Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

Харийнхны зууч…

Нөхөр болох хүнийхээ зураг, хоолойн өнгө төдийхнөөс өөрийг мэдэхгүй богтлуулдаг явдал Монголд цэцэглэж байна. Үүнийг 100 жилийн тэртээх Монголын уламжлалт ёсны бэр гуйдаг зуучтай өнгөц харвал адилтгаж болох ч утга, агуулгын хувьд огт өөр. Бизнес сэтгэлгээтэй зууч гэчихэд гэмгүй. Ийм үйлчилгээг хувь хүмүүсээс гадна бүхэл бүтэн товчоо үзүүлж байна. Мэдээж, гэр бүлийн хуульд Монгол улсын насанд хүрсэн иргэн харийн иргэнтэй гэр бүл болохыг зөвшөөрсөн.  Солонгосын, эсвэл Хятад зэрэг бусад орны харчуулд монгол охидыг богтолдог ийм этгээдүүдийн цалин, хөлс сая хол давна.

Гадаад харилцааны яамны гаргасан судалгаанаас харахад, 2000 оноос хойш Монгол Улсын харъяат 3355 орчим охин харийн бэр болжээ. Тэдний 2238 нь “ханкүг” нөхөрт гарч. Ер нь жилд 800 гаруй эмэгтэй БНСУ-ын иргэнтэй гэрлэдэг гэсэн тоо байна. Тэд голдуу тус улсын харъяат болох зорилгоор ийм алхам хийдэг аж. Тиймээс ч сүүлийн таван жилийн дотор 200 эмэгтэй БНСУ-ын харъяат болжээ. Үүнээс урган гарах сөрөг үр дагавар нь Солонгос иргэнтэй гэрлэсэн 25 эмэгтэй тутмын нэг нь нөхрийнхөө хүчирхийлэл дор байдаг гэсэн судалгаа ч бас байх юм.

Жилд дунджаар 1000 орчим монгол бүсгүйчүүдийн харийнхантай гэрлэж буй нь 2,7-хон сая хүн амтай манай улсын хувьд Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц эмгэнэлтэй асуудал ч харамсалтай нь үүний эсрэг юу ч хийж чадахгүй. Тэр ч бүү хэл энэ тоо жил ирэх тусам өсөх хандлагтай болжээ.  

Шоовдорлогдсон үйлдвэрлэгчид…  

“Монголд үйлдвэрлэв” гэсэн болхидуу хулдаасан самбар хаа нэгтээ хийсч харагддаг. Түүнээс гадна хиам, архи, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг эс тооцвол Монголд өөр үйлдвэр байхгүй. “Эрдэнэт”, “Тавантолгой”, “Оюутолгой” гэж томоохон үйлдвэрлэгчдийг дурдах л байх. Гэхдээ тэдний аль нь ч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй.

Хувцас үйлдвэрлэгчдийн болхи байдлыг нь үйлдвэрлэл төдийлөн хөгжөөгүй, манайхны юу ч хийж сураагүйтэй холбож муучилж болох ч тийм байлгахад нөлөөлж буй гол хүчин зүйл нь төрөөс баримталж буй бодлого. Хэдийгээр жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоод байна гэдэг ч нэдэр дээрээ түүнийг нь хүртсэн үйлдвэрлэгчид нэн ховор. Монголын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид голдуу байрын хонгилд үйл ажиллагаа явуулдаг. Тэр утгаараа тэдэнд зээлийн барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгө байхгүй. Эл шалтгаанаар зээлд хамрагдах “виза”-ны оронд “хар тамга” даруулдаг. Гэсэн ч тэд татвараа төлж, ажлын байрны тоог нэмэгдүүлж буй. Тэгэх тэгэхдээ монголчуудын шүтээн болсон уул уурхай салбарынхнаас ч илүү ажлын байр бий болгодог. Ингэснийхээ хариуд татвар, мэргэжлийн хяналт, Засаг дарга мэтийн албан тушаалтнуудад дарамтлуулдаг. Тэднийг ингэж сөхрүүлдэг. Үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэсэн хэрнээ шударга өрсөлдөөнийг хаан боодог нь өнөөгийн эрх мэдэлтнүүдийн гэм биш зан. Тиймээс ч гадаадын хөрөнгө оруулагчид эхний таван жилдээ улсын төсөвт сохор зоос ч төлөхгүй байх татварын хөнгөлөлт эдэлдэг. Үүгээр ямар ч салбарыг өрсөлдөх чадваргүй болгодог нь бодит үнэн. Үүнийг харийнханд зориулсан бодлого гэхгүй юм бол өөр юуг хэлнэ гэж. Монголын төр ийнхүү “монголд  үйлдвэрлэв”-ийг боомилдог…

Албан ёсны төлөөлөгч…

Монголд суугаа харийн элчин­гүүдийг энд дурдаагүй юм шүү. Үйлдвэрлэл хөгждөггүй бас нэгэн шалтгаан нь энэ. Монголд монгол хүн үйлдвэрлэл эрхэлснээр гадны компанийн албан ёсны борлуулагч болсон нь ашигтай. Тиймээс монголын томоохон компаниудийн ихэнх нь үйлдвэрлэгчид биш албан ёсны борлуулагчид байдаг. “Наран”, “Вагнер ази”, гэхчлэн уртаас урт жагсаалт тоочиж болохуйц. Толгой чинь эргээд унах вий. Монголд харин зөвхөн архины брэнд л бий. Бусад нь бүгд гадаадын компанийн төлөөлөгчид шүү дээ. Албан ёсны борлуулагчдын эсрэг зогсч буй ганцхан хүчин нь “комиссынхон”. Тэд албан ёсны төлөөлөгчдөөс хамаагүй хямдхан хуучин барааг оруулж ирсэнээр тэдний хамаарлыг бага ч атугай багасгаж буй.
 

Харийнханг шүтсэн үйлчилгээ

Банкны салбарт цахим карт нэвтрээд арваад жилийн нүүрийг үзлээ. Аль банкны “АТМ”-ээр үйлчлүүлсэн нэг л зүйл монгол хүн Монгол гэдэгтээ гутна уу гэхээс омогшдоггүй. Учир нь аль ч банкны “АТМ”-ийн сонгох хэлний дээд талд “English” түүний доор “Монгол хэл” байрладаг. Уг нь албан ёсны маань хэл юм шүү дээ.

Баар, ресторанд ороод захиалга өгөөд үзээрэй. Өмнөөс чинь харийн хэлээр бичсэн зэс өгнө. Эрүүл мэндийн яамны урд байрладаг “Springs” зочид буудлын Солонгос хоолны ресторанаас эхлээд ийм жишээг хаанаас л бол хаанаас олж харж болно. Хаяг, шошго зэргийг энд хэлээд ч хэрэггүй биз дээ. Тэгээд ч бид харийн хэлийг эх хэл шигээ, эх хэлээ харийнх шиг эзэмшчихсэн хүмүүс. Түүнд нэг их ач холбогдол өгөхгүй болж.

Хэдхэн жилийн өмнө Монгол­банкнаас аливаа гүйлгээ, үнэ, ханшийг төгрөгөөр тооцож байх шийдвэр гаргасан ч үүний биелдэггүйн үй олон жишээг авто машины худалдаанаас эхлээд банкны үйлчилгээ гээд бүхий л зүйлсээс харж болно.

Бүр үгүйсгэсэн жишээг Өмнөговь аймгаас харж болно. Тэнд Монгол төгрөг юу ч биш. Түүгээр худалдаа хийдэг хүн байхгүй. Харин хятадын юаньтай бол юу л бол юу хийж болно. Учир нь энэ аймгийн зах зээл Хятадаас хамааралтай болоод удсан гэх юм билээ. Уг нь Монголдоо монгол хэлээр бичсэн хуудас аваад тооцоогоо зөв хийчихмээр байдаг. Даан ч “sorry” гэх юм даа.

Харьжсан тавилан

Ийм л харьжсан тавилантай  бол­чихож, бид нар. Эргэн тойронд монгол зүйл ганц ч үгүй. Замын түгжрэлд ороод зогсохдоо хүүхэддээ нэг монгол үг хэлээд өгчихье гэхээр бүх хаяг харийн хэлээр. Банкаар үйлчлүүлье гэхэд гадаад. Бааранд ороод бухимдлаа тайлья гэвэл бас харийн “menu”. Больё сайхан хоол идчихье гэхээр ханзаар биччихэж. Богино долгионы радио сонсоё гэсэн ч өмнөөс гадаад, дотоод нь мэдэгдэхгүй хэлээр шулганаад байх юм. Орой очоод зурагтаа асаахаар бас л халтар хултар гадаад хэлтэй нөхдүүд хазгай муруй хэлээр “энтертайнмент” мэдээлэл дуулгаж, имиж, стиль ярьцгаана. Кино нь хүртэл гадаад. Ийм л өрөвдөлтэй. Өөрсдийнхөө нутагт харийнхныг шүтсэн цөвүүн цаг ирж. Монголдоо монгол шиг байж болдоггүй, даяаршил нэрийн дор харийг шүтэж, харьжсан монголын бүхэл бүтэн шинэ үе мэндэлж байна. Хаа сайгүй харьжсан хүмүүс, үзэл суртал, үйлчилгээ. Харин үүнийгээ их аятайхнаар дэлхийтэйгээ хөл нийлүүлэн алхаж, даяаршиж байна хэмээн цайруулцгаана. Тун удахгүй Монголын радио Хятадаар ярьж яруу найрагч Галсансүхийг үхүүлж мэдэх нь, хөөрхий харьжсан тавилан…

Л.Нарантөгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж