Булган аймагт “Хатан ухаан” танхим нээжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Булган аймагт “Хатан ухаан” танхим нээжээ

Монголын анхдагчдын өлгий нутаг Булган аймагт “Хатан ухаан” танхимын орон нутаг дахь анхны салбарыг нээжээ. Хатан ухаан танхимыг нээж,  Монгол суу ухааны "Манукол" академийн ерөнхийлөгч, доктор З.Бат-Отгон хэлсэн үгэндээ ‘’Монгол Улс дэлхийн дайдад сэтгэж, дэлхийн дайдад хийж бүтээж, дэлхийн дайдад засаглалыг тогтоож, дэлхийн дайдад бадрахуй, засаглахуйн гайхамшиг болж явсан. Хаан төгс ухаан, хатан цэцэн ухаан гэдэг бол Монгол Улсыг гэгээрлээр засаглах, засаглахуйн дээд мэргэжилтэн болох хүмүүс эзэмшдэг ухаан.  Монголд төдийгүй дэлхийд засаглахуйн дээд мэргэжилтнүүд үгүйлэгдэж байна. Монгол суу ухааны Манукол академи, түүн дотроо “Хатан ухаан” танхим байгуулагдаад жил гаруй хугацаанд Улаанбаатар хотод олон сэхээлэг, оюунлаг эмэгтэйчүүдийг нэгтгэж,  хатан ухаанд боловсруулах үйл ажиллагаа явуулж байна. Бидний үйл ажиллагаа Улаанбаатараас халиад өнөөдөр булган сүүлтэй Булган нутгийн хөрс шороон дээр бууж,  “Хатан ухаан” танхимын салбараа  хамгийн  анхдагч болгон байгуулж байна. Бидний үйл ажиллагаа Монголын  21 аймаг, 300 гаруй сумдаар үргэлжлэн, үндэсний хэмжээний хэмжээнд өргөжин тэлнэ   гэдэгт эргэлзэхгүй байна’’ гэсэн байна.

“Хатан ухаан” танхимын салбарыг Булган аймагт байгуулах саналыг Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, ‘’New mind’’ компанийн захирал, Г.Идэрмаа гаргаж, түүний ивээн тэтгэлгээр үйл ажиллагаа явуулах байр танхим, техник хэрэгслээр бүрэн  хангасан байна.  Нээлтийн ажиллагааны үеэр “Хатан ухаан” танхимын тэргүүлэгчид шинээр үүд хаалгаа нээсэн тус салбар танхимын тэргүүн Г.Идэрмаад  судар барьсан Сорхагтани Бэхи хатны сваровски шигтгээтэй хөрөг бэлэглэж, ‘’Хаан алдах эрхгүй, хатан урвах эрхгүй, харц цөхрөх эрхгүй’’ гэсэн “Хатан ухаан” танхимын уриаг товойлгон бичсэн эрхэмж гардуулжээ.  Мөн салбар танхимд  тусгай сургагч багш нарыг урин булганчуудад Монгол суу ухааны талаар   сургалт явуулах боломжтой болж,  доктор З.Бат-Отгоны Монгол суу ухааны 100 цуврал лекц, 10 боть номоор  шинээр нээгдэж буй танхимын номын санг баяжуулжээ.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж