Эрх баригчдын амлалт ба их хүлээлт

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

Эрх баригчдын амлалт ба их хүлээлт

Хуруу дарамхан үлдэж буй хуучин оны төсгөлд  ч гэлээ “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот” хөтөл­бө­рийн хүрээнд баригдах ши­нэ, шинэ орон сууцны хороо­ло­луудыг хүлээсэн, харсан, горьд­сон иргэдийн хүлээлт их л байна даа. Эрх баригчид  ядахнаа байн байн энэ эмзэг сэдвийг хөн­дөж, иргэдэд шилний цаанаас чихэр долоолгох сайхан үлгэрээ сануулах нь эгдүүцмээр. Өдөр хоног ирэх тусам өсөөд бай­гаа үнийн дарамтанд амьд­рах, бага дунд орлоготой иргэдийн   байртай болох мөрөөд­лийн цэг болсон “100 мянган айлын орон сууц” төсөл, зургаан хувийн хүүтэй зээлийн асуудал  харин ч нэг зуун задгай байх.  Санхүүжилт байхгүй, санхүү­жүү­лэх эх үүсвэрээ олоогүй, тэр ч бүү хэл техник эдийн засгийн үн­дэс­­лэлээ боловсруулаагүй гэсэн.

Засгийн газрын 2008-2012 оны мөрийн хөтөлбөрт бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилгоор 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан билээ. Энэхүү хөтөл­бөрийн хүрээнд  750 мянгыг нь Улаанбаатар хотод,  үлдсэн 250 мянгыг нь хөдөө орон нутагт  барих бөгөөд эх­ний ээлжинд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн дол­ду­гаар хороололд 134 га га­зарт, Баянголын аманд 252 га газарт, Буянт-Ухаад 110га га­зарт, МҮОНРТ-н хавьд 35 га газарт,14-р хороололд 126 га газарт, Шинэ яармагт 101 га га­зарт барилга барихаар төлөв­лө­сөн байна. Жилд 20 орчим мянган  орон сууц босно гэж үзвэл  100 мянган айлын орон сууцыг тав, зургаан жилийн дотор барих бүрэн боломжтой гэгдэж байсан ч  улиран одож буй 2011 онд уг төсөл ерөнхийдөө унтаа байдалтайгаар л өнгөрлөө.

 Зургаан жилийн хугацаанд хэрэгжүүлэх “100 мянган айлын орон сууц” төсөлд нийтдээ 8,2 их наяд төгрөг зарцуулах шаард­лагатай бөгөөд энэ онд Засгийн газраас  447 тэрбум төгрөгийн бонд гаргаж,тэрхүү бондын арилжаанаас босгосон хөрөнгөөр хөтөлбөрийг эх­лүүл­нэ гэж тооцсон ч  тооцоо­­­лол нь бүтэлгүйтэж, сан­хүү­жилтын систем алдаа заа­чихсан.  Учир нь Засгийн газ­­рын мөрийн хөтөлбөрийг сан­хүүжүүлэх үүрэгтэйгээр байгуу­­лагдсан Хөгжлийн банк нь хөрөнгө мөнгөгүйгээс болж чамгүй хугацаанд зүгээр суу­сан юм. Ойрмогхоноос ажлаа идэв­хийлж  гадаадаас олж ирсэн  долоон хувийн хүүтэй 20 сая ам.долларын зээлээ шинэ төмөр зам барих төслийг санхүү­жүү­лэхээр болсон гэнэ лээ.  Гэхдээ олж ирсэн зээлээ эхний ээлжинд төмөр замын салбарыг санхүүжүүлэхэд зар­цуулахаар төлөвлөж бай­гаагаа Сангийн яамны Төс­вийн бодлогын газрын дарга, Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Б.Батжаргал ярьж байсан. “100 мянган айлын орон сууц” төслийг ирэх оноос л эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм даг уу даа. Засгийн газрын нэрийн бондыг гадаад зах зээлд арилжаалж олсон хөрөнгөөрөө  хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр л болж байгаа юм билээ.

Одоогоос  зургаан жилийн өмнө Монгол Улсын Засгийн газраас “40 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийг хэрэг­жүүл­сэн. Энэ хөтөлбөрийг хэрэгжилтийг эрх баригчид “А” үнэлсэн шалтгаан нь тухайн жилүүдэд баригдсан амины орон сууцнуудыг хөтөлбөрийн хүрээнд баригдсан гэж тооцоод иргэдийн хөөрхөн хуурчихсан юм даг. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр зургаан жилийн дараа яг дээрх шиг, чиний эхнэр минийх, миний эхнэр чинийх гэдэг шиг л болчихгүй бол иргэдийн энэ  их хүлээлт хэзээ нэгэн цагт эрх биш биелэлээ олох байх л даа.

Оргүйд орвол
охинтой гэж

Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд  Х.Баттулга “Ардын эрх” сонинд өгсөн ярилц­лагадаа “Оргүйгээс охин­той нь дээр гэдэг шиг л ажил явж байна, маш удаан байна. Хамгийн гол нь, нэгдүгээрт анхаарал хандуулах ёстой аж­лууд маань дарааллын хувьд хэддүгээрт ч ороод байгаа юм бэ, бүү мэд. Ямар ч байсан, “Монгол мал” энэ тэрийн дараа л явж байх шиг байна” гэсэн нь бий. Эндээс харвал  “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр “Таван эрдэнэ”, “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжсэний дараа л биелэлээ олж шинжтэй. Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан “Таван эрдэнэ” хөтөл­бөр  гурван жилийн хуга­цаанд хэрэгжинэ гэж тооцвол энэ хугацаанд мянга мянган за­луусын хонгилын үзүүр дэх гэрэл болсон “100 мянган айлын хөтөлбөр” ирэх жилдээ ч эхлэлээ тавьж чадахгүй ч байж магадгүй. Ирэх оны зургадугаар сарын сонгуулиас өмнө амжиж л байртай болохгүй  бол алсдаа орон сууцанд амьдарна гэж бодолтгүй гэсэн цуурхал бас үнэн болж хувирч болзошгүй юм. Гэхдээ яах вэ  бас, оргүйд орвол охинтой гэгчээр намрын эхэн сард буюу наймдугаар сарын 26-ны билэгт сайн өдөр Яармагийн дэнжид шинэ хорооллын шавыг тавих ёслол болсон, долдугаар хороонд амжилтгүй ч гэлээ газар чөлөө­лөх хэлэлцээр үргэлжилж бай­­гаа  шүү дээ.  Нийслэлд бариг­дах 75 мянган айлын орон сууцны  15 мянга нь Яар­магийн дэн­жид баригдах бөгөөд үүнийг Хятадын Зас­гийн газраас сан­хүү­жүүлж байгаа  гэсэн. Нийтдээ 300 тэрбум төгрөгөөр уг хорооллыг цогцлоох бөгөөд үүнд дунд сургууль, цэцэр­лэг, эмнэлэг гээд иргэдэд нэн тэргүүнд шаардлагатай үйлчил­гээ­ний бай­гууллагуудыг ч бари­хаар төлөвлөжээ. “Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хороол­лын санхүүгийн эх үүсвэрийн 300 тэрбум төгрөгийн зээ­лийн баталгааг 12 жилийн хуга­цаа­тай­гаар Монгол Улсын Хөгж­лийн банкны гаргаж байгаа юм билээ.

Зургаан хувийн зээл яасан бэ

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжиж зур­гаан хувийн хүүтэй зээл гарах гэ­сээр байтал арилжааны бан­куу­дын зээлийн хүү 1,3 хувь байснаа өнгөрсөн аравдугаар сараас 1,6-2,0 хувь болтлоо өссөн. Монголбанкнаас инфля­цийн инерцийг тогтворжуулах үүднээс мөнгөний хатуу бод­лого баримталж, бодлогын хүүгээ нэмсэн нь ийнхүү юун бага дунд иргэд байртай болох манатай болоод байна. Өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газар хуралдаж “100 мянган айлын орон сууц” хөтөл­бөрийн хүрээнд зургаан хувийн хүүтэй зээл гаргахаар шийдвэрлэсэн. Гэхдээ энэ зээ­лийн журам нь өнөөдрийг хүртэл батлагдаагүй байгаа. Журам батлагдсаны дараа шийд­вэр нь баталгаажина гэсэн үг. Зургаан хувийн зээл гар­гах асуудлыг төв банкнаас өнөөдрийг хүртэл эсэргүүцсэн хэвээр байна. Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж “Бүг­дийг нь зургаан хувь болго­чихвол орон сууцны зээл халамжийн шинжтэй болж, улмаар зах зээлээ эвдэх эрсдэл­тэй” гэдгийг ч УИХ-ын танхимд хэлсэн бий. Харин саяхан Засгийн газрын хуралдаанд Орон сууцны ажлыг эрчимжүүлэх үндэсний хорооныхон “100 мянган айлын орон сууц”, зургаан хувийн хүүтэй зээлийн ажлын явцыг танилцуулсан бий. Уг хуралдаанаас 12 хувийн хүүтэй зээл гаргаж арилжааны банкаар дамжуулан шийдвэрлэх бөгөөд зургаан хувийг нь иргэн өөрөө, зургаан хувийг нь төр даахаар болсон. Зургаан хувийг нь төр даахдаа тухайн арилжааны банк­уу­дад санхүү тат­варыг дэмж­лэг үзүүлэх хэл­­бэрээр төлөх гэнэ лээ. Хөтөлбөрт хам­рагд­­сан иргэд 20-25 жи­лийн дотор зургаан хувийн хүүтэйгээр  орон сууцны зээ­лээ төлж дуусгах ёстой. Гэх­дээ зээлд хамрагдахын тулд урьдчилгаа 30 хувийг заавал төлөх хэрэгтэй хэмээн зааж байгаа гэсэн. Орон сууцны нэг м.кв-ын үнийг 900 орчим ам доллар байхаар тооцож байгаа учир тухайн өрх сард 440-470 мянган төгрөг төлнө. Ингэхийн тулд зээлд хамрагдсан иргэний өрхийн орлого сард 900 мянга орчим байх шаардлагатай бөгөөд өнөөгийн бага, дунд орлоготой иргэдийн хувьд 900 мянган төгрөгийн орлого олох боломжгүй. Тиймээс иргэдийг ажлын байраар хангах, зах зээлд нийцсэн мэргэжилтэй бол­гоход анхаарах зорилгоор давхар төсөл хөтөлбөр хэрэг­жүү­лэхээр УИХ, Засгийн газ­раас бас л гоё амлалт өгчи­х­өөд байгаа.  Түүнчлэн 100 мян­ган айлын орон сууц бари­хад барилгын материалын үнэ нөлөөлөх тул Монголдоо хийж болохуйц материал, техникийг үйлдвэрлэх чиглэлээр ч зарим ажлууд хийгдэх гэсэн. Гэтэл өнгөрсөн тавдугаар сард “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд үндэс­ний үйлдвэрлэлийг дэм­жих нэрээр Хятадаас орж ирж буй барилгын материалын гаа­лийн татварыг 15 хувиас 20 хувь болгосон нь өнөөдөр орон сууцны үнэ 30-50 хувиар өсөх нэг том шалтгаан, сайхан далим болчихоод байгаа юм.  Энэ бүхэн “бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гээчийн эхлэл  битгий байгаасай билээ.

Ж.Нямсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж