СЕХ сонгууль будилуулдаг байгууллага уу?

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

СЕХ сонгууль будилуулдаг байгууллага уу?

Ирэх сонгууль дахиад л будилж, иргэд жагсах уу? …Эл асуултын хариуг энэ удаа Сонгуулийн тухай хуулиас бус, СЕХ /Сонгуулийн ерөнхий хороо/-ноос асуух шаардлагатай болоод байна. Учир нь СЕХ-ны нөхдүүд яг 2008 оны сонгуулийг будилуулсан шигээ дахиад л хууль зөрчиж эхэлжээ. Тэр нь магадгүй дээрээсээ заавартай ч байж болохоор харагдаад эхэллээ. Учир нь сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед хуулийн тө­сөлд байсан “сонгогч саналын хуудсаа санал тоолох машинд хийнэ” гэсэн заалтыг “саналын хайрцагт хийнэ” хэмээн өөрчлөөд оруулж иржээ. Гэвч ажлын хэсгийн гишүүд “азаар” түүнийг нь олж, буцаасан байна лээ. Саналын хуудсыг санал тоолох машинд биш, саналын хайрцагт хийхээр засварласан энэ явдлыг санамсаргүй алдаа гэж үзэх аргагүй өөр бас нэг нөхцөл байдал үүсээд байгааг өчигдөр УИХ-ын гишүүн З.Энхболд нийтэд дэлгэлээ.

Сонгогчийн саналыг машинаар тоолох тухай заалт бүр 2005 оны сонгуулийн хуульд орсон байгаад 2007 оны арванхоёрдугаар сард хийсэн нэмэлт өөрчлөлтөөр “хугацаа тулсан учир хэрэгжүүлэх боломжгүй” гэсэн шалтгаар авч хаяж, харин өнгөрсөн онд УИХ 2011 оны төсвийг батлахдаа СЕХ-нд санал хураалтын машин авахад нь зориулж 24 тэрбум төгрөг баталж өгсөн юм. Гэхдээ санал тоолох машиныг ямар нэгэн тендергүйгээр шууд сонгох эрхийг нь СЕХ-нд өгч, хамгийн сайн машиныг үнэ хайрлахгүй авсугай гэсэн билээ.

Хэрвээ манайд зарлагддаг тендерүүд шиг  нэг нь шалгаруулсан, нөгөө нь өрсөлдсөн болж, тэгээд төсөвлөсөн мөнгөний тал нь шалгаруулсан шалгуулсан хоёрын халаас руу орвол машины чанар чансааны талаар ярих утгагүй болно гэж болгоомжилсон биз. Тэгээд ч тендер зарлах хугацаа үлдээгүй учраас. Гэхдээ “хамгийн сайн” гэдэг шалгуураа илүү ойлгомжтой болгохын тулд Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Дэлхийн зах зээл дээр хамгийн олон хувь зарагдсан, шалгарсан санал тоолох машиныг ав, үнэ хамаагүй” гэдэг чиглэлийг СЕХ-нд өгсөн билээ.

Энэ ч дагуу өнгөрөгч хаврын чуулганы төгсгөлд СЕХ-ны нөхдүүд УИХ-ын гишүүдэд Америкийн хоёр, Өмнөд Солонгосын нэг компанийн санал тоолох машиныг танилцуулсан юм. Тэр дундаас Америкийн компанийн танилцуулсан, 300 сая хүнтэй АНУ-ын зах зээл болон дэлхийн зах зээл дээр хамгийн олон хувь зарагдсан машиныг үнэтэй ч гэсэн авья гэдэг шийдэлд УИХ-ын гишүүд хүрсэн. Тухайн компани араас нь бас туслах үйлчилгээ үзүүлж, мэргэжилтнүүд нь сонгууль дуустал хажууд нь байж санал хураалтын дүн зөв гарлаа, маргаангүй гэсний дараа явах ёстой гэх мэтчилэн дагалдах шаардлагуудыг ч тавьсан байдаг.

ТББХ-ноос СЕХ-нд тавьсан бас нэг шаардлага нь ”цаасгүй санал өгдөг машин авахгүй ээ, тэр нь алдаа гарах магадлалтай юм байна, цаас нь үлддэг машин авна” гэдэг чиглэл өгсөн билээ. Яагаад гэвэл сонгуулийн дараа маргаан гардаг учраас дахин тоолох боломжтой гэдэг үүднээс. Сонгогч цаасан дээр саналаа өгнө, түүнийгээ өөрөө машинаар тоолуулчихаад гарна. З.Энхболдын өмнөх цагаан дугуйг харлуулах юм бол түүнд санал өгсөн гэж тоолно. Машин зөвхөн хар цэгийг л тоолох учраас алдаа гарах боломжгүй. Хэрэв тэмдэглэгээнд алдаа гарвал машин “алдаатай байна” гээд буцаачихна, сонгогч дахиад саналын хуудас авна. Шинээр батлагдсан хуулиар хүн ам ихтэй аймагт хоёр хүний төлөө, хүн ам багатай аймагт нэг, хотын дүүрэгт бол гурван хүний төлөө санал өгсөн хуудсыг хүчинтэй гэж үзнэ гэсэн үг. Хэдэн цэг унших ёстойг нь машинд урьдчилаад сануулчихна.

Хоёрдугаарт саналыг тоолохдоо будилах ямар ч бололцоогүй, тооллогын дүнд эргэлзэж байгаа хүмүүст нэг саналын хайрцагт байгаа бүх саналын хуудасны зургийг jpeg файлаар өгчихнө. Хүсвэл өөрөө тоол гэсэн үг. Тэр тоо нь сонгуулийн дүнтэй таарахгүй байвал заргалдаж болно. Ингэснээр сонгуулийн санал хураалттай холбоотой бүх зүйл ил болж байгаа юм. Ганцхан зүйл, З.Энхболд гэдэг хүний хэний төлөө санал өгсөн бэ гэдэг л нууц байна.

Гэтэл өчигдөр УИХ-ын гишүүн З.Энхболдын твитертээ бичсэнээр бол СЕХ-ны нөхдүүд Америкийн компанийн санал тоолох машиныг бус, Өмнөд Солонгосын компанийн үйлдвэрлэсэн машиныг сонгосон байна. Дээр хэлсэн машинтай харьцуулахад жирийн оффисийн скайнераас ялгарахгүй уг машин сонгогчдын өгсөн саналыг шууд тоолохгүй. Эхлээд саналын хуудсыг хайрцагт хийгээд санал хураалт дууссаны дараа сонгуулийн хэсгийн хорооныхон тэр хуудсуудыг авч скайнераар уншуулж тоолох гэнэ. Өөрөөр хэлбэл, санал тоолох ажиллагаанд дахиад л хүний хүчин зүйл, хэсгийн хорооныхны оролцоог суулгаад өгчихөж байгаа юм.

Тиймээс өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлын хэлэлцэхээс өмнө урьтаж УИХ-ын гишүүн З.Энхболд өчигдөр твиттертээ гишүүдэд танилцуулсан гурван компанийн машины алийг нь та сонгох вэ гэсэн санал асуулгыг явуулсан. Иргэд алийг нь сонгосон бэ гэдгийг тэр өнөөдөр хэлэх биз.

Сонгуулийн хуульд оруулсан хамгийн гол өөрчлөлт нь хагас дутуу оруулсан пропорционалийн элемент, холимог тогтолтолцооноос илүү иргэний ухаалаг үнэмлэхээр санал өгөх, санал хураалтыг машинаар явуулах хоёр. Ингэснээр нэгдүгээрт сонгогч нэг бүр нэг л удаа санал өгөх ёстой, бусдын өмнөөс санал өгөх боломжгүй болсон. Хоёрдугаарт сонгогчийн өгсөн саналыг машинаар тоолдог болсон нь хэсгийн хороод дээр аль нам эзэн сууснаас шалтгаалан санал хураалтын дүн өөрчлөгддөг хүнээс шалтгаалсан хүчин зүйл үгүй болж байгаа юм. Гэтэл СЕХ санал тоолох машинаа зөв сонгож чадахгүйд хүрвэл Сонгуулийн хуульд оруулсан бүр эерэг өөрчлөлтүүд будаа болж, сонгуулийн дүн будилах магадлалтай болчихож байгаа юм.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж