УИХ-ын дарга төрийн ёс зүйг шинжлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга төрийн ёс зүйг шинжлээ

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнгөрсөн зун удирдахуйн ухааны доктор цол хамгаалсан юм. Тэрбээр төрийн ёс зүйг шинжин “Ёс зүйт төр” гэсэн ном бичсэн нь дөнгөж сая хэвлэлтээс гарчээ. УИХ-ын дарга өнөөдөр номынхоо дээжээс парламентын номын санд бэлэглэлээ.

“Төрийн албаны ёс зүйн уламжлал, шинэчлэл”, “Төрийн албаны ёс зүй, түүний гажуудал”, “Төрийн албаны ёс зүйг хэвшүүлэх арга зам” гэсэн үндсэн гурван бүлэгтэй бүтээлдээ Д.Дэмбэрэл дарга  эрх мэдэл, албан тушаал хөөцөлдөхийн ёс суртахууны шинж төлөв, хүнд сурталжсан ёс зүй, албан хаагчийн хувийн болон нийтийн сонирхлын зөрчил, авлига, түүнийг ялах тэмцэл, удирдлагын ёс зүйг төлөвшүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоо, ёс зүйн кодекс, түүнийг хэрэгжүүлэх арга зам зэрэг асуудлыг авч үзжээ.

Нүүдэлчдийн шударга ёсны үнэ цэнээс авахуулаад өнөө цагийн хариуцлагатай төр, сайн засаглалын үеийн ёс зүй хүртлэх ёс суртахууны зарчмыг УИХ-ын бүтээлдээ тусгаж, мөн 1990 оноос хойших байнгын ажиллагаатай парламентын гишүүд, үе үеийн Ерөнхийлөгч, 1990 оноос өнөөг хүртэлх Ерөнхий сайд, Үндсэн хуулийн Цэцийн дарга нар, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид, Улсын ерөнхи й прокуроруудын гэрэл зургийг хавсаргажээ.

УИХ-ын дарга номын санд номынхоо дээжээс бэлэглэхдээ “Бодит байдал дээр төр ёс зүйтэй, хууль дээдэлдэг байж гэмээнэ ардчилсан төр болж чадна. Би энэхүү номдоо төрийн нийт албан хаагчийн ёс зүйг тусгахаасаа илүүтэй төрийн удирдах албан тушаалтан, түүний дотор улс төрийн албан тушаалтнуудын ёс зүйн байдлыг тусгайлан авч үзлээ. Түүнчлэн олон мянган жилийн баялаг өв сантай монгол төрийн удирдлага, түүний ёс зүйн түүхэн уламжлалыг цаг үе, нөхцөл байдлын өөрчлөлттэй нь уялдуулан өнгөрсөн 20 жилийн үйл явдалд тулгуурлаж бичсэн. Мөн хэвлэл мэдээллийн томоохон бүлэгт хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд төрийн удирдах хүмүүсийн дүр төрхийг хэрхэн тодорхойлж байгаа талаар тусгасан” гэсэн юм.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж