Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулж, агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор 2008 оноос хийсэн судалгааг Дэлхийн банкнаас өчигдөр танилцууллаа. БОАЖЯ-тай хамтран явуулсан судалгаагаар агаарын найрлага дахь тоосонцорт /PM2.5-нарийн тоосонцор, PM10-бүдүүн тоосонцор/ хүн өдөр тутамд өртөх нь зуурдын нас баралтын тохиолдлыг жилд дунджаар 1600-аар, уушиг, зүрхний өвчлөлтэй холбоотойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоог дунджаар 8500-аар тус тус нэмэгдүүлж байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. Мөн агаарын бохирдлын төвшний үндсэн хэмжүүр болох тоосонцорын концентрацыг жилийн дундажаар хэмжиж үзэхэд, Монгол Улсын агаарын чанарын стандартаас 14 дахин, ДЭМБ-ын агаарын чанарын стандартаас 35 дахин илүү давсан үзүүлэлттэй гарчээ. Агаарын найрлага дахь тоосонцорын агууламж гэр хороололд өндөр байх нь мэдээжийн асуудал. Үүнд, гэр хорооллын хог хаягдлыг цаг тухайд нь ачдаггүйгээс гудамжинд ил задгай үнс, нурмаа асгах нь голлон нөлөөлдөг аж.
Хамгийн их агаарын бохирдолтой гэр хороололд ядуу болон эмзэг давхаргын өрхүүд ихээр аж төрдөг. Тоосонцорын хувьд гэр хороололд хотын төвөөс олон дахин их байгаа бөгөөд жилийн дундаж концентрац хэмжээ 200-300 мкгр/м3 гаржээ. Энэ нь гамшгийн хэмжээний үзүүлэлт аж.
Гэр хорооллын дунд өвчний тархалтын талаар хийсэн судалгаагаар агаарын бохирдлоос эрүүл мэндэд үзүүлэх нөлөө хотын төвөөс хэд дахин илүү байна. Хаа сайгүй л гудамжинд асгасан үнс бургиж харагддаг. Энэ нь уушиг, зүрхний өвчлөл нэмэгдэхэд ч нөлөөлдөг аж. Үүнийг бууруулахаар утаагүй зуух хэрэглээнд гаргаж, утааны цөм болсон бүсүүдэд тараасан ч эерэг үзүүлэлт авчирсан гэх нарийн тооцоо алга.
Хотын агаарын бохирдлын 30-40 хувийг цахилгаан станцуудаас ялгарах утаа эзэлдэг. Хэдийгээр цахилгаан станцаас ялгарах тоосонцорын хэмжээ их болов ч энэ нь хүний эрүүл мэндэд нөлөөлөхгүй төвшинд ялгардаг учраас сөрөг нөлөөлөл хавьгүй бага гэнэ. Станцаас ялгардаг хүхэр, нүүрстөрөгчийн хоёрдогч исэл бүс нутгийн болон дэлхийн цаг уурт сөргөөр нөлөөлдөг учир бууруулах арга хэмжээг үргэлжлүүлэх нь чухал гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Гэхдээ үүнээс илүүтэй ойрын заналхийлэл нь гэр хорооллын яндан гэдгийг судлаачид анхааруулсаар байна.
Дэлхийн банкны хийсэн судалгаагаар эдийн засгийн хувьд өртөг багатай богино хугацаанд сайтар бэлтгэгдсэн шийдлүүдийг ойрын хугацаанд /1-3 жилийн дотор/ боловсруулж, бусад хөтөлбөрүүдтэй хослуулан хэрэгжүүлэх нь агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд бууруулна гэсэн дүгнэлт гаргажээ. Үүнд, цахилгаан халаалтын системийг нэвтрүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг хувилбаруудыг гаргаад байгаа аж. Түүнчлэн тус судалгааны багийнхан гэр хорооллыг орон сууцаар солих хөтөлбөрийг урт хугацааны зорилт болгон хэрэгжүүлэхийг санал болголоо. Ийнхүү нийслэл хотыг агаарын бохирдлоос ангижруулахад гадны олон улсын байгууллагууд биднээс илүү ажил хийгээд хөрөнгө мөнгө зарцуулаад байх болж. Харин манайхан утаа их бага гэж ярихаас цаашгүй. Тэгвэл дахиад нэг сануулчихья.
Агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 35 дахин нэмэгдсэнээс үүдэн жилд 1600 хүн зуурдаар нас барж, уушиг, зүрхний өвчлөл жилд 8500-аар нэмэгджээ.