Монгол Улсад ардчилсан хувьсгал үүсч хөгжөөд 22 жил болж, арванхоёрдугаар сарын 10-нд ойгоо тэмдэглэсэн билээ. Ууган ТББ-ын Удирдах зөвлөлийн хурал тус ойн өмнөхөн болж, Ардчилсан хувьсгалын анхдагч зүтгэлтнүүдийн нийгмийн асуудлыг шийдэх талаар ярилцжээ. Уг хурлын үеэр ярилцсан асуудлаар Монголын Ардчилсан холбооны дарга Х.Баттулга өчигдөр Ерөнхийлөгчид хандсан байна. Тэрээр “1989-1990 онд Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон анхдагч зүтгэлтнүүдэд төрөөс орон сууц, түүнтэй адилтгах нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгуулах” талаар хүсэлт тавьсан юм байна. Уг саналыг дор танилцуулав.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТАНАА
Санал хүргүүлэх тухай
МоАХ-ны Удирдах Зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 09-ний ээлжит хуралдаанаар Ардчилсан хувьсгалын 22 жилийн ойн баярыг тэмдэглэх ажлын хүрээнд 1989-1990 онд Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон анхдагч зүтгэлтнүүдэд төрөөс орон сууц, түүнтэй адилтгах нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгуулах тухай хэлэлцсэн материалыг таньд хүргүүлэв.
Таныг хүндэтгэсэн: МоАХ-ны дарга Х.БАТТУЛГА