“Оны басч байгаад хөлөө авахуулсан хүн”-ээр МАХН нэрээ хуучин даргадаа алдсан С.Батболд, Монголын Ногоон нам нэрээ алдсан Д.Энхбат нар хамтдаа шалгарч байна.
“Оны суга татуулсан хүн”-ээр Английн шоронгоос Авлигатай тэмцэх газрын дэд дарга хүртлээ татуулсан Б.Хурц өрсөлдөгчгүйгээр тодорлоо. Зүгээр ч нэг татуулалгүй Ерөнхийлөгчтэй хамт онгоцоор баяр ёслолын байдалтайгаар ирсэн нь шалгаруулалтад оноо цуглуулахад нь нөлөөлсөн байна.
"Time" сэтгүүл мань хоёрын нэг шалгаруулалтын үр дүн их төстэй гарчээ. "Time" оны онцлох хүнээр “арабын жагсагчид”-ийг тодруулсан бол Шархүү авардс “Оны хүн”-ээр Хүний хөгжил сангийн мөнгөө авахаар дугаарлаж буй энгийн иргэдийг тодрууллаа.
“Оны азгүй дамшиг” номинацид АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, Архангай аймгийн цагаан зээр хоёр өрсөлдөв. Энэ жил малын газрын гарц сайн байсантай холбоотойгоор хүзүүндээ байрлуулсан дохио дамжуулагч зүүлтэндээ боогдон үхсэн зээр маань огцорсон даргад цөөн саналаар ялагдав.
“Оны үг” номинацид хэд хэдэн хүчтэй өрсөлдөгч байлаа. “Хүний хөгжил”, ”Тавантолгойн хувьцаа”, “Долдугаар сарын 1” гээд хүчтэй өрсөлдөгчдөөс “сонгууль” түрүүлэв.
Харин нийгмийн асуудал хөндсөн, сэтгэлгээний ядуурлын сэдэвт шилдэг нэвтрүүлгээр “АХА”, “Саятан болохыг хүсвэл” нэвтрүүлгүүд ойролцоо оноотойгоор тэргүүлжээ. Уг нэвтрүүлгийн зочин Номингоос “Нэг жил хэд хоногтой вэ” гэж асуухад,
-Би ойрд ном уншаагүй л дээ гэх хариулт, Үсээ гельдсэн магистр залуугаас “Усан доогуур хорин мянга бээр аялсан нь зохиолыг уншсан уу” гэхэд
-Аан, Дисковери чайнел дээр гарч байсан Ю-317 нэвтрүүлгийг асуугаад байгаа юм уу” гэх мэдэмхийрлүүд нэлээдгүй оноог цуглуулав.
“Оны хулхидуулсан толгой” номинацад Тавантолгойн хувьцаагаа, амлалтын сая таван зууг хамтад нь авна гэж тооцоолж байсан 2,7 сая хүн хамтдаа шалгарлаа. Анхнаасаа хоёр өөр зүйл ярьж байгаад адаг сүүлд нь нэг болгоод өгөхөөр болсныг нь “Яах вэ нэгийг нь ч гэсэн өгч байвал” гээд баярлаад л авахаар болов.
“Хүлээсэн учрал” номинацад Хөгжлийн банк шууд тодров. Хөрөнгө оруулалт энэ банкнаас хийгдэнэ гэж олон төсөл хөтөлбөрийг багагүй хугацаанд хүлээлгэсэн нь энэхүү шагналыг авахад хүргэв. Зуун мянган айлын орон сууц, Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрүүд араас нь удаалав.
“Оны төлөвлөгөө” шалгаруулалтад иргэний хөдөлгөөнийхөн морьтой жагсаалын үеэр хийгдсэн “Барын базалт” нэртэй ажиллагаа нэрээрээ түрий барьж нэлээд урдуур жагссан боловч Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн их хурлын хашир бурхинуудын хийсэн “залхаах тактик” үнэхээр амжилттай хэрэгжсэн тул яахын аргагүй нэгт оров.
“Оны төрийн ивээлд багтагсад”-аар оюутнууд шалгарлаа. Үнэгүй автобусаар явж, тэтгэлэг аваад, төлбөрөө даалгах болсон зэрэг нь гол оноонуудыг цуглуулав. Үдийн хоол хөтөлбөрөөрөө бацаанууд, тэтгэврийн мөнгөөрөө ахмадууд өрсөлдсөн ч хаана нь ч бараадсангүй.
Эцэст нь “Оны асуудал” номинацад замын түгжрэл, хотын утаа нарын аль нэг нь түрүүлэх байсан боловч Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, ирэх сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж буй Э.Түгжил энэ төрөлд хол тасархай шалгарлаа. Үнэнийг хэлэхэд иргэн Э.Түгжил ямар ч хамаагүй номинацад намайг оруулчих гээд мөнгөө төлчихсөн тул энэ байдлаар шийдсэн болно. Эртхэн мөнгөө өгвөл хэнийг ч хамаагүй ирэх жилийн авардсадаа урдуур “чихнэ” шүү.