S&P: Монголын эдийн засгийн төлөв өөдрөг байна

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

S&P: Монголын эдийн засгийн төлөв өөдрөг байна

“Standard&Poors” байгууллагын Зэрэглэл тогтоох хэсэг Монголын эдийн засгийн төлвийг өмнө нь "тогтвортой"-д тооцож ангилсан байсныг "эерэг" үзүүлэлттэй ангилал руу оруулжээ. Энэ тухай S&P өчигдөр гаргасан Монголын эдийн засгийн төлвийн талаарх илтгэлдээ тэмдэглэсэн байна. Гэхдээ Монгол улсын зээлжих зэрэглэлийг хэвээр нь үлдээсэн байна. Тус байгууллагын тогтоосон зэрэглэлээр бол Монгол улсын зээлжих зэрэглэл урт хугацааных нь (BB-), харин богино хугацааных нь (B) байгаа юм. “S&P”-ын Монголын эдийн засгийн төлвийн талаар гаргасан тайланд 2014 он гэхэд манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлт үлэмж хэмжээгээр өснө гэдгийг онцолжээ. Энэхүү тайланд дурдсанаар, энэ жил манай улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ  2973 ам.доллар байгаа бол 2014 онд 6560 ам.доллар болох ажээ.

“Олон улсын валютын сан”-гийн өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан тайлангаар бол, манай улсын уул уурхайн салбар хөгжихийн хэрээр, Монголын эдийн засгийн өсөлт Хятадын үзүүлэлтээс хоёр дахин их байх бөгөөд 2013 онд 23 хувиар нэмэгдэх боломжтойг дурджээ.

Үүнээс гадна “S&P” Монгол улс банк санхүү, мөнгөний бодлогоо сайжруулбал Засгийн газрын зээлжих зэрэглэл нь дээшлэх боломжтойг тайландаа тэмдэглэжээ.

Төр засгийн бодлогогүй байдал, эрдэс баялагт шүтсэн эдийн засаг нь Монголын зээлжих зэрэглэлд эсрэг нөлөө үзүүлэхийг ч мөн S&P дурджээ.

 Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж