“Улаанбаатар таймс” сониноос мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар таймс” сониноос мэдээлэл хийв

“Улаанбаатар таймс” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга З.Урансүх, тоймч Х.Алтанцэцэг нарын сэтгүүлчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Сүүлийн үед “Улаанбаатар таймс” сонины хувьчлалтай холбоотой асуудлаар улс төржсөн мэдээ, мэдээлэл гарах болсон нь тус сонины сэтгүүлчид ажлаа тайван хийж чадахгүйд хүргэж байна гэлээ. Сонины сэтгүүлчдийн зүгээс хувьчлалыг улс төржүүлэхгүй, сэтгүүлчдийг тайван ажиллах нөхцөлөөр хангахыг хүсч байгаа аж.  Тэд  “2011 оны  наймдугаар сарын 26–нд болсон нээлттэй дуудлага худалдаагаар  “Улаанбаатар таймс” сонины 60 хувь зарагдаж, хамт олон бид 40 хувиа эзэмших болсон. Сүүлийн үед манай сонинг хуучин хэвлэх үйлдвэрийн хамт дахин золионд гаргах санаархал гаргаж, янз бүрийн мэдэгдэл хийж байгаад харамсч байна. Дашрамд дуулгахад, дуудлага худалдаа явагдсанаар бидний хаягдсан эрх ашиг сэргэж эхэлсэн, улстөрчдийн  ашиг сонирхол болоод байгаа хэвлэх үйлдвэрээс салсан гэдгийг онцолж хэлмээр байна” гэсэн юм. Тус сонины 60 хувь нь зарагдсан хэдий ч өмнө нь ажиллаж байсан 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй сэтгүүлчдийн баг хэвээрээ байгаа аж. Тус сонинд амьдралынхаа 20 жилийг зориулсан хүн ч байгаа гэнэ. Тиймээс хамт олныхоо эрх ашгийг хамгаалах хэрэгтэй гэдэг байр суурийг тэд илэрхийлж байгаа аж.

83 жилийн түүхтэй Монголын ууган хэвлэлийн нэг  “Улаанбаатар  таймс” сонин 10 гаруй жил менежментийн хувьчлалтай холбоотойгоор сонины үйл ажиллагаа доголдон, сэтгүүлчдийн бүтээлч үйл ажиллагаанд бодитой саад учирч ирсэн болохыг сонины ууган сэтгүүлчид хэлж байна.

“Улаанбаатар таймс” сонины хувьчлал, газрын маргаантай  холбооотой хэргийн шүүх хурал удахгүй Захиргааны хэргийн шүүхэд болох юм байна. Тус шүүх хуралд “Улаанбаатар таймс” сонины сэтгүүлчдээс  төлөөлөл оролцох хүсэлтээ байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж