Гурван мөрний сав, Хэрлэн мөрний эхэнд орших Мөнгөнморьт сум улсын тусгай хамгаалалттай бүс нутагт хамаарагддаг. Байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газарт амьдардаг тус сумынханд бахархах зүйл олон ч тулгамдсан шийдвэрлэх асуудал түүнээс их байгааг “Монгол хүн 2020-Мөнгөнморьт” хэлэлцүүлгийн үеэр Мөнгөнморьтчууд хөндөцгөөсөн юм.
Иргэд эрүүл мэндийн наад захын үзлэг үйлчилгээнд Багануурт бус сумандаа хамрагддаг баймаар байгаагаа онцолсон. Эрүүл мэндэд хор нөлөөгүй ундны ус хэрэглэх, 12 жилийн сургуультай болох хүсэлтэйгээ илэрхийлцгээсэн. Иргэдийн хувьд хамгийн тулгамдсан асуудлаа ажилгүйдэл хэмээн тодорхойлж ажилтай орлоготой болмоор байна гэцгээж байлаа. Нийгмийн суурь үйлчилгээг сум орон нутагтаа авч чадахгүй юм бол сум гэж бие даасан засаг захиргааны нэгж байсаны хэрэггүй хэмээн тодотгоцгоосон юм. Суманд эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээг сайжруулах, тэдгээр салбарт ажиллаж байгаа багш, эмч нарын ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах шаардлагатай гэсэн юм. Тус сумын хүн эмнэлэгт өнөөдрийн байдлаар нэг ч их эмчгүй, гурван бага эмчтэй үйл ажиллагаа явуулдаг аж. Ажилладаг нэр зүүсэн сумынхаа эмнэлэгт иргэд нь сэтгэл гонсгор буйгаа илэрхийлсэн.
Түүнчлэн тус суманд сүүлийн үед согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн гаралт ихсэж иргэдийн сэтгэл түгших болсон гэнэ. Согтуу эр жирэмсэн эхнэрээ зодож аминд нь хүрсэн аймшигт хэргийн тухай ярьж цагдаагийн хүч дутмаг, ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл хүнд, айлаар толгой хорогддог гэлээ. Тиймээс сум орон нутгийг зорьж ирэн ажиллаж буй залуу боловсон хүчнийг амьдрах нөхцлөөр бүрэн хангах шаардлага байгааг ч хэллээ.