“Үндэсний нар”-ны зүрх ядарчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

“Үндэсний нар”-ны зүрх ядарчээ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир өнгөрсөн бямба гаригт 70 насныхан босгон дээр таалал төгсөв. “Үндэсний нар” гэгдэг агуу удирдагчийн залгамжлагчаар түүний бага хүү 27 настай Ким Чен Ын-ийг зарлалаа. Коммунист далангуйллын удирдагчийн үхлийн мэдээг хөрш орнууд нь биржийн индекс, валютын ханшийн уналтаар угтан авав. Өмнөд Солонгос, Японы Засгийн газрууд яаралтай хуралдан цэргийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна. АНУ, Өмнөд Солонгос, Япон гурав байнгын зөвлөлдөөн хийж байна.

Хойд Солонгосын лидерийн үхлийн талаар БНАСАУ-ын Цахилгаан мэдээний төв агентлаг даваа гарагийн орон нутгийн цагаар үд дундуур зарлав. Эхний мэдээ нь маш товчхон”Улс орноороо ажлаар явж байсан Ким Чен Ир “оюуны болон биеийн хэт ядаргааны улмаас” бямба гаригийн өглөө нас барсан” гэжээ.

Японд Хойд Солонгосын мөнгөөр хэвлэгддэг Choson Sinbo сонинд нийтэл­сэн удирдагчийн үхлийн шалтгааны эмнэлгийн дүгнэлтэд өглөөний 8:30-д зүрх нь хаагдсаны улмаас нас барсан, үүнээс өмнө урт хугацааны турш зүрх, судасны өвчнөө эмчлүүлж ирсэн гэж өгүүлсэн байв. Ким Чен Ир 69 настай байжээ.

Ким Чен Ирийн төрсөн өдөр, сар нь хоёрдугаар сарын 16 гээд яг тодорхой ч зарим албаны болон албан бус мэдээлэл нь зөрдөг. Зөвлөлтийн баримтаар Ким Чен Ир Хабаровскийн хязгаарын  Вятское тосгонд 1941 онд төржээ. Японд эзлэгдсэн Солонгосоос эцэг нь зугтан тийшээ ирсэн байжээ. Тэнд төрсөн хүүг Юрий Ирсенович Ким нэрээр бүртгэгджээ. Албан ёсны мэдээгээр нь бол Ким Чен Ир үүнээс жилийн дараа Пэкту уулан дахь партизаны лагерьт төрсөн гэж бичдэг. Түүнийг төрөхийн өмнөх өдөр Солонгосын хойгийн хамгийн өндөр уул нь ид шидийн гэрэл гэгээгээр гэрэлтсэн байлаа гэх домог яриа бий.

Ким Чен Ирийг хар багаас нь засаглалд бэлтгэсэн бөгөөд түүнийг 1980 онд Ким Ир Сений залгамжлагчаар зарлан 1991 онд Хойд Солонгосын армийн Ерөнхий командлагч болгосон. Гэхдээ тэр эрхээ “мөнхийн ерөнхийлөгч” гэсэн цолтой эцгийгээ нас барсан 1994 оноос л эдэлж эхэлсэн. Эцэг шигээ нүдэнд дулаахан биш түүнийг Зөвлөлтийн  блок задарсны дараа засаг удаан барихгүй гэж гадныхан үзэж байсан талтай. Сибарит гэх тансаг амьдралд дуртай Ким Чен Ир, коньяк, навчин тамхи, залуу охид ба кинонд дуртай байсан гэдэг.  Дам яриагаар тэрээр бараг 10 орчим мянган киноны цуглуулгатай гэнэ. Хамгийн дуртай кино нь “Загалмайлсан эцэг”, “Жеймс Бонд”, “Даффи нугас”  гэх. “Оскар”-ын шагнал авсан киног бүрэн цуглуулжээ. Элизабет Тейлорын зурагтай киноны зурагт хуудсанд бас дуртай.

Тэрээр кино сонирхдог шигээ киноны гэмээр “өвчтэй”. Тэрээр 1978 онд Өмнөд Солонгосын кино жүжигчин эмэгтэй Чой Юн Хиг, дараа нь эхнэрийнхээ эрэлд гарсан продюсер, найруулагч Шинь Сан Окийг Гонгконгоос Хойд Солонгосын тагнуулчид хулгайлан Пхеньянд авчирсан аж. Таван жилийн дотор тэдэнд уулзах боломж олгохгүй байснаа нэгэн удаа намын дайллага дээр уулзуулаад Ким Чер Ир тэр хоёроос хагацуулсных нь төлөө уучлал гуйж, өөртөө зориулан кино хийхийг гуйжээ. Тэд хэд хэдэн кино хийж өгөөд  1986 онд баруунд зугтан гарч чадсан юм. Ким Чен Ир улсынхаа кино студид хэдэн зуун удаа очиж байсан. Тэрээр Хойд Солонгосын тухай эх оронч 100 ангит киноны продюсер нь. Мөн киноны онолын ном бичжээ.

Олон жилийн бүх нийтийн өлсгөлөн­гийн ирмэгт улс нь байсан ч “чучхейн сонгуны” дэглэмийг ганхуулсангүй. Түүгээр ч барахгүй 2005 онд Хойд Солонгос өөрийгөө цөмийн гүрнээр зарлан 2006 ба 2009 онууд цөмийн хоёр туршилтыг газар дор хийсэн юм. Тэр нь тэдэнд хүмүүнлэгийн болон эрчим хүчний тусламж авах хэлэлцээрийн баталгаа нь болсон  юм.

Хойд Солонголын лидерийн цогцсыг энэ сарын 28-ны өдөр эцгийнх нь шарил байгаа Кымсусан бунханд  тавьсан бөгөөд Хойд Солонгост гашуудалд зарлаад байна. Гадаадын төлөөлөгчдийн оршуулгад урихгүй.

Ким Чен Ирийн залгамжлагч 27 настай хүү Ким Чен Ын болж өнгөрсөн жилээс эхлэн залгамжлагч гэж хагас албан маягаар зарлаад байгаа. 1966 оноос хойш хийгээгүй өнгөрсөн жилийн есдүгээр сарын намын бага хурлаар Хөдөлмөрийн намын Цэргийн төв комиссийн даргаар сонгон дөрвөн одтой генерал болгосон.

Ким Чен Ир дээр дуртай цагтаа ордог Хойд Солонгосын гурван хүн Ким Чен Ын, түүний эмэгтэй дүү Ким Ген Хи (эмэгтэй генерал цолыг Ким Чен Ынтай хамт авсан) болон түүний нөхөр Чан Сон Тхэк нар юм. Одооноос эхлэн түүнийг “өөрийн эцэг ба өвөөгийн замаар агуу замнагч“ нэрлэх болж байна. Чухам хэзээ төрсөн нь тодорхойгүй. Түүний ээж, Японд төрсөн Кон Ён Хи гэдэг бүжигчин солонгос эмэгтэй, 2004 онд хорт хавдраар нас баржээ.

Хоёр ахынхаа адил Швейцарийн Бернд боловсрол эзэмшсэн Ким Чен Ун оюутнуудтай харьцахаас дөлсхийж, гадуур Умард Солонгосын Элчин сайдтай хамт хооллохыг илүү үзэж, оюутны амралтаа Пхеньянд гэртээ өнгөрүүлдэг байв.Тэрээр 2007 оноос өмнө нутагтаа буцаж ирээд Ким Ир Сений нэрэмжит цэргийн академид суралцсан. Түүний тухай хүмүүс бараг мэдэхгүй.

Кензи Фузимото гэдэг зохиомол нэртэй япон тогооч 2003 онд хэвлүүлсэн “Би Ким Чен Ирийн тогооч байсан” номондоо Ким Чен Ын аавынхаа хайртай хүү байсан бөгөөд түүний ирээдүйг залгамжлагчийн хувиар өсгөж байсан гэж нотолжээ. 

Ким Чен Ыныг “Өглөөний нарны хаан” гэж нэрлэдэг байсан. Ээж нь 2004 онд нас нөгчсөний дараа түүний ах Ким Чен Нам эцгийгээ залгамжлах гол хүн болох нь гэсэн мэдээ гарч байв. Гэвч Ким Чен Нам Японоос хөөгдөж, бас дунд хүү Ким Чен Чхоль нь гормоны дутагдалтай  “эр хүний” шинжгүй учир отгон хүүг залгамжлагч гэж үзэх болсон билээ. 2006 онд Солонгосын ардын намын удирдах ажилтнуудад Ким Чен Ыны дүртэй тэмдэг тараасан нь Ким Чер Ирийг залгамжлуулахаар түүнийг бэлтгэж байна гэж ярих шалтаг болсон бөгөөд Ким Чен Ир Солонгосын ажилчны намын удирдагчдад өгсөн хувийн удирдамждаа Ким Чен Ирийг залгамжлагчаа гэж нэрлэсэн хэмээн 2009 оны нэгдүгээр сард мэдээлж байв.

Хойд Солонгосын дарангуйлагчийн үхлээс болж Азийн хөрөнгийн биржийг унав. Өмнөд Солонгосын KOSPI даваа гарагт 4,1хувь, Японы Nikkei 225 индекс 0,84 хувь, Австралийн S&P/ASX  индекс 2,32 хувь, Гонконгийн Hang Seng 1,94 хувь, Шанхайн SSE Composite 2,57 хувь тус тус унасан байна. Хойд Солонгосын тодорхойгүй байдал хөрөнгө оруулагчдыг ам.долларт итгэхэд хүргэснээр ханш нь өссөн байна. Бусад валютууд унаснаас Өмнөд Солонгосын воны ханш 0,4 хувиар буураад байна.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж