Михаил Прохоров: Одоогоор хэн ч шинэ “төлөвлөгөө” санал болгоогүй байна

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Михаил Прохоров: Одоогоор хэн ч шинэ “төлөвлөгөө” санал болгоогүй байна

Бизнесийн хүрээ тэлж, хөрөнгийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр “улс төр”-д орох нь ёс юм шиг болжээ. Тэр 2012 оны гуравдугаар сард болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбумтан Михаил Прохоров нэр дэвшихээр болсон билээ. Москвагийн санхүүгийн их сургуульд Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжил эзэмшсэн тэрээр Орост төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бизнесмэн. Оросын олигархиудын нэг гэгддэг энэ эрхэм “Онэксим” группын эзэн  бөгөөд 1980-аад оны сүүлчээр “чанамал” жинсний наймаагаар өөрийн бизнесийг эхлүүлсэн түүхтэй. Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны удирдлагын тэргүүнээр томилогдсоноор ажлын гараагаа эхэлж, Олон улсын санхүүгийн компани, “ОНЭКСИМ банк”, “Норильский никель”, “Нитеррос”, “РосБанк”, “Полюс Золото” зэрэг газарт санхүүгийн зөвлөгчөөр ажиллаж байжээ. Түүний хөрөнгийн хэмжээ 2011 оны байдлаар 18 тэрбум ам.доллар байна. Тэрээр хөнгөн цагааны “Российский алюминий”, алт олборлолтын “Полюс Золото”, эрчим хүчний “Квадра”, даатгалын “Согласие”, хөрөнгө оруулалтын “Ренессанс Капитал” зэрэг компанийн томоохон хувьцаа эзэмшигч. Түүний эзэмшилд “Живи” болон “РБК” медиа групп,”Оптоган” барилгын үйлдвэр, Америкийн сагсан бөмбөгийн “Нью Жерси Нет” баг багтдаг юм. Түүний хамгийн сүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.  
 
Томоохон амжилтад хүрсэн анхны бизнесийн санаа тань юу байсан бэ?

Хоёрдугаар курст сурч байх үед маань Орост ердийн л жинс зардаг байсан юм. Найзуудтайгаа хамтарч “чанамал” жинсний технологи нэвтрүүлснээр бизнес маань дороо л дээшилсэн. Бид их мөнгөтэй болоод хамгийн түрүүнд машин худалдан авч, охидтай зугаалж, шоудан мөнгөө үрж билээ. Тэр л үед их мөнгө жинхэнэ баяр баясгалан авчирдгийг мэдэрсэн юм. Дээд сургуулиа төгсөөд жинсний наймаагаа найзууддаа үлдээн, мэргэжлээрээ ажиллахаар болсон.

20 гаруй жилийн хугацаанд Та бизнесээ тун ч амжилттай авч явлаа. Харин 2011 оны тавдугаар сарын 14-18-нд ямар нэгэн содон, гэнэтийн зүйл танд тохиосон байх, тийм үү?
Үгүй дээ. Миний санаж буйгаар 17-ны өдөр би хорийн зайнд /20 км/ гүйсэн. Би хаяадаа ингэж гүйдэг юм. Сард нэг л удаа.

Учир нь 14-ний өдөр Та телевизээр ярилцлага өгөхдөө “Би муугүй бизнесмэн бөгөөд тун ч сэтгэл хангалуун  амьдарч байна. Одоогийн хийж байгаа бүхэн минь таалагддаг. Тиймээс өөрчлөлт хийх шаардлага үгүй” гэж ярьж байсан. Гэтэл дөрөв хоногийн дараа улс төрийн намыг даргалахаар болсон. Энэ шийдвэрт тань чухам юү нөлөөлсөн бэ гэдгийг л тодруулах гэсэн юм?
Тэр нэвтрүүлгийг эфирт цацагдахаас хагас сарын өмнө зураг авалт нь хийгдсэн  юм. Энэ хооронд маш чухал нэгэн үйл явдал болсон. Шинжээчдийг цуглуулан олон улсын эдийн засагт дүн шинжилгээ хийлгүүлж, тэр нь Орос улс болон бизнест маань хэрхэн нөлөөлөхийг ярилцдаг уламжлал тогтсон юм. Уулзалтын үр дүнгээс олон улсыг удирдаж яваа улс төрчид чадвар муутай, сул дорой байгааг ойлгосон юм. Тодорхой хэлбэл дэлхий нийтийг шинэ түвшинд гаргах шийдвэрийг тэд гаргаж чадахгүй байна. Энэ бүхэн мэдээж эдийн засгийн салбарууд, түүхий эд болоод бараа бүтээгдэхүүний үнэ ханшид шууд сөргөөр нөлөөлж байгаа нь тодорхой. Өрийн хямралыг шийдвэрлэх, дэлхийн эдийн засгийг хөгжүүлэхэд тодорхой бөгөөд ойлгомжтой шинэ бодлого, шинэ шийдвэр шаардлагатай байна. Орос улсын хувьд ч мөн л хөгжлийн хуучин хэв маягаа эвдэж, өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй байгаа юм. Гэхдээ одоогоор хэн ч шинэ “төлөвлөгөө” санал болгоогүй байна.

Ийм бодол өмнө нь төрж байгаагүй гэж үү?
Ер нь би шийдвэрийг хурдан гаргадаг л даа. Би аливаа үйл явдлыг бизнесийн байр сууринаас урьдчилан таахыг хичээж, оролдож ирсэн. Дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ ханш манай улсын татварт хэрхэн нөлөөлөх, сонгуулийн өмнөх үнэ ханшийн хэлбэлзэл гээд бүгдийг урьдчилан харж, бизнесийн үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Би хүчтэй багтай. Тиймээс над шиг амьдралын идэвхтэй хүнд баян хандивлагч байхаас өөр гарц үгүй. Эдийн засагт хөгжлийн ямар загвар хэрэгтэйг би мэдэж байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд улс төрд орохоос өөр арга зам одоогоор алга.

Ямар нэгэн улс төрч эсвэл нөлөө бүхий намын гишүүдээс зөвлөгөө аваагүй гэхэд хүмүүс итгэхгүй л болов уу?
Ямартай ч улс төрд орох шийдвэрт маань хэн нэгэн нөлөөлөөгүй гэдгийг хэлье. Энэ шийдвэр надад хэрэгтэй гэж би үзсэн. Нэг бол би бизнесээсээ сална, аль эсвэл улс орныхоо төлөө өөрийн чадварыг зориулна. Хэрэв та бүхэн хүсвэл шүү дээ. Учир нь мөнгөнд үнэн гэж байдаггүй. Бүгдийг зараад нэгэн сайхан арал дээр дураар амьдарч болно. Гэхдээ би өөр байр суурьтай. Тэр нь амьдралд идэвхтэй байх. Би бизнесээ сайн явуулахын тулд улс орны маань эдийн засаг болоод улс төрийн байдал тогтвортой байх хэрэгтэй. Энэ бүхэн тийм ойлгомжгүй байна  гэж үү?

Гэхдээ л “Правое дело” намыг тэргүүлэх чигийг хэн өгсөнийг тодорхой хэлж болохгүй гэж үү?

Тэр хүн одоо Цагаан ордонд ч, Ерөнхийлөгчийн албанд ч ажилладаггүй. Тэр зүгээр л “Энэ тухай бодож үзэхгүй юм уу?” гэж асууж байх үед нь би шууд л “Үгүй ээ, би улс төрд сонирхолгүй” гэж хариулж байсан юм.

Тэгээд хэзээ бодлоо өөрчилж түүн рүү ярьсан бэ?

Тэр хүн бол анхны санал тавьсан хүн биш юм шүү. Анхных нь миний эгч. Гэр бүлд ямар нэгэн үл ойлголцол байж болохгүй учир бид хоёр нэлээд зөвлөлдсөн. Шийдвэрт хүрсэнийхээ дараа би тэр хүн рүү утсаар ярилгүй шуудангаар захидал илгээсэн юм л даа. Харин тэр нь хэвлэл мэдээллийнхэнд хүрсэн байна лээ.

Тэгэхээр нууцлагдмал ноёнтон шийдвэрийг тань хэвлэл мэдээллээс мэдэж авсан байх нь ээ?
Тийм. Тэр даруйдаа над руу утсаар ярьсан. Мөн өөр бусад хүмүүс ч ярьсан.
 
Та 2007 онд “Коммерсанть” сонинд өгсөн ярилцлагадаа “Бүгд л өөр өөрийн ажлаа хийх ёстой. Бизнесмэн байхыг хүсвэл бизнесээ л хий, улс төрч байхыг хүсвэл бизнесээ зар” гэж хэлж байсан. Одоо Та энэ зарчмаа мөрдөх үү?
 Би бизнесийнхээ удирдлагыг өөрийн менежерүүдэд шилжүүлсэн. Энэ оны тавдугаар сараас би намыг удирдах болсноос хойш нэг секунд ч бизнес хийсэнгүй. 

Зарна гэдэг нэг хэрэг, удирдлагыг шилжүүлнэ гэдэг огт өөр ойлголт шүү дээ?
Түүхий эдээс гадна би өндөр технологийн салбарт бизнес эрхэлдэг. Миний мөрийн хөтөлбөрөөс үүнийг сайн ойлгох болно.

Орос орны өнөөгийн байдал Таны нүдээр…?

Бид нефтиэс өөр юу ч үйлдвэрлэхгүй байна. Дэлхийн зах зээлд нефтийн ханш унахад бид мөнгөгүй болдог. Сүүлийн 25 жилийн хугацаанд Орос улс юу ч үйлдвэрлээгүй. Үүнийг сэргээхэд урт удаан хугацаа зарцуулна. Тэгэхээр барууны орнуудаас үйлдвэрлэл худалдаж авч болно шүү дээ.

Худалдаж авах гэж оролдсон боловч татгалзсан шүү дээ?
Шууд худалдаж авахыг хэлээгүй юм. Хөрөнгө оруулагчдыг эх орондоо дуудах хэрэгтэй юм. Бид Европт юү өгч чадах вэ? Асар уудам газар нутаг, огт ашиглагдаагүй гэж хэлж болох газрын баялаг. Одоо дэлхийд супер төлөвлөгөө л хэрэгтэй. Энэхүү төлөвлөгөө нь Орос байх ёстой. Бидэнд дэд бүтэц, боомт болон шинэ үйлдвэрлэл барьж байгуулахад асар их хөрөнгө оруулах бүрэн боломж бий. Гэхдээ хөрөнгө оруулагчид биднээс айж байна. Учир нь бидний улс төр, эдийн засгийн бодлого тэдэнд ойлгомжгүй, тодорхойгүй байна. Орос улс  байгалийн хийн  бүхий л асуудлаа авч хаяад Европтой хамтарч ажиллаж болох юм.

Одоогийн Ерөнхий сайд Засгийн газрыг тэргүүлж буй энэ үед хууль тогтоомжид  нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой гэж Та үзэж байна уу?

Путин шиг маш хүчтэй ганц хүн байгаад бүхэл бүтэн улс орныг аварч чадахгүй.

Таны санал болгож буй шинэчлэлийг тэрээр хүлээж авах болов уу?
Мэдэхгүй. Гэхдээ ямар ч хүн нөхцөл байдал хэцүү байгаа үед өөрчлөгдөх чадвартай байдаг.

Сүүлийн арван жилийн хугацаанд Путин өөрчлөгдсөнийг Та анзаарсан уу?
Тийм гэж бодож байна.

Юу нь өөрчлөгдсөн гэж?
Төрийн эрхэнд гарсан эхний жилдээ түүний удирдлагын загвар идэвхтэй, шинэлэг байсан. Дараа нь загварын нөөц  дууссан. Тухайн үедээ шинэ загварт хурдан шилжиж чадаагүй учир улс орон зарим нэг талаар хөгжлийн хурдацаа алдсан. 

Өөрөөр хэлбэл Путин муу тал руугаа өөрчлөгдсөн хэрэг үү?

Би яг тэгж хэлэхгүй. Сайн, муу аль аль тал нь тэнцүүхэн.

Үүнийг маш тодорхой өөчрлөлт гэж хэлэхгүй л болов уу. Томоохон, олонд мэдэгдэхүйц ямар нэг өөрчлөлтийг Та ажиглаагүй юү?

Олон нийтэд мэдэгдэхүйц ямар өөрчлөлтүүд гаргасан нь сонгуулийн үр дүнгээс тодорхой харагдана.

“Правое дело” намыг даргалах шийдвэр гаргахаасаа өмнө Та Медведев болон Путин нартай зөвлөлдсөн үү?
Эхлээд би шийдвэрээ гаргачихаад мэдэгдсэн. Харин дараа нь Медведев, Путин нартай уулзсан. Хүлээн авах руу нь ярьж уулзалтын цаг хүссэн.

Путин Тантай уулзахдаа юу ярьсан бэ?
Бид хоёр миний үзэл бодол, төлөвлөгөөний тухай ярилцсан. Тэрээр “Сайн байна!” гэж хэлсэн.

Тэгвэл Медведев?

Тэр илүү их сэтгэлийн хөдлөлтэй байсан гэж бодож байна. Миний бодлоор тэр “Правое дело” нам албан ёсоор танилцуулагдах ёстой гэж үзэл бодолтой байсан. Бид энэ талаар бага зэрэг маргалдсан. 

Та Ерөнхий сайд болоход бэлэн гэж мэдэгдсэн. Засгийн газрын тэргүүн болсноор Та хэнийг хамгийн түрүүнд албан тушаалаас нь өөрчлөх вэ? Путиныг уу? Учир нь улс орны нөхцөл байдлыг Та өнөөгийн Ерөнхий сайдаас илүү харж, дүгнэж байна гэж ярианаас тань ойлгогдож байна?
Хэрэв хөтөлбөр миний үзэл бодолтой нийцвэл би Ерөнхий сайдаар ажиллахад бэлэн. Би амьдралтай үргэлж азтай байж, тэргүүлэгчээр ажиллаж ирсэн. Өөрөө стратегийн төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлж байлаа.

Ерөнхийлөгчийн хөтөлбөрийг Та хэлж байна уу?
Тэгэлгүй яахав. Ерөнхийлөгчийн бодлоготой шууд нийцэхгүй ч зарим нэг зүйл дээр үзэл бодол огтлолцож байх нь чухал. Одоо төрийн өндөрлөгт байгаа бүхэн бүгдээрээ ухаантай гэдэг нь маргаангүй. Гэхдээ тэдний зарим нь үйлдвэрийн дарга, орон нутагт губернатороор ажиллаж үзээгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл тэдний зарим шийдвэр зөв байдаг ч заримдаа мэргэжлийн мэдлэг чадвар дутагддаг гэдгийг хэлэх гээд байна л даа.

Ямар учраас Та Путиныг шүүмжлэхгүй, улс төрийн бодлогын системийг шүүмжлээд байгаа юм бэ?
Хэрэв би “сул засаглал” гэж ярьж байвал Путиныг мөн л шүүмжилж байна гэсэн үг. Өнөөгийн байдалд хүргэсэн бодлогын системийн загварыг бий болгоход тэр оролцсон учраас тэр. Гэхдээ тэр ганцаараа оролцоогүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй.  

Нэг зүйл ойлгомжгүй байна. Та нэгмөсөн улс төрд орохоор шийдэв үү, аль эсвэл бизнестээ буцаж очих уу?
Тав магадгүй түүнээс олон жил улс төрд ажиллаад миний чадах зүйл биш гэдгийг би ойлговол бодит байдалтайгаа эвлэрэх болно. Өөртөө потецниал бий гэдэгт итгэдэг. Харин үүнийгээ одоо амьдрал дээр шалгах хэрэгтэй.

Ямар ч байсан улс төрд таван жил болох нь тодорхой байх нь?
Тийм. Энэ маш чухал бөгөөд урт удаан хугацааны төлөвлөгөө байх болно. Миний төлөвлөж буйгаар 15 жил байх болов уу.

Яагаад 15 жил гэж?
Энэ нь эдийн засгийн хямрал хоёр удаа тохиох хугацаа юм. Аливаа бизнес хямралыг хоёр удаа давж чаддаг байх ёстой.

Ингэхэд Та Еруда Краноярскийн тосгонд олон жил амьдарч байгаа. Тэгэхээр Москвагийн иргэншилгүй юм  байна?
Гэхдээ Москвагийн түр бүртгэлээ үзүүлж болно шүү.

Танд ийм бичиг ямар хэрэгтэй юм бэ? Тэртээ тэргүй Таныг ямар ч цагдаа зогсоож шалгахгүй шүү дээ?

Орос улсын иргэний хувьд хуулиа хүндэлж, хуулийн дагуу л амьдардаг

Таны хувийн амьдралын талаар бага зэрэг яриа өрнүүлье. Өөрийн кикбоксын чадвараа амьдрал дээр хэрэгжүүлж байсан удаатай юу?

Оюутан байхдаа дисконы үеэр 2-3 удаа нударга зөрүүлж байсан.

Та одоо бүжигт явдаг уу?
Сард нэг удаа. Бүжиглэж байгаа хүмүүсийг харах дуртай. Ямар нэгэн сайхан эрч хүч, энерги мэдрэгддэг юм. 

Та кикбоксчин. Тэгэхээр бие хамгаалагчийн хэрэг гардаг уу?

Миний бие хамгаалагчид илгээмж хүргэх, эмэгтэй хүн угтах зэрэг ахуйн ажил гүйцэтгэдэг.

Эмэгтэй хүн гэснээс Та хэзээ гэрлэх гэж байна?
Би хайр дурлалд итгэдэг. Бусдын л адил сэтгэлийг минь булаах бүсгүйтэйгээ учрах тэр цаг хугацааг хүлээж байна.


Э.Оджаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж