай тохьжуулаа вэ, хэн худаг ус янзлаа вэ гэдэг дээр л хоорондоо өрсөлдөж, хоолойгоо сөөтөл орилолдсон юм шиг. Хүмүүст өгөх мөнгийг өрсөлдөгч биш, сангийн яамнаас өгөх учир хүмүүс бид татварт өгсөн мөнгөө эргүүлж авч байна л гэсэн үг. Мэдээж мөнгө авах сайхан л даа, гэхдээ энэ мөнгийг хүүхдийнхээ боловсролыг сайжруулахад зарцуулая гээд боловсролын салбарт оруулсан бол өнөөдөр ингэж багш нар ажил хаяж байх ч уу? Тоглоомын талбай тохижуулах, худаг ус янзлах бол тухайн СӨХ болон засаг захиргааны нэгжийн үүрэг. Тэрийг янзлаж, тохижуулахгүй бол бид эдгээр байгууллагаас шаардах эрх бүрэн бий. Түүнээс нэр дэвшигчээс гуйх ч зүйл биш.
Тэгвэл тэгээд Монголд юу хамгийн чухал сэдэв болох ёстой вэ? Миний бодлоор бүх орон даяар явж хүмүүстэй уулзаж судалгаа шинжилгээ авч хамаг мөнгө төгрөгөө зарж байснаас хэдэн хийдээр ороод лам нартай уулзаад, хэдэн үзмэрчид дээр очиод хүмүүс юу үзүүлэх гэж их ирж байна гэдгийг мэдээд, бөө удган дээр очиод яах гэж ирж байгааг нь тэд нэртэй ний нуулгүй ярихад л манай нийгмийн маань асуудлууд өөрсдөө нүдний өмнө ил болно гэж бодож байна. Одоо харж байгаагаар бол:

-ажилгүйдэл: Манай Монгол улс хүссэн хүсээгүй уул уурхайн орон болж байгаа. Уул уурхай гэдэг бол капиталд тулгуурласан (capital intensive)болохоос биш хөдөлмөр дээр (labor intensive) тулгуурласан биш. Ажилгүйдлийг уул уурхайг хөгжүүлснээр дарна гэвэл том эндүүрэл. Харин үүнийг дагаад үүсч буй үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, үүнээс гадна шавхагдашгүй буюу sustainable салбар болох аялал жуулчлал, бас хөдөө аж ахуйн бүтээгдхүүний үйлдвэрлэл дээр илүү түлхүү яриж, тодорхой зорилтуудыг гаргах хэрэгтэй. Энэ бол яаж аргагүй намуудын нэг гол зэвсэг болно. (Эдийн засгийн хувьсгал хийнэ, үйлдвэржүүлнэ, үйлдвэрийн парк барина гээд зөндөө лоозон уриа сонгуулиар дуулдаж байсан ч гэсэн яг яаж хийх нь маш доторхойгүй байгаагаас гадна улс төрийн хүрээндээ “хүсэл зориг” (political will) байгаагүй нь өнөөдөр бид ямар байдалтай байгаагаас харагдаж байна гэж ойлгож байгаа)

-эрүүл мэнд: Хотод амьдарч байгаа хүн бүрийн тархинд агаарын бохирдол гэсэн нэг ойлголт мартагдаж алга болохгүйгээр гүн суусан байгаа. 5 жил, 10 жилийн дараа манай хот уушигний өвчин болон хортой, хоргүй хавдраар хүн амдаа эзлэх хувиар яаж аргагүй дээгүүр цохино. Гэр хороолол буюу хамгийн хүнд нөхцөлд байгаа хүмүүс хамгийн ихээр өртөнө. Хадгаламж үүсгэх, боловсролд зарцуулах гээд ирээдүй рүү хийх гэж буй хөрөнгө бүр эрүүл мэндэд зарцуулагдах болно. Хайрт ээж аав нь, ах дүүс нь өвдсөн байхад хэн хүний ирээдүйн сайн сайхны төлөө хадгалж байсан бүхэн нь эм эмнэлэг гэсэн зүйлд зарцуулагдах болно. Одоо аль хэдийн энэ үзэгдэл бидний нүдэн дээр болж байна. Байшингийн булан бүрт нэг аптек, урт цагаанаар дүүрэн эм хангамжийн компаниуд энэ бүгдийг харуулахгүй байна гэж үү? Улсын хэмжээгээр бид эрүүл мэндийн салбартаа ямар өөрчлөлт хийх гэж байгааг, тахир дутуу эрүүл мэндийн даатгалыг хэрхэн хөл дээр босгох вэ гээд бодлогын талаас нь, өөрчлөлт шинэчлэлтийн талаас бас намууд хоорондоо өрсөлдөх өөр нэг зэвсэг болох юм.

-гэр бүл: Монголчуудын гурван үнэний нэг нь төрсөн бол үхэх үнэн гэдэг шиг суусан бол салах үнэн гэхэд нээх буруудахгүй болчихоод байна. Үүний цаана бидний дараа үе 2000-д, 2010-д оны үеийнхэн ямар бүтээгдэхүүн болж өсөх нь яригдаж байгаа. Эцэг эх хоёулаа байвал хүүхэд илүү амжилттай болж нийгэмдээ их үүрэг гүйцэтгэдэг гэсэн маш олон судалгаанууд хийгдсэн. Тэгвэл гэр бүлийн үнэ цэнэ алдагдаж, нийгмийн үндсэн нэгж болох “гэр бүл” Монголд маань хүчээ алдаж байгаа юм. Мэдээж альваа нийгэмд салалт байдаг ч гэсэн Монголд энэ дунджаа хамаагүй илүү ихэсч байна гэж би бодож байна. Уул уурхайн өнөөгийн нөлөөг харж байхад тухайн салбар хөгжөөд ирэхээр энэ асуудал улам хурцдана гэхээс биш багасахгүй. Тэгэхээр манай нийгэмд тулгарч байгаа энэ асуудлыг ямар арга замаар шийдэх дээр намууд мэтгэлцэж болох юм.

-зуд: Хэдийгээр хүн амийн 15 гаруй хувь нь малчин ч гэсэн зуд гэсэн ойлголт бидэнд дэндүү ойр зүйл билээ. Зудыг хэдийгээр байгалийн онцгой байдлаас болж үүсч буй нөхцөл байдал гэж албан ёсоор тодорхойлж байгаа боловч яс юман дээр энэ бол бодлого буруу, хэрэгжүүлэлт байхгүй хоёрын дундаа үүсч байгаа гамшиг билээ. Үүнийгээ улс төрчид байгальтай холбохоо больж, ирээдүйд үүнийг хэрхэн шийдэх вэ гэдэг дээр шат тус бүрээр гаргавал малчдад үнэхээр хүрч юуны магад. Мэдээж зудыг малчдын оролцоогүйгээр шийднэ гэвэл үлгэр болох тул малчдыг хэрхэн уриалан удирдаж чадах нь эцэстээ тухайн үр дүнтэй бодлгоны нэг хэсэг заавалчгүй байх ёстой юм.

2008 оны сонгуулийн дараах бяцхан эсэргүүцлийг эвтэйхэн шийдэж чадаагүйгээсээ болоод ирээдүйн олон хувьсгалчид, босогчдийг бэлдсэн байгаа. Цагдаа цэргийнхэн ч бас бэлтгэгдсэн байх. Тоглолт хэрхэн өрнөх нь ор тас таашгүй бас биш юмаа. Харин намууд юугаар бие биенээ шавхуурдаж ямар мориор уралдахыг нь харин харья даа.

Эх сурвалж: http://dulguun.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж