Тэрбээр маргаантай байдаг Хөшөөтийн уурхайн асуудлыг хөндсөн байна. Ховд аймгийн Дарви, Цэцэг сумдын нутагт орших Хөшөөтийн нүүрсний уурхайг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мон Эн Ко” компани эзэмшиж байгаа. Орон нутгийн иргэд, төрийн бус байгууллагуудын зүгээс уг ордыг стратегийн ордод хамруулах асуудлаар удаа дараа шаардлага, хүсэлтээ илэрхийлж, тойргоос сонгогдсон гишүүний хувьд С.Бямбацогт гишүүн уг асуудалд анхаарч ирсэн байна. Тэрбээр сайдад тавьсан асуулгадаа “Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Улсын Их Хурлын зургаан гишүүн, түүний дотор Ховд аймгаас сонгогдсон хоёр гишүүн “Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулахгүй хамгаалж байна, уг уурхайгаас сонгуулийн санхүүжилт авсан” гэсэн агуулгатай мэдээлэл тарах боллоо.
Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.13, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Танд дараах асуулгыг тавьж байна. Үүнд:
- Дээр дурдсанчлан Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулахгүй байх ашиг сонирхлын үүднээс тодорхой үйлдэл болон эс үйлдэл гаргаж танай яаманд хандсан гишүүдийн талаар мэдээлэл байвал энэ талаараа олон нийтэд ил тод мэдээлнэ үү.
- “Мон Эн Ко” компани өөрийн албан ёсны сайтдаа уг ордыг 460.0 сая тонн нөөцтэй гэж мэдээлсэн ба Хонгконгийн хөрөнгийн бирж дээрх танилцуулгадаа 2.5-4.5 тэрбум тонн нөөцтэй гэсэн байна. 2008-2010 онд хийгдсэн хайгуулын үр дүнд уг ордын нөөц ямар хэмжээтэйгээр тогтоогдсон, энэ нь стратегийн ордод хамрагдах нөхцлийг хангаж байгаа эсэх, уг ордыг цаашид стратегийн ордод оруулах эсэх талаархи яамны албан ёсны байр сууриа илэрхийлнэ үү.
- Хөшөөтийн уурхайд түшиглэн байгуулахаар төлөвлөсөн 36 мегаваттын цахилгаан станцын төсөл, тооцоо, техник эдийн засгийн үндэслэлийг танилцуулна уу. Жилд 8.0 сая тонныг олборлох боломжтой гэж мэдэгдэж байгаа уг уурхайн нөөцийг 85.7 сая тонн гэж үзвэл аравхан жилийн дотор нөөц нь дуусахаар байна. Гэтэл ийм ордыг түшиглэн цахилгаан станц барих нь эдийн засгийн хувьд үр ашигтай төсөл мөн үү?
- 2011 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр МОЭНКО ХХК, Ховд аймгийн хооронд хамтран ажиллах гэрээ хийгдсэн ч гэрээний хэрэгжилт туйлын хангалтгүй байгаагийн зэрэгцээ Улсын төсөвт төлөх ёстой татварын үүргээ биелүүлэхгүй байгаа, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахгүй байгаа, орон нутгийн иргэдэд үнэгүй нүүрс өгч байгаа гэх боловч бодит байдал дээрээ хөрс хуулалтын хаягдал нүүрсээ өгч байгаа тухай мэдээлэл ирж байна. Энэ тал дээр танай зүгээс тавьж буй хяналт, анхаарч байгаа зүйл бий юу ?
- Уурхайн олборлолтын улмаас байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах талаар хийгдээд байгаа болон цаашид хийгдэх ажлын талаар тодорхой мэдээлэл өгнө үү.
Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж, улмаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье” гэжээ.